Эдийн засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах нь 2015-05-04 15:07

Л.Бямбаа /Хөрөнгө оруулалт, санхүүгийн судалгаа ТББ, хөрөнгө оруулалтын компанийн захирал/
 
Зээлжих зэрэглэл яагаад чухал вэ?
 
Улс орон, компани, банк, санхүүгийн байгууллага зэргийн зээлжих чадварыг үнэлэн тогтоодог олон аргачлал, байгууллага байдаг бөгөөд  олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гурван агентлаг нь Standard and Poors (S&P), Fitch, Moody’s юм. Эдгээрээс оноосон зэрэглэл нь тухайн улсын эрсдэлийг илэрхийлэх бөгөөд үүнийг тогтоохдоо тухайн улсын улс төр, эдийн засаг, төсөв санхүү гээд олон хүчин зүйлийг нарийн судлан гаргадаг.
 
Зээлжих зэрэглэлийг ийнхүү тогтоох нь юуны өмнө хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, баялгийн сан зэрэг томоохон институционал хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь тус болдог. Зээлжих зэрэглэл сайн, өндөр байх тусам тухайн улс, компанийн зээлжих  чадвар сайн, эрсдэл бага гэж тооцогдох тул зээлийн хүү буурдаг. Ирээдүйд уул уурхай, бүтээн байгуулалтын том хэмжээний олон төсөл хэрэгжих тул зээлжих зэрэглэлээ сайжруулахад одооноос анхаарвал хүүгийн зардлаас их хэмжээний мөнгө хэмнэгдэх боломжтой. Мөн компани, санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэл нь тухайн улсын зээлжих зэрэглэлээс өндөр тогтоогдох боломж хомс байдаг учир улсын зэрэглэл доогуур байгаа тохиолдолд тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх талуудад сөрөг нөлөөтэй гэж ойлгож болно.
 
Зэрэглэл тогтооход нөлөөлдөг хүчин зүйлс
 
Бүх шатны санхүүжилтийн зардалд ийнхүү хүчтэй нөлөөлж байгаа зээлжих зэрэглэлээ ахиулахын тулд зэрэглэл тогтооход ямар хүчин зүйлсийг харгалзан үздэг вэ гэдгийг сайтар ойлгох ёстой. Жишээлбэл, S&P дараах таван  чиглэлээр дүн шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ олгодог. Үүнд:
Бусад агентлагууд ч ижил төстэй аргачлал ашигладаг бөгөөд дээрх таван  чиглэлээр дүн шинжилгээ хийж үзүүлэлт тус бүрийг хэрхэн сайжруулах талаар тусгайлан анхаарч ажиллах боломжтой.

Монголын зээлжих зэрэглэл
 
Монгол Улсын зэрэглэлийг одоогийн байдлаар S&P BB-, Fitch B+, Монголын Засгийн газрын бондын үнэлгээг Moodys B1 гэж тогтоосон нь бүгд хөрөнгө оруулалтын бус буюу эрсдэлтэй ангилалд хамаарч байгаа юм. Бангладеш, Иордани, Македони, Вьетнам зэрэг улс адил зэрэглэлтэй байна. 
 
2014 оны тавдугаар сард Moody’s агентлагаас Монголын Засгийн газрын бондын үнэлгээний төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсан. Уг шийдвэртэй холбоотойгоор тус агентлагийн зүгээс Монголын Засгийн газрын эзэмшлийн Хөгжлийн банкны зэрэглэлийн ирээдүйн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсан. Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрт Монголын Засгийн газрын баталгаа гаргасан байдаг тул банкны өрийн бичгийн зэрэглэл нь Засгийн газрынхтай адилхан түвшинд тогтоогддог. 
 
Тухайн үед Монгол Улсын дотоод валютын урт хугацаат эрсдэлийн түвшин Ba3 зэрэглэлд тогтоогдсон бол урт хугацаат гадаад валютын бонд Ba3, банкуудын хадгаламжийн зэрэглэлийг Ba3 болон B2 гэсэн зэрэглэлээр тус тус үнэлжээ. Мөн гадаад валютын богино хугацаат өр болон хадгаламжийн үнэлгээг not prime буюу төлбөрийн чадвар сул гэсэн ангилалд оруулсан байдаг. Эдгээр ангилал нь тухайн улс орны хуулийн этгээдэд олгож болох гадаад болон дотоодын валютын тухайд оноох хамгийн дээд зэрэглэлийг илтгэдэг болно. 
 
Moody’s-н зүгээс Монголын ирээдүйн төлөвийг бууруулсан нь сүүлийн жилүүдэд улсын гадаад өрийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж, гадаад валютын албан нөөц буурсан, 2013 оноос хойш зээлийн өсөлтийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалсан байна. Эдгээр хүндрэл нь ирэх хэдэн жилийн хугацаанд валютын ханшийн болон гадаад өрийн хямрал болох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн. Үүний зэрэгцээ инфляци өндөр, зээл нэмэгдэж байсан нь банкны системийн тогтвортой байдлыг сулруулж  төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж болзошгүй.  Мөн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа нь уул уурхайн салбараас их хэмжээгээр хараат болох улсын гадаад позиц болон төсвийн асуудалд томоохон эрсдэл учруулж байна гэж дүгнэсэн байна. 
 
Зээлжих зэрэглэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ
 
BB- зэрэглэлтэйгээр Засгийн газар жилийн 5.75 хувийн  хүүтэй эх үүсвэр татаж чадаж байсан нь  нэг талаар сайн боловч нөгөө талаар хүүгийн зардал маш өндөр байгаа. Санхүүжилтийн зардлыг хэтдээ өсгөхгүй байх, эсрэгээр бууруулах цорын ганц боломж бол  зээлжих зэрэглэлээ сайжруулах явдал. 
 
Зэрэглэлийг нэг, хоёр шат ахиулж чадвал “хөрөнгө оруулалтын” ангилалд Монгол багтах бөгөөд орж ирэх мөнгөн дүн огцом нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадын санхүүгийн байгууллага, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтын бодлогод зээлжих зэрэглэлийн заалт, мөн нэг улсад хуваарилах хязгаарлалтууд орсон байдаг. Хэрэв Монгол өөрийн зэрэглэлээ сайжруулж  чадвал дээрх сангуудаас автоматаар хуваарилалт хийгдэх боломжтой болно.Нөгөө талаас хүүгийн түвшин ойролцоогоор 2-3 хувиар шууд буурах боломжтой буюу 2 тэрбум долларын эх үүсвэрээс зээлийн хүүгийн зардал 40 сая доллар хэмнэгдэнэ гэсэн үг.

Дүгнэлт
 
Глобальчлагдсан санхүүгийн зах зээлд Монгол Улс өрсөлдөж ирээдүйнхээ өсөлтийг санхүүжүүлэх үүднээс гадаадаас эх үүсвэр татахыг эрмэлзэх нь ойлгомжтой. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтын бус ангилалд багтаж байгаа манай улсын хувьд зээлжих чадвар сул, мөн өртөг өндөр байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Зээлжих зэрэглэлийг сайжруулах нь хамгийн зөв шийдэл бөгөөд үүнийг богино хугацаанд хийх боломжгүй. Системтэйгээр, төлөвлөгөөний дагуу, уялдаа холоотойгоор шат дараалсан байдлаар хэрэгжүүлж байж сая үр дүнд хүрнэ. Энэ зорилтыг хөрөнгө оруулалт, сангийн асуудал хариуцсан байгууллага үйл ажиллагааныхаа хөтөлбөрт суулган өгч зорилтот байдлаар ажиллах хэрэгтэй. Зээлжих зэрэглэл дээшилбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД