E.Кобаяаши: Монгол компаниуд Японы зах зээлийг ирж судлах ёстой

Mongolian Economy
2020-09-17 11:16:53

Mongolian Economy сэтгүүлийн Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тусгай дугаарт зориулж “Иточү” корпорацийн ТУЗ-ийн дарга Ёйчи Кобаяашитай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Монгол-Японы эдийн засгийн хороог тэргүүлдэг бөгөөд 45 жилийн түүхтэй уг хорооны ерөнхийлөгчөөр өнөөг хүртэл Иточү корпорациас сонгогдож ирсэн билээ.

-Монгол-Японы эдийн засгийн хорооны талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Монгол-Японы эдийн засгийн хороо 1972 онд байгуулагдсан. Хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. Үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй яривал хоёр улсын төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм. Ямар ажил хийх хэрэгтэй талаар өөр хоорондоо санал солилцдог энэхүү уулзалт маань уламжлал болон тогтоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Японд айлчлах бүрдээ манай хорооны гишүүдтэй хамт өдрийн хоол иддэг нь бидэнд маш сайхан санагддаг. Энэ дашрамд бид Монгол, Японы эдийн засгийн талаар мэдээлэл солилцож, бидэнд ажлаа тайлагнах боломж олгодог. Мөн айлчлалынхаа үеэр янз бүрийн хүлээн авалтад биднийг үргэлж урьж оролцуулдаг. Эдгээр нь Монголын олон салбарын хүмүүстэй танилцах боломж олгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинэ санаагаа солилцоход тус болдог юм.

Мөн Монгол Улсын Элчин сайд болон Элчийн сайдын яамнаас тусгай уулзалт зохион байгуулж бидэнтэй санал солилцдог.

-Японы хувийн хэвшлийн саналыг Монголын төр хэр нааштай хүлээн авдаг вэ?

-Монголд хөрөнгө оруулагчид маш олон газарт хандах хэрэгтэй болдог. Жишээлбэл, Зүүн Өмнөд Ази манай оронтой хэрхэн хамтарч ажилладаг тухай тайлбарладаг. Энэ бүс нутгийн орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад бүх үйлчилгээг нэг дороос үзүүлдэг “One stop shop” гэх байгууллагатай. Яг ийм гадаадын хөрөнгө оруулалттай компанийн асуудал хариуцсан нэг төв байгууллага байгуулахыг Монголын Засгийн газарт олон жил санал оруулсан. Үүний үр дүнд тус байгууллага одоо байгуулагдаж байгаа гэж дуулсан.

Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй компаниуд ямар хүндрэлтэй учирдгийг бид хүлээж аваад Японы Эдийн засгийн яам, Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдээлэх замаар асуудлыг шийдвэрлэж ирсэн. Өнгөрсөн жил байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт ч бидний санал туссан.

-Япон-Монголын төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд юун дээр санал нэгдэж бас нэгддэггүй вэ?

-Хоёр тал санал амархан нэгддэг. Яагаад гэвэл хоёр улсын худалдааг хөгжүүлье гэж бүгд зорьж байгаа учраас. Санал нэгдэж чаддаггүй зүйл гэвэл бидний зүгээс тавьсан хүсэлтийг Монголын тал биелүүлж чаддаггүй асуудал. Өмнө хэлсэнчлэн One stop shop байгуулаад, тэр дотроо Японы хариуцсан хэлтэс ажиллаад, япон хэл дээр танилцуулга материал бэлдээд, япон хэлтэй хүмүүс ажилладаг бол япон компаниуд орж ажиллахад тун дөхөм болно. Харамсалтай нь Монголд боловсон хүчин хүрэлцдэггүй.

Бас нэг бэрхшээл нь Монголын тал яг юу Япон руу экспортлох гэж буй, тэр нь хэр чанартай бүтээгдэхүүн болохыг хэлж мэддэггүй. Ийм л зүйл дээр жаахан зөрчилддөг.

Саяхан Эдийн засгийн яамтай уулзахад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр маань хэрэгжээд эхэлсэн боловч хоёр орны худалдаа өсөхгүй байгаа тухай ярьж байсан. Монгол компаниуд энэ хэлэлцээрийг хэрхэн ашиглах, бичиг баримт бүрдүүлэлтийн талаар ямар ч мэдлэггүй байгаа нь тодорхой болсон. Үүн дээр үндэслээд Японы Засгийн газар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрхэн ашиглах талаар Монголд семинар зохион байгуулах шийдвэр гаргасан. Хэд хэдэн семинар болох байх.

Монголчууд огт судалгаа хийхгүй байх шиг санагдаж байна. Компаниуд болон төрийн төлөөлөгчид  Японд улам их ирэх хэрэгтэй. Тэгж байж энэ зах зээлд юу хийх ёстойгоо мэднэ.

-Иточү корпораци Монголд орж ажиллах болсон нь ямар түүхтэй вэ?

-1972 оноос буюу Монгол-Япон Улс дипломат харилцаа тогтоосон тэр жилээс эхлэлтэй. Монголд хийсэн эхний ажил нь ноолуур боловсруулах тоног төхөөрөмж Монголд нэвтрүүлсэн. Энэ салбарт олон жил ажилласан. Дараагаар нь Эрдэнэт үйлдвэрийн зэс боловсруулах үйлдвэрлэлд орж ажилласан. Мөн нүүрсний цахилгаан станц барих төсөл боловсруулж байсан. Сүүлийн үед “Toy­ota Land cruiser” машиныг Монгол руу экспортолж байна. Үүнийгээ өргөжүүлж Монголын ард түмний аж амьдралд хэрэгтэй эд бараа экспортлоход сүүлийн хэдэн жил үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Мөн Японы Засгийн газрын тусламжийг хэрэгжүүлэгч компани гэдэг утгаараа цахилгаан станцуудын шинэчлэл, засварын ажилд оролцож байна. Гэхдээ “Иточү” нэрээр бус туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгэмд хувь нэмэр оруулах үүднээс соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ хүрээнд манай “Itochu aoyama art square” гэж танхим бий. Энэ танхимд бид хоёр орны уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж байсан. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар каллиграфи бичиж оруулж байлаа. Энэ үеэр Японд газар хөдөлснөөс хойш яг дөрвөн жил болж байсан учраас үзэсгэлэнд оролцсон улс төрчдөөс хандив цуглуулж, газар хөдөлсөн орон нутгуудад хандивласан.

-Японы зах зээлд Монголоос эрдэс бүтээгдэхүүн авах эрэлт хэрэгцээ бий юү?

-Хэрэгцээ бий. Манайх Австрали, Индонезоос жилд 700 мянган тонн нүүрс импортолдог. Зөвхөн Австрали ч бус Перу, Чилээс импортолж байна. Тэгэхээр хэрэгцээ бол бий. Гэвч Монголын нүүрс зөвхөн Хятад руу явчихаад байна.

-Япон Улсыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг ихээхэн дэмжиж байгаа гэж ойлгодог. Тэр дундаас Монголоос импортлох сонирхолтой гэж дуулсан.

-Ерөөс дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байгаа. Ялангуяа Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад осол гарснаас хойш түүнээс татгалзах хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн. Түүнийг орлуулах хамгийн эрүүл эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч болоод байна.

Японы хувьд сэргээгдэх эрчим хүч бараг байхгүй. Уран, байгалийн хий, нүүрс импортолж эрчим хүч үйлдвэрлэж байна. Бага хэмжээний ус, нарны, салхин цахилгаан станц бий. Ирээдүйд эрчим хүчний гол эх үүсвэр нь сэргээгдэх нөөц байна гэж төсөөлж байгаа. Тийм учраас Монгол дахь сэргээгдэх хүчний нөөцийг сонирхож буй компаниуд олон бий.

