Санхүү

Банкны салбараар дамжуулан гадаад хөрөнгийн урсгал татах боломжууд 2015-06-24 08:31

Л.Гангэрэл /Эдийн засагч, судлаач/
 
Сүүлийн саруудад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эрс татарч, манай улсын экспортын голлох нэрийн бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дээрх үнэ эрчимтэй унасан. Үүнтэй холбоотойгоор гадаад хөрөнгийн урсгалыг татах боломжуудыг судалж, хайж байна.
 
Бусад салбартай харьцуулахад хөгжлийн хувьд дэлхийн жишигт дөхөж очсон, сүүлийн үед батлагдсан хууль тогтоомжуудаар гадаадаас хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн тааламжтай нөхцөл бүрдсэн гэж болох банкны салбараар дамжуулан гадаад хөрөнгийн урсгал татах боломжууд хэр байгаа талаар ярилцъя.
 
Юуны өмнө банкны салбарын нөхцөл байдал 2015 оны эцэст ямар байх вэ гэдгийг авч үзье. 
 
Одоогийн байдлаар дотоодын нийт 13,  гадаадын таван банк төлөөлөгчийн газрын эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны салбар санхүүгийн салбарынхаа 95 хувийг эзэлж байгаа бөгөөд санхүүгийн салбарын ДНБ 818.5 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 5.3 хувийг эзэлж байна. Банкуудын нийт актив хөрөнгө 22.6 их наяд, нийт хадгаламж 7.3  их наяд,  нийт зээл 12.4 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 92.8 хувь нь хэвийн, 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн, 5.0 хувь нь чанаргүй зээл тус тус эзэлж байна. Хамгийн сүүлд Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гарсан бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд энэхүү шаардлагыг бүх банк биелүүлэх үүрэгтэй болсон.
 
Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ болон Монголбанкнаас дараах хоёр чухал шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд эдгээр нь банкны салбараар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалт татахад онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. Үүнд:
 
а) Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т “Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүгээс үүсэх эрсдэлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана” 
 
б) Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны хоёрдугаар сарын 19-ний А-35 тоот тушаалаар “Банкны олон улсын зах зээл дээрээс гурав жил болон түүнээс дээш урт хугацаатай бонд болон зээл хэлбэрээр татсан гадаад эх үүсвэрийг  банкны заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх”
 
Банкны салбараар дамжуулан дараах гурван хэлбэрээр гадаад хөрөнгийн урсгалыг татах боломжтой гэж үзэж байна. Үүнд:
 
1) Банкууд өөрсдөө гадаад зээллэг, бонд босгох
2) Банкууд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийх
3) Гадаадын банкуудын одоогийн статусыг дээшлүүлж салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож, улмаар гадаад зээллэгийн санхүүжилт хийлгүүлэх
 
Дээрх хэлбэрүүдээр дамжуулан гадаад хөрөнгийн урсгал татах нь 
 
Нийт банкны системээр авч үзвэл 2015 оны нэгдүгээр улирлын байдлаар банкууд нийтдээ 2.1 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас эзэмшиж байна. Үүнийг ам.долларт хөрвүүлэн авч үзвэл нэг тэрбум орчим ам.долларын гадаад зээллэг болон бондыг Засгийн газрын баталгаатайгаар гадаадын санхүүгийн зах зээл дээрээс босгох боломж харагдаж байна.  Үүний эхлэл болгож Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.долларын бонд босгох асуудал ид яригдаж байна. Түүнчлэн Төрийн банк гадаадын зах зээл дээрээс 300 сая ам.долларын бонд босгоход нь баталгаа гаргаж өгөх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэхдээ банкны системийн хувьд таван том гэж нэрлэгддэг ХААН, ХХБ, Голомт, ХАС болон Төрийн банкны хувьд гадаадад бонд гаргах болон зээллэг авах боломжтой.  Бусад дунд болон жижиг банкны хувьд тэдгээрийн ихэнх нь олон улсын үнэлгээний байгууллагуудаар зээлийн рейтинг тогтоолгуулаагүй, гадаадын аудитын компаниар аудит хийлгээгүй,  нийт актив хөрөнгийн хэмжээ нь гадаад зээллэг болон бонд босгоход харьцангүй бага зэрэг шалтгааны улмаас гадаад зах зээл дээр бонд гаргах болон зээллэг босгох бараг боломжгүй.
 
Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татах хоёр дахь хэлбэрийн хувьд манай томоохон банкууд тухайлбал, ХААН, Голомт банк Лондон болон Сингапурын Хөрөнгийн бирж дээр IPO гаргах асуудал 2009 оны үеэс эхлээд хүчтэй яригдаж байсан. Ер нь Төрийн банкнаас бусад дөрвөн том банкны хувьд гадаад болон дотоодын хөрөнгийн биржид  IPO гаргах бүрэн бололцоотой. 
 
Төрийн банкны хувьд нэгдүгээрт, төрийн өмчит, хоёрдугаарт, цаашид хувьчлах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул энэ талаар ярихад эрт байна. Гэхдээ манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,  ялангуяа,  гадаад өрийн асуудал хүндрэлтэй байгаа, дөрвөн том банкны олон улсын үнэлгээний байгууллагуудын хийсэн үнэлгээ нь доогуур байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас тэдгээрийн хувьд гадаадын хөрөнгийн биржид IPO гаргах нь тийм ч тохиромжтой биш байна. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татах гурав дахь хэлбэрийн хувьд гэвэл гадаадын банкууд салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл Монголбанкаас авах хүсэлтэй байгаагаа шууд болон шууд бус байдлаар илэрхийлсээр байгаа. 
 
Одоогийн байдлаар “Bank of China” албан ёсоор салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд өгөөд байгаа юм. Монгол Улсын Банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд гадаадын банкууд өөрийн төлөөлөгчийн газраараа дамжуулан зээлийн өргөдөл,  хүсэлтийг хүлээн авч манай улстай ойролцоо орон байрлах салбараараа дамжуулан зээл олголт хийж байгаа. Тухайлбал,  “Bank of China” Монголд төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа 2.5 тэрбум орчим ам.долларын зээлийн өргөдөл,  хүсэлт хүлээн аваад байгаагаа мэдээлж байсан.
 
Эдгээр гадаадын банкуудын хувьд, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас бусад нь зээлээ ам.доллараар олгох нөхцлийг ихэвчлэн тавьдаг. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны хувьд Сангийн яам, Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зөвхөн ам.доллар гэлтгүй монгол төгрөгөөр зээл гаргах үйл ажиллагаа явуулж байна. Дээрх гадаадын банкуудын зээл нь дотоодын арилжааны банкуудтай харьцуулахад хүү нь бага, хугацаа нь урт байдаг. 
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд, банкны салбараар дамжуулан гадаадын хөрөнгийн урсгал оруулж ирэх дээрх гурван хэлбэр нь боломжит хувилбар тул бодитойгоор оруулж болно гэсэн хэрэг биш гэдгийг хэлэх нь зүйтэй.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД