Хөрөнгийн зах зээл

Шинэ нөхцөл 2016-01-22 14:06

Г.Мөнх-Эрдэнэ /Хөрөнгө оруулалтын шинжээч/

“Монгол шуудан” компанид шинэ нөхцөл байдал үүсээд байна. 100 хувь төрийн өмчит компани байсан өнгөрсөн  оны арванхоёрдугаар  сарын 28-наас энэ оны нэгдүгээр  сарын 06-ны хооронд 34 хувиа хөрөнгийн зах дээр арилжаалж  нээлттэй компани болсон бол тус компанийн  хувьцааны хоёрдогч зах зээл удахгүй нээгдэхээр боллоо. 

Анхдагч зах зээл дээр хувьцаа худалдан авах захиалга нийлүүлэлтээс зуун  хувь илүү байлаа. Энэ нь хоёрдогч зах зээлд хувьцааны ханш өсөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Учир нь анхдагч зах зээлд нийт эрэлтийн 50 хувь  нь  л хангагдсан гэсэн үг.
 
1. Дотоодын институциональ хөрөнгө оруулагч орж ирлээ. Энэ нь “Ард Сан­хүүгийн Нэгдэл” юм. Андеррайтерийн компанийн зүгээс 10,000 ширхэгээс бага худалдан авах захиалга өгсөн бүх хөрөнгө оруулагчдын хувьцааг тэргүүн ээлжинд 100 хувь нийлүүлж, үлдсэн хувьцааг том хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн тараасан. Ингэснээр ХҮРТЭЭМЖТЭЙ мөн ТЭГШ хувьчлалыг хийж чадлаа. 
 
Шинэ орчин
 
6.2 тэрбум төгрөг босгосноор ажил дуусч байгаа хэрэг биш ээ. Харин ч эсрэгээрээ ажил эхэлж байна. Хөрөнгө оруулагч бүр ашгийн төлөө явж байгаа. Тэгэхээр урт, дунд, богино хугацаанд  ханш өсөх үү? унах уу? гэдгийг тодорхойлох ёстой гэсэн үг. 
 
Богино хугацаанд суурь бус хүчин зүйлээс хамаарч ханш өсөх тохиолдол бий. Жишээ нь, анхдагч зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээс зуун хувь  илүү байвал хоёрдогч захад ханш өсөх тохиолдол бий. 

Харин дунд ба урт хугацаанд яах вэ?
 
Дунд ба урт хугацаанд компанийн суурь үзүүлэлт сайжирснаар хувьцааны ханш өснө.Суурь үзүүлэлт гэдгийг компанийн орлого, ашиг, мөнгөн урсгалын өсөлт гээд ерөнхийд нь ойлгочихож болно. Тэгвэл эдгээр үзүүлэлтүүд ямар хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх вэ? Хүчин зүйлсийг эх сурвалжаар нь гадаад ба дотоод хүчин зүйлс гэж ангилдаг. Жишээ нь, макро эдийн засгийн уналт нь компанийн орлого ашгийг бууруулж хувьцааны ханшид сөргөөр нөлөөлнө. Энэ бол гадаад хүчин зүйлс. Гадаад хүчин зүйлсийг компани өөрөө удирдах боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан таамаглал хийж эрсдэлээ тооцох замаар нөлөөллийн хүчийг сулруулж чадна. 
 
Харин дотоод хүчин зүйл гэж юу вэ?
 
Олон хүчин зүйл байгаагаас тус компанийн хувьд “хувьцаа эзэмшигчдийн нэгдмэл байдал” маш их анхаарал татаж байна. Монгол Шуудан ХК-ийн хувьд 34 хувийг хувьчлан авсан хөрөнгө оруулагчид нэгдэн хамтран ажиллах, мөн төрийн 66 хувьтайгаа гар нийлэн ажиллах шаардлага үүсч байна. Энэхүү хамтран ажиллах эв зохицол бүрэлдсэнээр ком­пани дунд ба урт хугацаандаа тогтвортой тасралтгүй ажиллаж үүний хэрээр санхүүгийн гүйцэтгэл нь сайжрах юм. 
 
Иймээс жижиг хөрөнгө оруулагчид энэхүү зохицол хэрхэн бүрэлдэхийг анхааралтай ажиглаж мэдээлэлтэй байх шаардлагатай.  Удахгүй “Хувьцаа эзэмшигчдийн хурал” болох бөгөөд одоогийн ТУЗ нь шинэчлэгдэнэ. Шинэчлэгдсэн ТУЗ нь зөв бүрэлдсэн цагт ажил цаашаа явна. Хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 1/3-ээс багагүй  нь хараат бус гишүүн байх ёстой бөгөөд эдгээр гишүүд нь жижиг хувьцаа эзэмзшигчдийн эрх ашгийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэх учиртай. 
 
Энэ бүх мэдээллийг авахын тулд “Хувьцаа эзэмшигчдийн хурал”-даа заавал суу. ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу мэдээллээ сайтар ав. Брокерийн компанитайгаа нягт холбоотой бай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД