Төсөв

Өрийн удирдлагын тухай хууль болон түүний эргэн тойронд 2015-05-26 13:36

Л.Гангэрэл /Эдийн засагч, судлаач/

Хөгжлийн банкны 580 сая ам долларын бонд, 1.0 тэрбум ам долларын чингис бонд гэх мэт Монгол улсын Засгийн газраас гаргасан гадаад баталгаа болон өр зээлийн хэмжээ 2012 оноос хойш огцом өссөнтэй холбоотойгоор улсын гадаад өрийн асуудал сүүлийн үед ихээхэн тулгамдсан суудлуудын нэг болж хувирлаа. Зарим эдийн засгийн судлаач, шинжээчдийн зүгээс Монгол Улсын гадаад өрийн асуудал нэлээд ноцтой хэмжээнд ирлээ, ойрын ирээдүйд гадаад болон дотоод өрийн дарамтад орох бодит аюул тулгарлаа гэж хэлж ярьж байна. Энэ талаар ч гадаад, дотоод хэвлэлүүд бичиж эхэлсэн бөгөөд Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээнд Монгол Улс 2017 онд гадаад өрөө төлж чадахгүй, дефольт болох эрсдэл байна гэдгийг сануулж бичсэнийг дурдах нь зүйтэй. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд улсын өрийн удирдлагыг зохицуулах хууль   эрх зүйн орчинтой болох, улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар албаны нэгдсэн ойлголттой болох үүднээс УИХ-аас энэ оны хоёрдугаар сард Өрийн удирдлагын тухай хуулийг шинээр батлан гаргалаа. Энэхүү хуулиар өрийн удирдлагын тухай концепцийн ямар ямар өөрчлөлтүүд орсон талаар товч өгүүлье.

Үүний өмнө Засгийн газрын өрийн дээд хязгаарыг урьд нь ямар хууль эрх зүйгээр зохицуулдаг байсан болон олон улсын стандартын дагуу ямар хүрээнд авч үздэг байсан талаар товч авч үзье. Дээрх шинэ хууль батлагдахаас өмнө улсын өрийн удирдлагыг зохицуулах талаар яг тодорхойлсон  хууль, дүрэм журам байгаагүй. Гэхдээ зарим нэг зохицуулалтууд Төсвийн тухай хууль, Төсвийн Тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиудад тусгагдсан байсан. Тухайлбал Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4 дэх заалтаар “уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хасч тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл   нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хязгаарлалтыг улсын нийт өрд тавьж өгдөг байсан. Түүнчлэн  Дэлхийн  банк  болон ОУВС-гаас эрхлэн гаргадаг улсын бодлого, институцийн үнэлгээний дагуу (CPIA) харгалзан тооцдог гадаад өрийн сэрэмжлэх түвшингээр манай Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 2013 оны байдлаар 40 хувьд байвал зохистой гэж үзсэн байдаг. Учир нь Дэлхийн банк болон ОУВС-гаас Монгол Улсыг хамгийн сүүлд 2013 онд уг үнэлгээгээр 3.4 буюу хэвийн бодлоготой орон гэж дүгнэсэн байдаг.

Шинээр батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулинд концепцийн шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүд орлоо. нэгдүгээрт, улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өр гэж юуг хэлэх талаар тодорхойлж өглөө. Улсын нийт гадаад өрийг ОУВС-гаас гаргасан тодорхойлолттой нэн төстэйгээр “ Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүргийг” хэлнэ гэж тодорхойлов. Үүгээрээ Монголбанкны гадаад өрийг улсын нийт гадаад өрөнд оруулж тооцож    байна. Засгийн газрын өрийг өмнө нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8- д зааснаар тодорхойлон оруулж ирсэн. гэхдээ төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэг нь Засгийн газрын өрд хамаарахаа больж байгаа бөгөөд хэрэв Засгийн газраас энэхүү зээллэгт баталгаа гаргавал тэр баталгааг энэхүү хуулиар зохицуулахаар болж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын зээллэг ба өрийн баталгааг тусад нь авч үзэх бөгөөд жил бүр буюу тухайн жилд Засгийн газрын шинээр үүсгэх зээллэг болон өрийн баталгааны дээд хязгаарыг абсолют хэмжээгээр тавьж өгч УИХ-аар батлуулдаг болно. Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай 6.1.4 дэх заалтын дагуу Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаанд нэрлэсэн дотоодын нийт бүтээгдхүүнтэй харьцуулсан хязгаарлалтыг (40%)- д тавьж өгч байна. Засгийн газрын Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн бичиг баримтыг гурван жилд нэг удаа УИХ-аар батлуулдаг байх, улсын нийт гадаад өрийн статистик тоо Мэдээг Монголбанк, Сангийн Яам хамтран улиралд нэг удаа олон нийтэд мэдээлдэг байх шаардлагатай болж байна.

Гуравдугаарт, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй, тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зардлынхаа 50 хувиас багагүй байх шалгуурыг хангасан нийслэл болон аймгууд нь улирлын шинжтэй төсвийн орлогын тасалдлыг арилгах зорилгоор бонд гаргаж болох хууль эрх зүйн орчин бүрдлээ. Ийнхүү орон нутгийн бонд гаргахдаа тухайн орон нутгийн ИТХ- аасаа холбогдох зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт, Засгийн газар зөвхөн төрийн өмчийн оролцоот компаниудаас гадна дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшлийн компаниудын хэрэгжүүлэх гэж буй улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт орсон төслийг санхүүжүүлэхэд баталгаа гаргах  боломжтой болж буй. Тухайн төсөл хөтөлбөрт нь зохих шалгуурыг тавихаас гадна төслийг хэрэгжүүлэх гэж буй компанид сүүлийн гурван жил ашигтай ажилласан байх, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх зэрэг шаардлагуудыг тавина. Засгийн газраас Хөгжлийн банкны хэрэгжүүлэх гэж буй төсөлд 100 хувийн, бусад аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрт тухайн төслийн өртгийн 85 хүртэлх хувьд баталгаа гаргах боломжтой байна.

Тавдугаарт, Засгийн газрын өрийн баталгааны гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны Санг байгуулна. Мөн Өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх бөгөөд үүндээ улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдэл, аймаг болон нийслэлийн бондын талаарх мэдээлэл зэргийг бүртгэн хөтөлж байх юм байна.

Дүгнэж хэлэхэд, энэхүү хуулиар зөвхөн улсын болон Засгийн газрын өртэй холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд цаашид хувийн хэвшлийн гадаад өртэй холбоотой асуудлыг хэрхэн хянаж зохицуулах талаар Монголбанк болон Сангийн Яамнаас анхаарч ажиллах нь зүйтэй. латин америкийн орнуудын 1970-1980-аад онуудын зээллэгийн хямрал нь улсаас зөвхөн Засгийн  газрын өрийг хянахаас гадна хувийн хэвшлийн гадаад өрийг хязгаарлаж, зохицуулж байх нь нэн чухал болохыг харуулсан билээ. Эцэст нь Засгийн газрын гадаад өртэй холбоотой сүүлийн нэг сард гарч буй томоохон шийдвэрүүдийн талаар ярилцъя. Сангийн Сайдын хамгийн сүүлд “Сайдын цаг”-аар өгсөн мэдээллээр Өрийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталснаар Засгийн  газраас шинээр 450 сая ам долларын зээллэгийг үүсгэх боломжтой боллоо гэж байна. Аль 2013 оноос яригдаж эхэлсэн Засгийн газрын Хятад улсаас авах нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлийг авах асуудал яригдаж байгаа бөгөөд хэрэв энэхүү зээл бүтвэл үүний 827 сая ам доллараар эгийн голын усан цахилгаан станцын, 110 орчим сая ам долларыг Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын хурдны замын төслийг тус тус санхүүжүүлэхэд зарцуулах Засгийн газрын шийдвэр гарлаа.

Хувь судлаачийн зүгээс авч үзэ- хэд эдгээр шийдвэрүүд нь Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэхэд цаг үеэ олоогүй, оновчгүй шийдвэрүүд байна гэж үзэж байна. Учир нь эгийн голын цахилгаан станцын эдийн засгийн гол агуулга бол Оросоос авч буй цахилгааны импортыг хаахад зориулагдаж байгаа бөгөөд энэ нь жилдээ 40 орчим сая доллар байдаг. гэтэл 40 сая ам долларын гадагшлах урсгалыг хаахын тулд 827 сая ам долларын зээлийн   санхүүжилт хийх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал. нөгөө талаас аливаа орны нийслэлээс олон улсын гол нисэх буудал руу явсан хурдны зам хамгийн ачаалалтай, ашигтай хурдны замд тооцогддог.  Иймд Засгийн газраас өөр дээрээ нэмж 110 орчим сая ам долларын  гадаад  өрийн ачааллыг үүсгэхгүйгээр концессийн гэрээгээр энэхүү 38 км хурдны замыг хувийн хэвшлээр хийж гүйцэтгүүлэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улсын хувьд Хөгжлийн банкны 580 сая ам долларын бондын 2017 онд төлөх үндсэн төлбөр, Засгийн газрын чингис бондын 2018 оны нэгдүгээр сард  төлөх 500  сая  ам  долларын үндсэн төлбөр, Монголбанкны Хятадын Төвбанктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлээр үүссэн Хятадын Төвбанкинд  төлөх 2.7 тэрбум орчим ам долларын 2017 онд  хийх  өр  төлбөрийн  асуудлууд нэн тулгамдаад  байгаа  бөгөөд үүнийг хэрхэн барагдуулах талаар Монголбанк, Сангийн яамнаас тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж ажиллах нь зүйтэй.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД