Дэлхий 2017

Санхүүгийн зах, 2016 онд 2016-06-03 09:25

Mongolian Economy сэтгүүл энэ оны эхэнд  The Economist сэтгүүлийн  "Дэлхий 2016" тусгай дугаарыг албан ёсны эрхтэйгээр  монгол хэл дээр хэвлэсэн билээ. Тус дугаарын Монгол секцийн нийтлэл. 
 
 
Эдийн засагч Ө.Ганзориг
 
Өнгөрсөн жилүүдэд шийдэж чадаагүй олон асуудал биднийг 2016 онд хүлээж байна. Өндөр зээлийн хүү, баян хоосны ялгаа, компаниудын олон улсад өрсөлдөх чадвар, ажиллах хүчний бүтээмж гэх мэт урт жагсаалт хөвөрнө.
 
Монгол Улсын 2020 он хүртлэх өнгө төрх 2016 онд тодорхойлогдоно. Бид улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг сайтар ажиглах хэрэгтэй. Өмнөх шигээ хүн бүрийн мэдэх, цаг зуурын, популист асуудлуудаа барьж авах уу. Эсвэл улс орны хөгжил дэвшлийн асуудлыг цогцоор нь, суурь бүтцийн түвшинд зориглон барьж авах уу. Үүнээс Монгол Улсын 2020 он хүртлэх хөгжлийн хандлага тодорхойлогдоно.
 
1604 оны дэлхийн анхны Глобал корпораци, XVIII зууны Аж үйлдвэрийн хувьсгал, 2007 оны iPhone, 2015 оны Тесла моторз бүгд санхүүгийн захын үр нөлөө юм. Санхүүгийн зах бол мөнгөний дэд бүтэц. Мөнгө чөлөөтэй, зөв урсаж байж хөгжил дэвшил ирдгийг дэлхийн түүх нотолно. Бид 2016 онд энэ чухал асуудлыг зоригтой барьж авах хэрэгтэй.
 
Санхүүгийн зах гурван тулгуур институц болох банк, даатгал, хөрөнгийн зах дээр суурилж хөгждөг. Гэтэл 2015 оны байдлаар Монголын санхүүгийн захын 96 хувийг банк дангаар бүрдүүлж байна. Даатгал, хөрөнгийн захыг цоо шинээр хөгжүүлэх, банкны захыг улам төгөлдөршүүлэх хэрэгтэй байна.
 
Хөрөнгийн зах
 
Баялгийн хуваарилалтыг зөв хийдэг шалгарсан механизм нь хөрөнгийн зах. Нөгөө талаас үндэсний корпорациуд томрох, олон улсад өрсөлдөх боломжийг өнөөх л хөрөнгийн зах бий болгож чадна. Өнгөрсөн жилүүдэд бид төрийн оролцоотойгоор баялгийн хуваарилалт хийх гэж оролдох бүртээ бүтэлгүйтэж байв. Хэрэв улстөрийн намууд 2016 онд дахиад ямар нэгэн зүйл хуваарилах амлалт өгвөл, үндсэндээ сургамж аваагүй байна гэж дүгнэж болно.
 
Зах зээлийн эдийн засагт баялгийн хуваарилалтыг хэн нэгэн субъект биш харин зөв хөгжсөн хөрөнгийн зах хийдэг. Бид хөрөнгийн захын хөгжлийг Хөрөнгийн биржтэй холбож авч үздэг гэнэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Хялбаршуулж ойлговол Хөрөнгийн бирж  ердөө л дэлгүүр юм. Лангуун дээр бараа байхгүй, дэлгүүрт худалдан авагч орж ирэхгүй бол яалтай билээ. Лангуун дээрх бараа буюу хувьцаа, бондын нийлүүлэлт хангалттай их байх боломжтой. Харин худалдан авагч байхгүй байна. Хөрөнгийн захын үндсэн худалдан авагч нь Хөрөнгө оруулалтын сан байдаг. Хөрөнгө оруулалтын санг хөгжүүлж, компаниуд мөнгө босгох, иргэд амжилттай компаниудын эзэд болох боломжийг яаралтай бүрдүүлэх нь зөв.
 
 
Даатгалын сектор
 
Иргэдээ эрсдлээс хамгаалахын тулд даатгалыг хөгжүүлэх хэрэгтэй. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бүрэн хамгаалагдсан, айх аюулгүй орчныг бий болгох нь төрийн үүрэг мөн. Үүний тулд одоо байгаа улсын нийгмийн даатгалын системийг зоригтой шинэчлэх шаардлагатай. Харьцуулж үзэхэд дундаж цалинтай иргэн, улсын системд төлж буй эрүүл мэндийн даатгалын шимтгэлээрээ дор хаяж 50 сая төгрөгийн эрүүл мэндийн хамгаалалт авах боломжтой гэсэн тооцоо гарч байна. Тэтгэвэрт гарч буй иргэн ч насаараа төлсөн шимтгэлтэйгээ дүйх шударга тэтгэвэр авах эрхтэй. Улсын болон хувийн даатгалын зөв зохистой, хосолмол тогтолцоог яаралтай бий болгох шаардлага тулгараад байна.
 
Хүмүүсийн дээрээс барилгын тулгуур төмөр, тоосго унаж байна. Энэ бол барилгын хариуцлагын эрсдэл. Энэ эрсдэлтэй дэлхий даяараа хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлж амжилттай тэмцэж байхад, манайд таг чиг л байна. 2016 онд бидний хийх ёстой ажлуудын нэг.
 
Банкны сектор
 
2015 онд банкны секторт 2009 онтой төстэй дүр зураг үүссэн. 2015 оны эцэс гэхэд банкуудын олгосон зээлийн хэмжээ оны эхнээс тав орчим хувиар буурсан гарчээ. Нийт харилцах, хадгаламжийн хэмжээ мөн бага зэрэг буурсан харагдаж байна. Муу зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ихэвчлэн уул уурхай, барилгын салбараас улбаатай. Улирсан оны арванхоёрдугаар сард Оюутолгой төслийн хоёрдугаар шатны 4,4 тэрбум долларын санхүүжилт бүтсэн баяртай мэдээ гарсан. Энэ нь 2016 онд банкны секторт бодитой түлхэц үзүүлж чадах гол хөшүүрэг болоод байгаа юм. Үндсэндээ гурван жилийн өмнөөс Монголын эдийн засгийг хүндрэлээс гаргах үндсэн амь тариа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь харагдсан. Ирэх оны хувьд нэгэнт түүхий эдийн үнэ ханш олигтой өсөх хандлага харагдахгүй байгаа тул бид гадаадын шууд хөрөнгө оруулалтад найдахаас өөр аргагүй байдалд хүрнэ.
 
Сонгууль
 
2016 оны сонгуульд бид илүү хэрсүү, илүү ухаалаг орох хэрэгтэй. Ханиалга бол ердөө шинж тэмдэг. Ханиалга дарах эм уугаад, ханиалгыг бий болгож байгаа сүрьеэг бид эмчилж чадахгүй. Монгол Улсын эдийн засагт байгаа маш олон асуудлын суурь нь санхүүгийн зах зээлтэй холбогдоно. Тийм учраас намууд сонгуульд орохдоо суурь асуудлаа барьж авах  хэрэгтэй. 
 
 
Улс төрийн намууд 2016 онд дахиад ямар нэгэн зүйл хуваарилах амлалт өгвөл үндсэндээ сургамж аваагүй байна гэж дүгнэж болно

    

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД