Иргэдийн оролцоо. Сүүлийн жилүүдэд энэ үгийг та хаа нэгтээ харсан, сонссон магадгүй яриандаа ашигласан байх. Тэгвэл иргэдийн оролцоо гэж юу болохыг та хэр сайн мэдэх вэ?

Олон нийтийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн Шерри Арнстейн иргэдийн оролцоог “Иргэд, төр хоорондоо мэдээлэл хэрхэн хуваалцах, ямар бодлого хэрэгжүүлэх, ямар зорилго тавих, хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжих зэргийг шийдэх үйл явц” гэж тодорхойлжээ. Мөн тэрбээр иргэдээс хураасан татварын нөөц эргээд хэрхэн зарцуулагдаж, иргэдийн амьдралд ямар үр өгөөж болж очиж байгааг хянахын ач холбогдлыг онцолсон байдаг. Учир нь иргэдийн оролцооны найман үе шат байдгийн эхний хоёр нь “Үл оролцоо” бөгөөд саналаа өгөх төдийгөөр хязгаарлагдаж буй иргэдийн үйлдлийг оролцоо хэмээн тодорхойлоход учир дутагдалтай юм.

Саналаа өгөөд орхих болон саналаа хэрхэн хэрэгжиж буйг шалгах хоёрын хооронд алд дэлэм зөрүү бий. Францад оюутнуудын ажиллах эрхийн эсрэг тэмцлийн үеэр нэгэн оюутны хийсэн зурагт хуудас энэ ялгааг маш тодорхой дүрсэлсэн аж. (Зураг)

Би оролцдог. Чи оролцдог. Тэр оролцдог. Бид оролцдог. Тэд хождог

Ямар ч хяналт болоод шийдвэр гаргах эрх мэдэлгүй оролцоо бол оромдсон буюу бодит оролцоонд тооцогддоггүй. Зөвхөн саналаа өгөх төдийгөөр хязгаарлагдах иргэдийн үйлдэл нь шийдвэр гаргагч нарт иргэдийг оролцуулсан мэт харагдуулах боломж олгож байдаг. Ийм ч учраас иргэдийн санал бодитоор хэрэгжилгүй өнгөрдөг хандлага бий.

Бодлого боловсруулагч нар иргэн тус бүрийн эрх ашигт нийцүүлэх бус хүмүүсийн ижил төстэй, нийтлэг ашиг сонирхлыг хангахын тулд төрийн бодлого боловсруулдаг. Тэгвэл иргэдийн нийтлэг, ижил төстэй хэрэгцээ юу вэ, хэн хэлж өгч чадах вэ, төрийн бодлого, шийдвэрт тэдгээрийг хэрхэн тусгах вэ гэсэн асуултууд гарч ирнэ. Товчоор хэлбэл эдгээрт хариулт олохын тулд иргэдээс асууж, иргэдийг оролцуулах боломжийг шийдвэрийн төсөл хэлэлцэхээс эхлэн үр дүнг үнэлэх бүх үе шатанд хангаж өгдөг. Ингээд иргэд хэрхэн оролцох боломжтойг жишээгээр тайлбарлая. Төр засгаас ямарваа ажил явуулахад дараах нийтлэг үе шатыг дамждаг бөгөөд иргэдийн зүгээс өгсөн саналаа хянах боломж нь ажлын хэрэгжилтийн үнэлгээний шатанд багтдаг.

Хэрэгжүүлэх шатанд шийдвэр нэгэнт гарч, хэрэгжүүлж эхэлсэн байх тул энэ шатанд тухайн бодлого, шийдвэр хэр амжилттай үргэлжлэх нь шийдвэрийг гүйцэтгэгч нар буюу “хэн”-ээр дамжин иргэдэд хүрч байгаагаас шууд хамааралтай. Гэхдээ тухайн шийдвэрийг боловсруулсан удирдлага хэрэгжилтийн явцад хяналт тавьж байдаг. Уг хяналт, шалгалтын ажил нь ихэвчлэн тухайн ажил хэрэгжилтийнхээ явцад ямар нэгэн өөрчлөлт завсардалгүй, алдаа мадаггүй иргэдэд бүрэн гүйцэд хүрч байгаа эсэхэд чиглэгддэг.

Шийдвэрийг хэрэгжүүлэх хугацаанд эсвэл хэрэгжиж дууссаны дараа түүний үр дүнг үнэлэх үйл явц хийгддэг. Бодлогод тусгагдсан ажлууд бүрэн гүйцэд хэрэгжиж иргэдэд хүрч чадсан уу, эдгээр нь анх үүсэж байсан асуудлыг шийдвэрлэсэн үү, тухайн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд амьдрал дээр эерэг эсвэл сөрөг ямар үр нөлөө гарсан бэ гэдгийг хэмжих зорилготой. Энэ үе шатанд төрийн бус байгууллага, иргэдийн бүлгүүд, тухайн үйлчилгээг хүлээн авсан хэрэглэгчдийн үнэлгээ, мониторинг чухал хувь нэмэр оруулдаг.

Та Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад  саналаа өгсөнөөр амьдарч буй орчноо сайжруулах боломжтой. Оршин суух хороо дүүрэгтээ тулгамдаж буй асуудлыг шийдэхээр саналаа өгөх нь сайшаалтай ч таны санал бодит амьдрал дээр хэр тусгалаа олж, хэдий хэмжээний хөрөнгөөр ямар ажлууд таны хороонд хийгдсэнийг давхар хянах нь зүйтэй юм. Иргэд нийгмийнхээ бүтээн байгуулалтад бодитоор оролцож, саналаа өгч эцэст нь хянаснаар бий болох үр дүн иргэдэд өөрсдөд нь шууд ач тусаа өгч байдаг. Жишээ нь, таны орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ойролцоох орчинтойгоо шууд уялдаатай байдаг. Тиймээс гэртээ харих гудамж гэрэлтүүлэгтэй болж, хүүхдийн тоглож наадах талбай нэмэгдэж, зам засварын ажил хийгдэх нь таны амьдралд нөлөөлөөд зогсохгүй, эдийн засгийн хувьд ч үр шимээ шууд өгөх юм.