Эрчим хүч үйлдвэрлэхэд хоёр гол асуудал бий. Нэг нь байгаль орчинд хөнөөл багатай байх, хямд байх. Харамсалтай нь хамгийн хямд өртөгтэй нүүрс нь байгальд маш их хортой, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үнэ хамгийн өндөр байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Япон Засгийн газар байгальд ээлтэй эрчим хүчинд татаас өгөх замаар хэрэгжүүлж байгаа. Монголд ч ийм арга хэмжээ авахгүй бол сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэхэд хэцүү салбар.

-Япон бизнесийн зарчим, онцлогийг та юу гэж хэлэх вэ?

-Нэг том онцлог нь япон компаниуд хүнийг маш их чухалчилдаг. Нэг илрэл нь ажлаас халах тухай ойлголт байхгүй. Тухайн хүнийг тэтгэвэрт гартал тэр компанид ажиллах нөхцөлийг нь хангасан байдаг. Компанид хамаарах маш олон төрлийн хүмүүс бий. Ажилчид, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч гэх мэт. Америк компаниуд хувьцаа эзэмшигчдээ илүү чухалчилдаг. Харин япон компаниуд ажилчдаа өөрсдийн гэр бүл шиг үзэж, хайрладаг.

Мөн удаан хугацаанд бодож, төлөвлөдөг. Шийдвэр гаргатлаа уддаг боловч, шийдвэр нь урт хугацааны төлөвлөгөө байдаг учраас аливаа компанитай урт хугацаанд хамтран ажиллахыг зорьдог.

Япон Улс баялаг багатай. Тиймээс хүнээ хөгжүүлж хөгжихөөс өөр арга замгүй гэдгийг ухаарсан. Мэйжийн хувьсгалаас хойш Япон орон хөгжсөөр ирсэний гол хүчин зүйл нь боловсон хүчин. Бид хүнээ хөгжүүлэх, хайрлан хамгаалахад бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Мэйжийн хувьсгалаар Европын олон соёл нэвтэрсэн боловч гол анхаарлаа хүний хөгжилд чиглүүлж, тэр хүмүүс нь өнөөгийн хөгжлийн суурь болж өгсөн.

Монгол баялагтай, Япон технологитой орон. Үүнийг хослуулж чадвал эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр болно гэж боддог.

-Японы зах зээлд сүүлийн үед ямар шинэ чиг хандлага ажиглагдаж байна вэ?

-Шийдэх ёстой хоёр асуудал байна. Японы хүн ам хөгширсөн. Хүн ам жилд нэг саяар цөөрч байна. Үүний шийдэл нь төрөлтийг дэмжих мөн боловч тэр хүүхдүүд насанд хүртэл дор хаяж 20 жил хэрэгтэй.

Эл асуудалд хоёр гарц бий. Нэг нь аж үйлдвэрийн хувьсгал хийж, бага хүчээр их бүтээмжтэй ажиллах. Нөгөө нь хөдөлмөрийн харилцаанд орж чаддаггүй эмэгтэйчүүд, өндөр настнуудыг ажиллах боломжоор хангах. Нэмээд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй. Товчхондоо ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлэх гэсэн хоёр шинэчлэл хийх ёстой. Энэ нь цаашдын эдийн засагт нөлөөлөх том өөрчлөлт болох байх.

Хоёр дахь асуудал нь Япон шиг худалдаа, хөрөнгө оруулалтын том оронд чөлөөт худалдааны систем их чухал. Олон оронтой чөлөөт худалдааны харилцаа тогтоож, тэлэх нь манай эдийн засгийн ирээдүйд төлөвлөж байгаа шинэ алхам.

Чөлөөт худалдааны гэрээг хэрхэн ашиглах талаар зөвлөхөд эхлээд уг гэрээг сайтар судлах хэрэгтэй. Дараа нь өөрсдийнхөө боломж бололцоо, чадвараа бие биедээ харилцан сурталчлах хэрэгтэй. Мөн монгол компаниуд ирж Японы зах зээлийг судлах нь зүйтэй. Надад монголчууд огт судалгаа хийхгүй байх шиг санагдаж байна. Компаниуд болон төрийн төлөөлөгчид Японд улам их ирэх хэрэгтэй. Тэгж байж энэ зах зээлд юу хийх ёстойгоо мэднэ.

 

Mongolian Economy