Эдийн засаг

Алдах эрхгүй үйлдвэржилт 2015-05-28 08:54

Эдийн засагч Б.Дөлгөөн

Монгол Улс хэрэглэгч улс гэсэн нэр зүүгээд багагүй хугацаа өнгөрсөн. Бид өнөөдөр хэрэглэж буй олон бүтээгдэхүүнийхээ маш бага хувийг дотооддоо үйлдвэрлэдэг нь үнэн юм. 2012 онд хийсэн судалгаанаас  харахад, бид хэрэглэж байгаа бензинийг 100 хувь гаднаас, төмрийн 93 хувийг, нэхмэл хувцасны 62 хувийг гээд ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас авдаг байна. Үүнийг тухайн үед Ерөн­хий сайд байсан Н.Алтанхуяг “Мон­голдоо бүтээх шаардлага” танил­цуулгадаа дэлгэж байсныг өнөөдөр олон хүн санаж байгаа байх. 

Өнгөрсөн  хоёрдугаар сарын 6-нд  Засгийн газар“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьсан билээ. Монгол  зах зээлийн нийгэмд шилжиж оро­хоос өмнө үйлдвэрлэлийг хөгжүү­лэхдээ таван жилийн төлөвлөгөө тавьж ажил­лаж, өөрийн гэсэн зорилттой үйлд­вэрлэлийг хөгжүүлж байсан. Тө­рөөс төлөвлөж, төрийн байгуул­ла­гууд хэрэгжүүлдэг тогтолцоонд сул тал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн хэдий ч бид нэгэн үе аж үйлдвэрлэлийг Монголдоо цогцлоож чадсан юм. 
 
2013 оны байдлаар аж үйлдвэ­рийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл ДНБ-ий 30.3 хувьтай тэнцэж байсан. Тухайн оны үнээр энэ бол 9.8 их наяд төгрөгтэй болж байсан гэсэн үг. Гэвч үйлдвэрлэлийн нэг том индекс болох экспортыг авч үзвэл манай улсын нийт экспортын 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 25 жил өнгөрөхөд өнөөдөр яагаад ийм дүр зурагтай байна вэ? Энэ асуултын  хариулт манай байгалийн баялагтай салшгүй холбоотой. Бид ашигт малтмалын бүтээгдэхүүнээ түүхийгээр гаргаж байгаа уч­раас технологийн багтаамжгүй эсвэл нам технологит бүтээгдэхүүний хэм­жээ өндөр. Хоёрдугаарт, манай үйлд­вэр­­лэлийн өнөөгийн стан­дарт, технологийн нэвтрэлт муу байгаа­­тай холбоотойгоор дотоодод үйлдвэр­лэгд­сэн бүтээгдэхүүн экспортод гарч чадахгүй байна. Манай улсад аж үйлдвэрлэл хөгжихгүйгээр экспор­тод эзлэх технологийн багтаамж­гүй, нам технологит бүтээгдэхүүний хувь буурахгүй. 
 
Аж үйлдвэрлэл хөгжихөд тодорхой зорилтууд, стратеги шаардлагатай 
 
1995 онд цахилгаан бараа, бү­тээгдэхүүн Хятад улсын нийт экс­портын 15 хувийг эзэлж байсан бол 2009 онд энэ хэмжээ 30 хувь хүр­тэл нэмэгдсэн байна. Харин энэ ху­гацаанд экспортод бөс бараа, бү­тээгдэхүүний эзлэх хэмжээ 25 хувиас 20 хувь хүртэл буурсан аж. Энэ чиг хандлага үргэлжилбэл урд хөрш  илүү нэмүү өртөг шин­гээ­дэг, өндөр технологи бүхий үйлд­вэр­лэл­ийг түлхүү хөгжүүлж ул­­маар нам технологит, эсвэл техно­ло­гийн багтаамжгүй бүтээгдэхүүний эзлэх хэмжээ багасна. Манай  улсын хувьд энэ хугацаанд өөрийн харьцангуй давуу талыг ашиглан ямар үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тал дээр нарийн стратеги, тодор­хой зорилтуудыг тодорхойлж гаргах зайл­­­шгүй шаардлага бий. Тиймээс ч “Төрөөс аж үйлдвэрийн талаар ба­римтлах бодлого”-д тусгасан зорил­­туудыг  гурван  үе шаттайгаар тус бүр таван  жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр Засгийн га­зар төлөвлөж тодорхой бодлогуудыг боловсруулж байгаа юм. 
 
Үйлдвэрлэлийг экспортод тулгуурлаж хөгжүүлэх ёстой 
 
Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ импортыг орлох эсвэл экспортыг дэмжих чиглэлтэйгээр хөгжүүлдэг. Үйлд­­вэрлэлийг импортыг орлох бү­тээг­дэхүүн үйлдвэрлэх замаар даг­нан хөгжүүлнэ гэвэл олон дутаг­дал­­тай гэдэгт өнөөдөр хөгжлийн эдийн засагчид санал нэгддэг. Гэвч импортыг орлох бүтээгдэхүүн үйлд­вэр­­лэлд давуу ч тал бий. Ийм төрлийн үйлдвэрлэлийг богино хуга­цаанд хөгжүүлэх боломжтой бай­даг. Үүнээс гадна үндсэн хүчин зүйлийн бүтээмж(total factor pro­ductivity)-ийг нэмэгдүүлдэг. Бүтээг­дэхүүн үйлдвэрлэхэд капитал бо­лон хөдөлмөр ордог боловч үйлд­вэ­рийн бүтээгдэхүүний гарц нэ­мэг­д­эхэд нөлөөлсөн бусад хүчин зүй­лийг нэгтгэн үндсэн хүчин зүй­лийн бүтээмж гэж нэрлэдэг. Үүнд багтаж байгаа гол хүчин зүйлс нь техно­­ло­гийн дэвшил болон бүтээмж байдаг. АНУ-ын Принстон их сургуулийн харьяа Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн профессор Дани Родрикийн хэлж байгаагаар Латин Америк импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр үндсэн хүчин зүйлийн бүтээмжээ нэмэгдүүлжээ. 
 
Латин Америкийн хувьд 1970-1980 онд импортыг орлох үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн боловч өнөөдөр Латин Америкийн улсуудын хувьд үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хэмжээ эргээд буурчихжээ. Үүний гол шалт­­гааны нэг бол тэд импортыг орло­ход хэт анхаарснаас болсон гэж үздэг. Жишээлбэл Мексик, Ко­лумб, Аргентин улс импортыг ор­лохыг чухалчилж, энэ чиглэлээр бод­лого боловсруулж хэрэгжүүлсэн. Эд­гээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Латин Америкийн олон улс өөрийн дарамттай болж хоцорсон гашуун түүх бий. Харин энэ хугацаанд амжилттай хөгжиж, эдгээр хөгжлийн өсөлтөө урт хугацаанд хадгалагдаж үлдсэн Зүүн Азийн улсуудын хувьд үйлдвэрлэлийг илүү экспортод чиглүүлж хөгжүүлсний үр дүнд хөгжилтэй орны тоонд багтжээ. Зөвхөн импортыг орлоход анхаарч үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэвэл тухайн улс импортын тарифыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах гол аргыг ашигладаг. Гэтэл дотоодын зах зээлээ хамгаалуулж чадсан аж ахуйн нэгжүүд гадаад зах зээл рүү экспортлохгүй тохиолдолд тэд энэхүү хамгаалалтад дасаж, улмаар шинэчлэл авчрах сонирхол буурч, үр дүнд нь хамгаалагдсан зах зээл дээрх хэрэглэгчид илүү өндөр үнээр бүтээгдэхүүн худал­дан авах шаардлагатай тулгарч, улмаар хохирдог. Гэтэл дотоодын зах зээлийг хамгаалахдаа тухайн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэ­хүүнээ гадаад зах зээлд экспортлох шаардлага тавих юм бол илүү ам­жилттай байдаг. Жишээлбэл Өм­нөд Солонгос улс дотоодын авто машины үйлдвэрүүдийг хамгаалах үүднээс импортын татвараа тусгай хэлэлцээр байгуулаагүй орнуудын бүтээгдэхүүнд 20.4 хувь хүртэл тавьсан байдаг. Ийнхүү импортын тат­­­варыг өндөр тогтоосны хариуд Өм­­нөд Солонгосын Засгийн газар ма­­шин үйлдвэрлэгчдэд АНУ-ын хурд­ны замаар найдвартай зорчих машин үйлдвэрлэхийг шаарддаг. Үүний үр дүнд Солонгосын машин үйлдвэр­лэгчид хамгийн сүүлийн үеийн тех­нологийн шинэчлэлтэй ойр байж, үүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахад хялбар байдаг байна. 
 
Монголын боломж
 
Нэгэнт үйлдвэржилт бол Монго­лоос өмнө олон улс орон хэрэгжүүлж, алдах үедээ алдаж, олох үедээ олсон түүхтэй учир бүхэл бүтэн шинжлэх ухаан болсон. Бидний хувьд ч гэсэн “Аж үйлдвэрлэл” хөгжүүлэх стратеги боловсруулахдаа эдгээр гадаадын олон улсын туршлагаас суралцах зүйл ихтэй билээ. Бидэнтэй хам­гийн ойрын жишээ гэвэл Япон, Солонгос зэрэг улс байна. Харин Засгийн газар энэхүү чухал бодлогоо боловсруулахдаа зөвхөн амжилт­тай хэрэгжсэн жишээнээс гадна ам­жилт­­гүй унасан загваруудыг давхар судалж чадвал ирээдүйд манай бодлого хэрэгжилт илүү өндөр үр дүнтэй байна. Үүнээс гадна хам­гийн чухал зүйл бол өнөөдөр шиг тө­рийн болоод хувийн хэвшилд ног­дож буй өрийн дарамт өндөр үед үйлд­вэржилт нэрийн дор хий дэмий өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө зарж, улсын хувьд алдаатай бодлогын араас хөөцөлдөж цаг алдахаас  сэргийлэх ёстой. 
 
 Тийм  учраас үйлдвэрлэлийг экспорт руу чиглүүлж хөгжүүлэх нь манай ирээдүйн чиг хандлага мөн. Экспортыг дэмжих үйлдвэрлэл бол бидний үйлдвэржих ирээдүйн боломж. Энэхүү боломжийг Монгол Улс, Япон улстай байгуулсан "Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрээр баталгаажуулж өгсөн гэж хэлж болно. Анх 2010 онд   манай хоёр орны хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээр байгуулахаар талууд  тохиролцож байсан нь ажил болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т  энэ  оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд Монгол Улс дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан Барааг кодлох уялдуулсан системийн ангиллаар 9300 орчим төрлийн барааг Япон улс руу импортын бага тарифтайгаар оруулах боломжтой болжээ. Манай улсын  хувьд 70 орчим төрлийн барааг Япон  руу экспортолж, Японоос  1500 орчим бараа бүтээгдэхүүн импортолж авдаг байна. Монгол 2010-2014 оны хооронд нийт 2.0 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг Япон улсаас импортолж авсан бол энэ хугацаанд 54 сая ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг Япон улс руу гаргасан байна. Нэг ёсондоо Японоос авсан барааны 2.7 хувьтай тэнцэх хэмжээний барааг тус улс руу экспортолжээ. 
 
Өнөөдрийн энэ дүр зураг бол эргээд бидний үйлдвэржилт байхгүйгээс гадна Япон улсын импортын тариф, дотоодын нарийн бодлоготой холбоотой. Япон улс хөгжсөн улс ч гэлээ бараа бүтээгдэхүүн бүр дээр импортын тариф харилцан адилгүй өндөр байдаг. Яагаад энэ боломжийг бид үйлдвэржилттэй холбож ярьж байна вэ гэвэл “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийг Японы  Парламент, Монгол Улсын УИХ-аар хэлэлцэж баталсны дараа буюу хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Японы тал 9300 барааныхаа 86 хувийг буюу 8000 төрлийн барааны импортыг бүрэн чөлөөлөх юм байна. Уг боломжийг алдалгүй, мөн өөрсдийн харьцангуй давуу талыг ашиглан үйлдвэржилтээ сэргээх нь одоо манай бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоодоос  хамаарах юм. 
 
2013 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улс Япон улстай “Эдийн засгийн түншлэл” –ийн хэлэлцээр байгуулснаар Монголын ДНБ  жилд дунджаар 0.33-0.34 хувь, нийт экспорт 0.36 хувь өсөх тооцоо гарсан байдаг ч гэлээ, эргээд манай үйлдвэржилт тэлж, үйлдвэрлэл өсвөл үүнээс өндөр гарах бүрэн боломжтой.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД