Дэлхий 2016

Өмнөх ба дараах 25 жил 2016-05-31 13:46

Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. Тус дугаарын Монгол секцийн нийтлэл. 

 

Л.Бямбаа

Шилжилтийн 25 жил

Дэлхий даяар эдийн засаг бизнесийн мөчлөг богиносож, үйл явдлын хэмнэл улам хурдассаар. Хоёр, гуравхан жилийн дотор компаниуд хэдэн сая хэрэглэгчтэй, хэдэн тэрбум долларын орлоготой болж өсөн дэвжиж чадаж байна, өмнө нь үүнд хэдэн арван жил зарцуулдаг, хүчирхэг улс гүрэн үүсэхэд хэдэн зуун жил шаардагддаг байв. Ингээд бодохоор 25 жил багагүй хугацаа, Монгол энэ хооронд юу амжуулав?
 
Ерээд оны эхээр хаашаа шилжиж байгаагаа гүйцэд мэдэлгүй, зах зээлийн эдийн засаг хэмээн дайран орсон, мөн чанарыг нь ухаараагүй, зах зээлийг хөдөлгөж байдаг зүйлсийн зүй тогтол, далд үйлчлэлийн учрыг нь олж хараагүй үе байсан гэж хэлж болно. Хэн түрүүлж нөгөөгөө луйвардаж хувьдаа илүү мөнгө олно тэр хожно гэдэг зарчмыг чөлөөт зах зээл гэж заримдаа ойлгосон мэт. Харин зах зээлийн үндэс нь хувийн хэвшил, санхүүгийн зах зээл итгэл, итгэлцэл, цаашилбал хариуцлага дээр тогтдог гэдгийг одоо л мэдэрч байх шиг. 
Ингээд нэг алхам урагшилж хоёр алхам хойшилсоор явтал 2015 он дуусч, эдийн засагт нүүрлэж буй олон хүндрэл бэрхшээлийн гэрч болон улирч байна.
 

Эдийн засаг 2015 онд
 
2010 оны хямралаас хойш 2015 он Монголын эдийн засгийн хувьд хамгийн хүнд жил боллоо гэдэгтэй хүмүүс санал нийлнэ. Үүнийг ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн, ДНБ өсөлт зогссон, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан, төсвийн алдагдал өндөр зэрэг үзүүлэлтээс харж болно.
Мэдээж хүндрэлд гадаад орчин сайнгүй байсан нь нөлөөлсөн хэдий ч манай эдийн засаг суурь бүтэц, тогтолцооны хувьд ямар эмзэг, сул дорой болохыг харуулсан гэлтэй. ДНБ-ий өсөлт нь заримдаа 10 хувь хол давж байсан нь тохиолдлын чанартай, гадаад хөрөнгө оруулалт бүхий нэг уурхай, гадаад зах зээлийн үнэ ханш нааштай байснаар тайлбарлагдана. Харин ГШХО, уул уурхай гэсэн хоёр зүйлийг хасахад суурь муутай, дархлаа сул ядруухан эдийн засгийн бүтэц харагдана. Тиймээс ч, дэлхийн уул уурхайн хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойших эхний уналтыг сөрөн зогсож чадалгүй хүндэрч, 25 жилд бүтээсэн эдийн засгийн суурь тун тогтворгүй, мөн эргэлтийг нь хангаж байсан мөнгө биднийх биш болж таарав.
 
Эдийн засаг 2016 онд
 
2016 онд гадаад орчны тухайд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ сэргэхээргүй байна. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарын хандлагыг харахад хөгжиж буй орнуудын эдийн засаг саарна гэсэн хүлээлттэй тул хөрөнгийн урсгал хөгжилтэй орнууд руу чиглэж эхэлсэн. Улмаар, хөгжиж буй орнуудын огцом өсөлтийн мөчлөг дуусч байгааг хүлээн зөвшөөрч шинэ тэнцвэрийн талаар ярих болов.
 
Энэ чиг хандлагыг баталгаажуулан он солигдохын даваан дээр АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг нэмсэн тухай шийдвэр гарлаа. Мөн Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ байгуулагдсан нь дэлхий нийтийн нүүрсний хэрэглээг бууруулах нь тодорхой болов. Үүнээс гадна, Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээг зурсан, үл хөдлөх хөрөнгийн барьцааны талаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан нь 2016 оны Монголын эдийн засгийн төлөвт ихээхэн нөлөө үзүүлэхээр байна. 
 
Банкуудын ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлт буурч байгаагийн дотор зээлийн багцын чанаргүйдэл огцом нэмэгдэж буйг Цэцийн шийдвэр даамжруулах бололтой. 2017 оноос эхлэн төлөгдөх хуваарьтай бондын үндсэн төлбөрийг 2016 онд бүрдүүлэх ёстой ч эх үүсвэр хомс байх магадлал өндөр байна.
 
2016 онд улс төрийн сонголт хийнэ, үүнээс дутахгүй чухал нь эдийн засгийн сонголт хийх цаг тулж иржээ. Түр зурын зохиомол өсөлт гаргах нь чухал уу, олон жилийн турш тогтвортой байх нь чухал уу? Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар мөнгөн урсгалаа хангаж дотооддоо бизнесийн циклийг хянах боломжоо алдах уу, эсвэл үндэсний хуримтлалыг одооноос дэмжиж эхлэх үү? Хялбар шийдэл уул уурхайг цаашид сууриа болгох уу, эсвэл бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үү? Одоо үеийн иргэдээ бодох уу, дараагийн залгамж үедээ санаа тавих уу? Банк давамгайлсан санхүүгийн салбараа хадгалах уу, эсвэл бизнес, иргэдэд санхүүгийн шийдлийн өргөн сонголт олгосон санхүүгийн цогц салбартай болох уу? Орлогын хуваарилалтыг шударга байлгах уу, цөөн тооны чинээлэг бүлэглэлтэй үлдэх үү?
 
Алдаагаа засах ажил алдаагаа зөв оношлон хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Жишээ нь, Хятад тоон өсөлтийн араас хөөцөлдөхөө больж, бүтцийн өөрчлөлтийг эрхэмлэнэ гэдгээ зарласан, Австрали газар тариалан, мэдээллийн технологи, боловсрол зэргийг голлон экспортолж уул уурхайг орлуулах төлөвлөгөөг хэдийнэ боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь биднийг үлгэрлэн дууриахыг уриалах мэт.
 
2016 оноос цааш
 
Дэлхийн олон оронтой харьцуулахад Монгол Улсад харьцангуй давуу тал, суурь эерэг өгөгдөл их бий. Одооноос 25 жилийн өмнөх шиг мэдээгүй, ойлгоогүй байсан гэх тайлбар одоо утгагүй. Дараагийн 25 жилд Монголыг хэрхэн төсөөлж байна  вэ? 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД