Эдийн засаг

Монголын банкны зах зээл ба банкуудын стратеги 2014-09-24 09:37

Банкны зах зээл ямар шатанд явна вэ?

Анхны арилжааны банкууд дөнгөж үүсгэн байгуулагдаж байсан үетэй харьцуулахад өнөөгийн банкны салбар Монголын санхүүгийн салбарт бат бөх байр суурь эзэлж, нэн чухал үүрэг гүйцэтгэх болсон. Хувийн хэвшил, бизнес, иргэдийн санхүүжилтийн эрэлт хэрэгцээний дийлэнх хэсгийг банкууд зээлээр хангаж ирсэн. Банкуудын активын хэмжээний ДНБ-д эзлэх хувь тогтмол өссөөр 2013 оны байдлаар 119 хувь буюу олон улсын дундаж түвшинтэй зэрэгцэж ирсэн байна.


Жилээс жилд зээлийн хэмжээ тогтмол их хэмжээгээр өсч ирсэн бөгөөд зөвхөн санхүүгийн хямралын жил буюу 2009 онд буурч байжээ. 2004 оноос хойших статистикийг харвал жилд дунджаар 40 орчим хувиар өссөн байна. 2014 оны эхний хагасын байдлаар нийт зээлийн хэмжээ 12.4 их наяд төгрөгт хүрээд байна.


  Зөвхөн дээрх үзүүлэлтүүд төдийгүй нэг хүнд ногдох банкуудын тоо, банкны харилцагчийн тоо, банкны карт эзэмшигчийн тоо зэрэг бусад статистикаас харахад Монголын банкны салбар нэлээд ханасан зах зээлийн төрөл рүү дөхөж  байгаа нь харагдана.
Мөн манайх шиг жижиг зах зээлд банкуудын тоо хэт олон байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн жилүүдэд дөрвөн банк давамгай байр суурь эзэлж ирсэн бөгөөд 2013 оны байдлаар нийт зах зээлийн 77 хувийг бүрдүүлж байна. Тэдгээрт дүн шинжилгээ хийж үзвээс, байгууллагын эсвэл иргэдийн зах зээл рүү илүүтэй хандсан банк гэдгээр л ялгагдахаас стратегийн онцлог тоглолт, зах зээлд эзлэх байр суурь ялгарч харагддаггүй.
 



Аливаа бизнесийн салбар ханана гэдэг нь өсөлтийн хувь саарч, тэлэлт төдийлөн явагдахгүй,  зөвхөн бага зэргийн органик өсөлт гарах боломжтойг илтгэдэг. Банкны тухайд зээл олголтын өсөлтийн хувь үргэлжлүүлэн жилд 40 орчим хувиар өснө гэдэг эргэлзээтэй. Хэдийгээр зээл авах сонирхолтой этгээд олон байж болох ч, зээлийн шалгуурыг хангасан нь дийлэнх нь зээлээ авчихсан, харин бусад нь хангах боломжгүй байгаа тул  шинэ зээлдэгчид олноор төрөх магадлал бага.
Зах зээл аажмаар ханаж байгаа нөхцөлд ирээдүйд банкуудын өрсөлдөөний үр дүн стратегиас нь ихэд хамаарч, зөв стратегиа тодорхойлж чадсан, өрсөлдөх чадвартаа анхаарч чадсан банк нь бизнесээ амжилттай үргэлжлүүлэн явуулах боломжтой болно.


Ийм нөхцөлд банкууд ямар стратегиар ажиллах нь зүйтэй вэ?

Нэгэнт зах зээл ханаж байгаа тул банкууд бизнесийн талбараа цаашид хэрхэн тэлж ажиллах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд нэг талаас уламжлалт бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчийг нэмэгдүүлэх, нөгөө талаас шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнесийн чиглэл нэмэх байдлаар хүрч болно.
Уламжлалт бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчийг нэмэгдүүлж, зах зээл, харилцагчийн хүрээг тэлэхийн тулд өмнө нь зээл авч чадахгүй байсан компаниуд руу хүрч ажиллах, эсвэл одоо байгаа хэрэглэгчийнхээ зээлжих чадварыг нэмэгдүүлэх хэрэг гарна. Зээлжих чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн түүх бүрдүүлэх, барьцаалбар үүсгэх, засаглалыг сайжруулах гэх мэт олон зүйл багтаж болно.

Банкны салбар нь санхүүгийн салбарт ганцаар ноёрхох нь өрсөлдөгчгүй, өрсөлдөөнгүй байх давуу талтай мэт харагдаж  болох ч бодит байдал дээр тийм биш юм. Учир нь, компаниуд хөрөнгө оруулалт, зээл гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүжиж байж сая санхүүгийн оновчтой бүтэцтэй болж санхүүгийн эрсдэл буурдаг. Зөвхөн банкны зээлийн эх үүсвэрээр компаниуд томорч, үйл ажиллагаагаа жигд явуулах хүндрэлтэй бөгөөд өртөг өндөр. Хөрөнгө оруулалтаар хэдий хэмжээний хөрөнгө татаж чадна, тэр хэмжээгээр компаниудын зээлжих, хөшүүргэдэх боломж нэмэгддэг.

Одоогоор Монголын бизнесүүд дийлэнх нь л банкны зээлтэй байдаг бөгөөд цаашид үргэлжлүүлэн зээл авах чадварт барьцаа хөрөнгийн хүрэлцээ, мөн өөрийн хөрөнгийн хэмжээ зэрэг нь гол хязгаарлалт болдог. Харин иргэдийн зах зээлийн хувьд, хэрэглээний, орон сууцны, жижиг бизнесийн зээл иргэдэд олгосон зээлийн дийлэнхийг бүрдүүлдэг. Цаашид хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл, иргэний зээлийн түүхийн асуудал зээлжих боломжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эрэлхийлэх, нэвтрүүлэх тухайд мөн шинэ стратегиудыг боловсруулах нь зүйтэй. Бизнесүүдэд зөвхөн зээлийн санхүүжилт биш, шууд хөрөнгө оруулалт, бонд, лизинг, богино хугацаатай санхүүжилт гээд бусад олон төрлийн хэрэгсэл шаардлагатай. Зах зээлийн хэмжээг тэлэхийг тулд хэрэглэгчийн санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах офисын лизинг гэх мэт зээлийн шинэ төрлүүд гаргах талаар идэвхитэй эрэлхийлэх хэрэгтэй. Компанийн бондын зах зээл ч ирээдүйд улам сайн болж хөгжих ёстой. Мөн зээлээс бусад бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх ч мөн үүнд хамаарна. Тухайлбал, манай арилжааны банкууд хэдийнэ даатгалын бүтээгдэхүүн өөрийн салбараар дамжуулан борлуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Шинэ бизнесийн чиглэл нэвтрүүлэх тухайд кастодиан, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын банк, андеррайтер зэрэг олон чиглэл байж болох бөгөөд эдгээрийн хууль эрх зүйн үндэс тавигдсан. Мөн уул уурхай, дэд бүтцийн санхүүжилт, барилга, хөдөө аж ахуй, худалдаа гэх мэт аль нэг чиглэлээр дагнан мэргэших стратеги ч байж болох юм.
Дүгнэж хэлэхэд, зах зээлийн эрэлт хэрэгцээг даган үсрэнгүй хөгжиж байсан хэдий ч банкны салбар аажмаар ханасан зах зээл рүү дөхөж байгаа шинж тэмдгүүд илэрч байна. Ирээдүйд өрсөлдөөнд шалгарч үлдэж үргэлжлүүлэн бизнесээ тэлэхийн тулд Монголын банкууд шинэ стратегиуд боловсруулан ашиглах шаардлага тулгарч байна.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2014 оны10 сар / 29 16:31

yamar tom sedeviig yamar jul bichee be.