Мөнгөний бодлого

Бодлогын үр нөлөөгүй мөнгөний бодлого 2014-11-11 09:13

Л.Бямбаа, Санхүүгийн салбарын судлаач, эдийн засагч

Оршил

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа. Төрөөс баримтлах аливаа бодлого нь зорьсон үр дүндээ хүрдэг байх нь чухал. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхгүй, эсвэл зарим тохиолдолд бүр эсрэг үр дүнд хүрч байгаа нь тухайн бодлого алдаатай болохыг илэрхийлнэ. Манай улсын хувьд Мөнгөний бодлого жил болгон шүүмжлэлийн бай болдог ч бодлогыг үр нөлөөтэй, болгох талаар тодорхой ахиц гарахгүй байгаа бөгөөд зорилтууд нь биелэхгүй хэвээр байна.
 
Мөнгөний бодлогын талаар 2015 онд дэвшүүлсэн зорилтууд биелэх үү?
 
Мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд бодлогын зорилт нь “эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэнэ” гэж заасан байна. 
 
Дэлгэрэнгүйг нь харвал бодлогын зорилтуудад онцгой ялгаа алга, мөн хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд 2014 онд хэрэгжүүлсэн уламжлалт болон үнийн тогтворжуулах уламжлалт бус арга хэрэгслийг үргэлжлүүлэхээр тусгажээ. 2014 онд Монголбанкнаас олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч эцсийн үр дүн амжилттай гарч, зорилтуудаа хангасан гэж хэлэхэд хүндрэлтэй байна. Зөвхөн инфляцийн тухайд дэвшүүлсэн зорилтууд өмнөх жилүүдэд хэрхэн биелж байсныг доорхи хүснэгтээс харж болно.
 
 
 
 
 
 
 
Иймээс 2015 онд бодлогын зорилтууд хангагдана гэхэд эргэлзээ төрж байгаа юм. Удаа дараа зорилтууд биелэхгүй байгаа шалтгааныг тунгаан үзвэл гурван учир шалтгаан байж болзошгүй гэж дүгнэхээр байна. Нэгдүгээрт, эдийн засаг, санхүүгийн салбарын төсөөллийг буруу тооцолсон; хоёрдугаарт, бодлогын зорилтуудаа буруу, бодит үндэслэлгүй дэвшүүлсэн; гуравдугаарт, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл алдаатай, үр нөлөө муутай байна. Эдгээр  шалтгаан 2015 оны хувьд ч их бага хэмжээгээр үйлчлэх магадлалтай байна.
 
Биелэхгүй байх магадлал яагаад өндөр байна вэ?
 
2015 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төсөөлөл зөв эсэх:
 
Мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, 2015 онд учрах эрсдэлүүдийг тодорхой заасан. Тухайлбал, “2015 онд гадаад валютын орох урсгал мэдэгдэхүйц нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эрс сайжрахгүй байх тохиолдолд эдийн засгийн бодит секторыг мөнгөний бодлогоор дэмжиж боломж улам бүр хязгаарлагдах, эдийн засгийн тогтвортой өсөлтөд шаардагдах мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ дутагдах, улмаар төлбөрийн тэнцлийн хямралаас шалтгаалж эдийн засагт үүссэн хүндрэл ужиграх эрсдэлтэй” гэж үзсэн байна. Мөн татварын орлого тасалдаж улсын нэгдсэн төсөв хүндрэх аюултай гэж дүгнэжээ. 
 
Үүнээс харахад, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлтийг зөв өгч, ирэх онд тулгарч болзошгүй эрсдэлүүдийг томъёолсон байна. Хамгийн гол нь инфляци өндөр, ажилгүйдэл нэмэгдэх, валютын ханш өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал гэх мэт сөрөг нөхцөл байдал бүгд зэрэгцэх магадлал өндөр байна. 
 
Бодлогын зорилтууд бодит эсэх:
 
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төсөөлөл ирэх онд энэ жилийнхтэй харьцуулахад улам хүндрэнэ гэсэн чиг хандлага харагдаж байгааг дүгнэн төсөөлөлдөө тусгасан хэрнээ 2015 оны тухайд дэвшүүлсэн мөнгөний бодлогын зорилтууд хэт өөдрөг, биелэхээргүй, бодит бус гэж анзаарагдаж байна. 
 
Хямралын дохионууд 2013 оноос хойш мэдрэгдэж, 2014 онд улам даамжирч байна. Эдгээр хүндрэл, чиг хандлагыг ирэх жил буцаах, огцом өөрчлөх, хурдан сэргээх хүчин зүйлс тун хязгаарлагдмал гэдгийг санах хэрэгтэй байх. Ийм нөхцөлд мөнгөний бодлогын богино хугацааны зорилтуудыг хямралаас урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг зөөллөх, бизнес, иргэдэд тусах хүндрэлийг бууруулах, инфляцийг хөөрөгдөхгүй нөхцөлийг бүрдүүлэх зэрэг байдлаар тодорхойлох нь илүү зохистой байх магадлалтай.
 
Эдийн засгийн сэргэлт, өсөлт, бууралт, хямрал, хүндрэлийн үе тус бүрт бодлогын зорилтууд тухайн нөхцөл байдалд нийцсэн, онцлог ялгааг харуулсан байх ёстой.
 
Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл үр нөлөөтэй эсэх:
 
2015 онд нөхцөл байдал сайжрахгүй байх магадлал өндөр байхын зэрэгцээ Монголбанкны авч ашиглаж болох бодлогын хэрэгсэл, нөөц боломж 2014  он болон өмнөх жилүүдтэй харьцуулахад хомс, хязгаарлагдмал байх юм. Тухайлбал, гадаад валютын албан нөөц буурсан, уламжлалт бус бодлогын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэр хангалтгүй, шинээр гадаад зах зээлээс бонд, зээлийн санхүүжилт татан төвлөрүүлэх боломжгүй зэргийг дурьдаж болно. 
 
Үүнээс гадна, бодлогын арга хэрэгсэл үр нөлөө муутай байхад нөлөөлдөг суурь хэд хэдэн хүчин зүйл байна. Жишээ нь, 
Эдийн засгийн бүтэц нь оновчгүй. Бодит секторын дархлаа сул, эдийн засгийн төрөлжилт яваагүй нь хэзээд ганхахад бэлэн, валютын ханшид хэт эмзэг байдлыг бий болгож байна.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хараат байдал. Энэ нь нэг хүчин зүйлээс хэт хараат байгааг илтгэж, системийн эрсдэлд оруулахад хялбар байдгийг харуулсан. 
 
Монголын эдийн засгийн албан бус сектор. Мөнгөний бодлого нь банкны хүүгээр, мөнгөний нийлүүлэлтээр дамжин эдийн засагт нөлөөлөх механизмыг ашигладаг. Үүний нөлөөлөлд юуны өмнө албан сектор автдаг, харин албан бус сектор мөнгөний бодлогын нөлөөлөлд хамрахгүй байгаа юм. 
 
Санхүүгийн зах зээлийн бүтэц. Манай санхүүгийн зах зээлийн  бүтэц банк давамгайлсан, хөрөнгийн зах зээлийн хөгжил дорой тул банкны гадуур санхүүжилт олох боломж муу. Улмаар банкууд бодлогын хүүг дагаад арилжааны хүүгийн түвшинг өсгөхөд өөр санхүүжилтийн боломжгүй компани, бизнесүүд хамгийн ихээр өртдөг.
 
Үндэсний удаан хугацааны хуримтлал байхгүй. Үндэсний мөнгөн хуримтлал, нэн ялангуяа удаан хугацааны хуримтлал байхгүй нь мөн л гадаадад зах зээлээс хараат байдлыг бий болгож байна.
 
Ерөнхийд нь дүгнэхэд, өргөн барьсан мөнгөний бодлогын зорилтууд одоогийн нөхцөл байдалд хангалтгүй, мөн үр нөлөө, үр дүн сул байх магадлал өндөр байна. 
 
Ямар гарц, шийдэл байна вэ?
 
Мөнгөний бодлогыг бодлого шиг бодлого болгох, мөн арга хэрэгслүүд нь үр нөлөөтэй, дэвшүүлсэн зорилтууддаа хүрдэг болгохын тулд дунд бөгөөд урт хугацаанд зорилтот байдлаар цогц арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эдгээр нь мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулж байгаа дээр дурдсан хүчин зүйлсийг арилгахаас эхлэх юм. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг хангана гэхээс илүүтэйгээр өмнө нь эдийн засгийг зөв бүтцэд нь оруулах, бодит секторын баазыг нэмэгдүүлэх, албан бус секторыг шахах зэрэг зорилтууд илүү чухал байна. Түүнчлэн, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана гэхээс илүүтэйгээр санхүүгийн зах зээлийн бүтцийг өөрчлөх, удаан хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, үндэсний хуримтлалыг бүрдүүлж эхлүүлэх, гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулах зэргийг чухалчлах хэрэгтэй байна. Мөн санхүүгийн зах зээлийн шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, таниулах, ард иргэдийн санхүүгийн боловсролд чиглэсэн дорвитой, мэдрэгдэхүйц арга хэмжээ авах нь чухал байна.
 
Эдгээр суурь нөхцөлүүд нь зөв бүрэлдэн тогтож, зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээр мөнгөний бодлого, арга хэрэгсэл нь үр нөлөөтэй, үр дүнтэй, үйлчлэл сайтай болох эхлэл тавигдана. Өөрөөр хэлбэл, ирээдүйд эдийн засаг, санхүүгийн салбарт үүссэн эрсдэлүүдийг өөрт байгаа хэрэгслээр ямагт зохицуулах боломжтой болно гэсэн үг юм.
 
Харин 2015 оны тухайд гадаад зах зээлийн нөхцөл сайжирна, том уул уурхайн төслүүд урагшилна гэсэн төсөөлөл, хүлээлт биелэхгүй бол  байдал дордох эрсдэл өндөр байгааг харгалзан нөөц төлөвлөгөөнүүд нэн даруй шаардлагатай байна.
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Bi 2014 оны11 сар / 11 21:06

Монголбанкийг сайн авч өгчээ,Мөнгөний бодлого ид ярьж байгаа үед ингэж алдаа дутагдал, гарц шийдлийг зоригтой хэлэх нт судлаачийн үүрэг болой.Харамсалтай нь тийм хүн ховор юм даа. Мэдсэн ч мэдээгүй юм шиг суух нь олон. харин Бямбаа зоригтой сайн байна. Түүний бичсэнийг айхгүй тавьсан Mongolian Economy ч сайн байна.Танаөйх бусад хэвлэл шиг хаалтын гэрээгүй юм байна. Би Бямбаагийн юмыг байнга унгшдаг. Олон хүнд үүнийг тараах ёстой. Ялангуяа тэр Мөнгөний бодлогыг сайн хэлэлцэж байгаа гэж цээжээ дэлдээд байгаа Дэмбэрэл тэргүүтэй гишүүдэд харагдуулах ёстой.

unshigch 2014 оны11 сар / 11 17:42

sain niitlel baina aa, Byambaa amjilt