Боловсрол

2D, 3D, 4D, 5D - Мэдлэг 2016-01-19 12:20

Ө.Ганзориг /Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч/

Мэдлэг бол Боловсролоос том ойлголт билээ. Боловсрол бол сургуулийн орчинд олж авсан мэдлэг юм. Мэдлэгийг хүн насан туршдаа сургуулиас боловсрол хэлбэрээр, харин амьдралаас туршлага хэлбэрээр олж авч байдаг. Би дээхнэ нэгэн их сургуулийн төгсөлтийн шалгалтын комисст сууж билээ. Харамсалтай нь ихэнх оюутнууд билетийнхээ хариуг зүгээр л цээжилсэн байв. Мэдлэгтэй биш, харин мэдээллийг цээжилсэн байлаа. Дөрвөн жил сураад Мэргэжил эзэмшсэн нэртэй боловч Мэдлэггүй гарч байна гэсэн үг. Эргэж санахад би ч гэсэн сурагч байхдаа тийм л байж.

Оюу толгой төслийг ямар хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариуг мэдлэгтэй хүн л хариулна. Харин мэдлэггүй хүн зүгээр л мэдээлэл дээр үндэслэж сэтгэл хөдлөл гаргана. Аль нэг улс төрч маш хар дүр зураг будаж харуулбал сэтгэл хөдлөл үүсээд дагана. Эсрэгээр сайн талаас нь их пи-ар хийж чадвал мөн л эерэг сэтгэл хөдлөл үүснэ. Мэдлэггүй хүн амьдралаа Сэтгэл хөдлөлд захируулна. Харамсалтай нь сэтгэл хөдлөл өөрөө хамгийн сүүлд авсан мэдээлэл дээр л үндэслэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр явах тутам туршлага үүснэ. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулсны дараа эдийн засаг ямар байдалд орж байгааг бид хэдэн жил харж мэдэрсний дараа л сая туршлага дээр суурилсан мэдлэг үүсч байна. Тийм ч учраас агуйд удирдагч нь хөгшин хүн байдаг байв. Мэдлэгийг залуу насанд хүчээр бий болгохгүй бол яваандаа сэтгэл хөдлөлүүдийн алдаа нь туршлага маягаар хуримтлагдсаар хөгшин болоход мэдлэгтэй болдог байна.

Монгол Улсад улс орныг чөлөөт зах зээлийн орчинд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг алга. Учир нь туршлага алга. Настай хүмүүс нь Оюу толгой, Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтийг яг залуучуудтайгаа адил анх удаа л үзэж, сонсож байна. Яагаад гэвэл бид 25 жилийн өмнө өөр системээс гэнэт чөлөөт зах зээлт системд шилжсэн шүү дээ. Тийм ч учраас Сэтгэл хөдлөл бол геометрээр авч үзвэл Хавтгайд орших бүдүүлэг мэдлэг юм.

Тухайлбал шудрага гэж ойлголтыг авч үзье. Хүн гэж амьтан шудрагын талаар мэдлэгтэй байх ёстой. Гэтэл шудрага гэдэг "зөв байхыг хэлнэ." гэж 2D буюу 2 хэмжээст хавтгай дээр тодорхойлчихоор тийм энгийн мэдлэг мөн үү. Пифагорын теором бол 2 хэмжээст мэдлэг байна. Гурвалжны бага хоёр талын квадратын нийлбэр их талын квадраттай тэнцэнэ гээд бид хавтгай цаасан дээр, шугаман өгүүлбэрээр буюу 2 хэмжигдэхүүнээр тодорхойлчиход хэн ч ойлгоно. Шудрага гэж юу вэ. Энэ Шудрагын тухай мэдлэгийг 10 жилийн сурагчид хэрхэн бид заах вэ. "Төмөр ба Түүний нөхөд" зохиол яах гэж гарсан юм бэ. Учир нь Шудрага гэдэг бол өөрөө 3D хэмжээс, огторгуйн биет, маш комплекс мэдлэг юм. Хүүхэддээ Шудрагын талаар яриад ойлгуулах гээд үз. Ном уншуулаад үз. Хангалтгүй л байх болов уу. Өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх, өөрийнх нь арьс маханд мэдрүүлэх гээд олон зүйл хийх хэрэгтэй болох байх даа.

ШУДРАГА бол 3D мэдлэг юм.

Бидний тархи 3D бүтэцтэй. Тийм учраас бидний тархи 3D буюу 3 хэмжээст огторгуйд сэтгэдэг. Бидний сэтгэлгээ 3 хэмжээстэй. Тийм байхад бид 3 хэмжээстэй ШУДРАГЫН талаарх мэдлэгийг яаж 2D хэмжээс дээр суурилсан боловсролын системээр дамжуулж олгох болж байна? Дан ном уншуулаад, ангид модон сандал дээр суулгаад хүүхдүүдээ ШУДРАГА хүмүүс болгох гээд үз. Бүтэхгүй л болов уу. Тэд логарифм яаж хувиргах тухай, дэлхий 5 тивтэй байдаг тухай 2D мэдлэгүүдийг бол аваад л гарч ирэх байх. Харин хамгийн чухал 3D мэдлэгүүд яах вэ.

Хүн боловсролын системд баахан цаг алдаж алдаж амьдрал дээр гарч ирээд 3D мэдлэгүүдийг туршлага маягаар бага багаар олж авч эхэлдэг. ШУДРАГА бол 3D учраас эхлээд нэг өнцгөөс нь харна, дараа нь тойруулж хараагүй өнцгөөсөө хараад гайхна. Хүрч үзнэ. Өргөж үзнэ. Ингэсээр яваад насан эцэслэх үедээ л 80 хувийг нь ойлгож чадвал их юм. (би ч бас) Ийм л учраас ФИЛОСОФИ дээр суурилсан цоо шинэ, дэлхийд байхгүй боловсролын системтэй болох тухай би ярьж байгаа. Яахав хүмүүс 2D мэдлэгээс эхлээд ямартай ч 3D мэдлэг хүртэл явдаг юм биз. Тэгвэл 4D мэдлэгийн тухай яах билээ? Чингис хааныг бодож үзье. Би дээр хэлсэн. Хөгшрөх тусам хүмүүс 3D мэдлэгтэй болдог юмаа гэж. Сонирхолтой нь Чингис хаан хар залуудаа л 3D мэдлэгтэй болсон байв. Бүүр тэр нь 4D байсан шиг санагддаг.

Стив Жобс, Чингис хаан, Будда, Ганди зэрэг мэдлэгийг амьдралын эрхээр алгуур биш харин араас нь хөөцөлдөж, залуу насандаа дараагийн хэмжүүрт нь хүрч чадсан хүмүүс зөндөө л байдаг.

Тэгвэл 4D мэдлэг гэж юу вэ

4 хэмжээст мэдлэг гэдэг нь ЦАГ ХУГАЦААНЫ хэмжүүрийг өөртөө нэмсэн мэдлэг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн дор багтаасан, аль ч цаг үед үнэн байх мэдлэг гэсэн үг. ШУДРАГА гэдэг ойлголтыг орон зайн аль ч үед үнэн байхаар 3D хэмжээст тодорхойлсон бол одоо цаг хугацааны аль ч үед үнэн байхаар тодорхойлно гэсэн үг. Тийм ойлгож ядаад байх зүйл биш. Хүн төрлөхтөн мэдлэгийн 4D төвшинд хүрэхээр цаг ямагт л тэмүүлж ирсэн нь харагддаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд КОМПАНИ байна. Алсын хараа (Vision), Эрхэмсэг оршихуй (Mission), Үнэт зүйлс (Values)  зэрэг нь тухайн компанийн Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн зэрэг үнэн тодорхойлж, тэр компанийн талаар зөв мэдлэг бий болгох зорилготой л ойлголтууд юм. Хүн боловсролын систем, амьдралын хар туршлагаар яваад 200 жилд ч олохгүй 4D мэдлэгийг 20 настайдаа олж болно. Тэгэхийн тулд хүн философич байх хэрэгтэй болдог.

