Аялал жуулчлал

Монголд ирэх жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ 2016-10-13 18:42

Bloomberg Businessweek-ийн 2016 оны гуравдугаар сарын дугаараас дараах өгүүлбэр ихээхэн анхаарал татлаа. Утгачилбал, “Улаанбаатар хүртэл аялж, бүүр ариун цэврийн цаасаа биедээ авч очих хэрэгтэй болсноо гайхуулдаг  жуулчид одоо Хойд Солонгосыг зүглэж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол бол Хойд Солонгосоос ялгаагүй, өндөр эрсдэлтэй, нилээд зориг гарган байж очих улс юм байна л даа. Саяхан Америкийн иргэн Хойд Солонгосын нисэх буудлаас зурагт хуудас хуулж авсныхаа төлөө олон жилийн хорих ялаар шийтгүүлснийг сануулах юун. Монгол эсвэл Төвдөд очоод ирлээ гэх нь маш содон,  эрсдэлтэй сонсогддог юм байх. Ийм улсууд руу адал явдал хайгч, эрсдэл хийгчид л аялах нь.
 
Уг нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд заавал өндөр хөгжилтэй орон байх шаардлагагүй. Жишээ нь, тайландчууд аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлснээр  жилд 30 сая жуулчин хүлээн авч, 42 тэрбум долларын орлого олж байна. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 1,400 доллар олсон гэсэн үг.
 
Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр үндэсний агаарын компаниудаас эхлээд зочид буудал,  хоолны газар,  үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр гээд бүхий л салбарт тогтмол орлого орж, ажлын байр нэмэгдэж байдаг.
 
Монгол Улс хэдийгээр аялал жуулчлалын яамтай ч хөгжлийн тухай олон жил хоосон ярилаа. Үр дүнд хүрсэн болов уу?
 
Сүүлийн зургаан жилийн статистикаас харахад манай улсад жуулчдын тоо ч, орлого ч  өссөнгүй. Ердөө 200 гаруй сая доллар л энэ сектороос олж байна. Энэ нь нэг жуулчин  дунджаар 500 орчим  долларын орлого оруулж байгаа хэрэг юм. Тайландтай харьцуулахад бараг гурав дахин бага гэсэн үг. Манай хоол, буудал, унаа тээвэр Тайландынхаас хямд байж чадахгүй. Харин бид ирсэн жуулчдаа сайн “сааж” л чадахгүй байгаад хамаг учир оршиж  байна.
 
Монголд ирсэн бүх жуулчдаа аваачдаг Тэрэлжийн Мэлхий хадныхаа дэргэд л бие засах газар барьчихаж чадахгүй байгаа бидний хувьд энэ нь арга ч үгүй биз дээ.
 
pssing-man
 
Бизнес Санаа
 
Блүүмберг дээр бичсэнээр бол манайд Парисын Дар эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Диснейлэнд үздэг төрлийн жуулчид ирэхгүй нь. Иймээс бид маркетингийн аргаар жуулчдын шинэ урсгал бий болгох шаардлагатай юм. Хоосон хүлээгээд тэд бидэн дээр ирэхгүй нь.

Хэрхэн хийх вэ?  
 
Юуны өмнө бага зэрэг түүх ярьцгаая.
 
Орчин цагийн туркүүдийн эртний өвөг дээдэс нь болох Түрэгийн хаант улс өнөөгийн Монгол Улсын газар нутаг дээр МЭ 500 – 700 орчим оны үед буюу одоогоос 1400 орчим жилийн өмнө оршин тогтнож байжээ.
 
Орхоны хөндийд байх Түрэгийн Билгэ хаан болон сайд Күл-Тигинд зориулан түрэг бичгээр бичиж босгосон гэрэлт хөшөөг бид мэднэ. Мөн Налайхын хажууханд байрлах Түрэгийн их сайд Тонюкукийн бичигт хөшөө гэж бас бий (Энэ хөшөө рүү Турк улс өөрийн хөрөнгөөр засмал зам тавьсан).
 

Мөн Орхоны сав газраас баруун тийш орших Отгонтэнгэр уул нь бөө мөргөлтөн түрэгүүдийн хувьд шүтээн уул нь байсан тухай зарим эх сурвалжид дурдсан байдаг. Иймээс түрэгүүдийн шүтдэг дээд тэнгэр болох Отукенээр Отгонтэнгэр уулыг нэрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Отгонтэнгэр уулын Отгон нь монгол хэлний айлын бага гэсэн утгатай биш, харин Отукен буюу бөөгийн дээд тэнгэрийн нэр бололтой. (Отукен Тэнгэр – тэнгэр нь монгол ба түрэг хэлнээ ижил)
 
13256546_1595229727473752_9048646132883742338_n
 
Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой, эцэг өвгөдийнх  нь түүх домгийг өгүүлэх өнө эртний дурсгал бүхий газрууд Монгол Улсад байна.
 
Дэлхий дээр түрэг гаралтай буюу Turkic хүмүүс 140–160 сая байдаг гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг байна. Харамсалтай нь Турк улсын вики хуудсанд тэдний гарал үүслийг төдий л нарийвчилж дурдаагүй байна. Харин нэлээд хойно Грект нүүдэллэн очиж, грекүүдийг шахаж өөрийн нутагтай болсон тухай ихэвчлэн бичжээ. Туркүүд ер нь Монгол Улсад байгаа Түрэгийн нэн эртний үеийн дурсгал, хөшөө, бичээсийн тухай мэддэг болов уу?
 
Гэтэл туркүүд гадаадад аялахдаа жилд 5 орчим тэрбум доллар зарцуулдаг байна. Нийт гадагшаа зорчдог урсгал нь зургаа орчим сая хүн ажээ.
 
Бид нэг бол жуулчид өөрсдөө ирэхийг хүлээгээд суугаад байж болно. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болж байна. Мөн Туркийн сошиал медиа орчинд идэвхжүүлэлт хийж болно. Туркүүд өөрсдийн гарал үүсэл, хөшөө дурсгалыг үзэхээр Монголд аялж болно шүү дээ. Ирэхэд нь харин Мэлхий хадныхаа дэргэд бие засах газар  барьсан байх хэрэгтэй.
 
 
 
 

Ө.Ганзориг

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
zochin 2016 оны12 сар / 22 12:06

Ganzorig chi yu meddeg yum be? hudlaa yarisan gar chini hiisen yum meddeg uym gej ogt bhgui shdee hudlaa yarj chaddag bolovson bh heregtei ner tur ambitsad durtai bol hunleg bai