Дэлхийн агуу том нээлтүүд хийсэн эрдэмтэд бүгд Философичид байдагт гайхах зүйлгүй. Кант, Ньютон, Адам Смит гээд бүгдийг нь нэрлэж болно. Бидний тархи гурван хэмжээстэй бөгөөд дөрөв дэх хэмжээс буюу цаг хугацааг төсөөлөлдөө бий болгож чадах боловч тав дахь хэмжээс гэж бас бий. Уг нь бол бидний тархины суурь бүтэц нь таван хэмжээстэй боловч бид гурван хэмжээс дээр л ажилладаг.

Цөмийн физик буюу Квант физик нь Атомоос цааш бүтэц буюу ертөнцийн бодис, юмс үзэгдлийн хамгийн суурь бүтцийг судладаг. Одоогийн байдлаар физикч нарын хамгийн зөв болов уу гэж бодож байгаа нь дээрх зураг буюу Стандарт Модел юм. Стандарт модел нь зөвхөн бодисийг тайлбарлаад зогсохгүй Ертөнцийг өөрийг нь тэр чигт нь - энергийг, таталцалыг тайлбарлах гэж оролддог.

Бидний мэдэх электроноос авахуулаад нийт 16 бодислог/долгиолог нэгжүүдийн харилцан үйлчлэлээс ертөнц тогтдог гэж "таамагладаг". Өөрөөр хэлбэл бид ертөнцийн бодислог тал нь молекул, атомоос тогтож байгааг баттай мэдэх боловч түүнээс цааш тун боломжийн таамаглалтай л сууцгааж байгаа гэж хэлж болно. Квант эрдэмтэдийн тайлж чадахгүй байгаа гол нууц нь Таталцал/Татах хүч юм. Энэ бол ертөнцийн тавдах хэмжээс гэж хэлж болно.

Эсвэл зураг дээрх 16 нэгжийн харилцан үйлчлэл нь тавдах хэмжээс гэж хэлж ч бас болно. Харамсалтай нь Стандарт Модел Таталцалыг тайлбарлаж чадахгүй байна. Яагаад бид одоо болтол ертөнцийн сууриа нээж чадаагүй явна вэ. Яагаад гэвэл бидний тархи 3 ба 4 хэмжээс дээр л сэтгэж чадна. 5 дахь хэмжээс дээр сэтгэж чадахгүй байгаа юм.

Ер нь чадах уу? Мэдэхгүй.

Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол бид дэлхийд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн олж авъя л гэж бодож байгаа бол Философи дээр суурилсан цоо шинэ Боловсролын системд шилжиж 3 ба 4-р хэмжээс дээр сэтгэдэг хүүхдүүдийг бэлтгэж гаргах хэрэгтэй. 

 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
ЗОЧИН 2017 оны03 сар / 16 20:48

ШИНЭ ТУТАМ ТҮГЖ БУЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙН ҮНЭР БАЙНА ГЭДГИЙГ ӨМНӨ Ч МЭДЭГДЭЖ БАЙСААН... БАЯР ХҮРГЭЕ

ЗОЧИН 2017 оны03 сар / 16 20:48

ШИНЭ ТУТАМ ТҮГЖ БУЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙН ҮНЭР БАЙНА ГЭДГИЙГ ӨМНӨ Ч МЭДЭГДЭЖ БАЙСААН... БАЯР ХҮРГЭЕ

bayarlalaa 2016 оны08 сар / 15 21:58

heregtei zuiliig mine goyo oilguulj ogsond bayarlalaa ehlel n joohn tiim bn

Guest 2016 оны05 сар / 10 03:29

Монголчууд энэ талаар нилээд эртнээс судлах гэж оролдож байсан мэдээ баримтууд байдаг. Хэрэгтэй мэдээлэл . Цуврал хичээл маягаар хялбаршуулж тайлбарлавал залуус ойлгох нь амар болов уу? Баяраллаа.