Үнэ ханш

Долларын ханш ба долларын хадгаламжийн хүү 2016-11-21 10:51

Б.Мөнхзаяа (Ph.D, СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч)

Долларын ханшийг бууруулахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эсвэл эрэлтийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Нийлүүлэлт нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийн үр дүн харьцангуй урт хугацаанд гарах төлөвтэй байна. Харин эрэлтийг бууруулах тал дээр импортын барааны эрэлтийг бууруулах бодлогын арга хэмжээнүүдийг авах, зохицуулалт хийх, 2009 онд баталсан “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мөн долларын хадгаламжийн хүүг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж болох юм. Энэхүү нийтлэлдээ долларын хадгаламжийг бууруулах хэрэгцээ шаардлага, боломж байгаа эсэхийг тодорхойлохыг зорилоо.

Зураг 1. Долларын ханшийг буулгах арга зам

 

Иргэд, бизнесийн байгууллагууд долларын ханш өснө гэсэн хүлээлтээр төгрөгийн ханшаа доллар руу шилжүүлж байна. Хадгаламжийн хүүг бууруулах нь ханшид үзүүлэх нөлөө харьцангуй бага ч цаашид тодорхой хэмжээгээр долларын эрэлтийг бууруулах нөлөөтэй. Ханшийн савалгаа бага нөхцөлд доллараар хадгаламж хийх нь төгрөгөөр хадгаламж хийснээс бага ашигтай байдаг. Харин одоогийнх шиг хэлбэлзэл өндөр нөхцөлд доллараар хадгаламж хийх нь ашигтай. Тиймээс ханш өсөж байгаа энэ үед долларын хадгаламж аль ч тохиолдолд ашигтай болоод байна.

2016 оны есдүгээр сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү дээд тал нь 18 хувь, долларын хадгаламжийн хүү 10.2 хувьтай буюу зөрүү нь 7.8 хувьтай байсан. Харин жигнэсэн дундаж хүүгээр тооцож үзвэл төгрөгийн хадгаламжийн хүү 13.2 хувь, долларынх 6.5 хувьтай байсан. Энэ жил долларын ханш оны эхнээс 22.3 хувиар өссөн ба хэрэв 6.5 хувийн хүүтэй хадгаламжид доллар байршуулсан бол бодит өгөөж 39 хувь гарахаар байна. (Оны эхэнд долларын ханш 2011, одоогийн ханшийг 2460 гэж тооцов)  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Долларын хадгаламжийн хүү өндөр байгаа нь долларын эрэлтийг нэмэгдүүлэхээс гадна долларын хадгаламж татсан арилжааны банкуудад хадгаламжийн хүүний зардал нэмэгдэх, банкны систем дэх ашигт ажиллагаа буурах сөрөг талтай. Арилжааны банкууд дахь гадаад валютын харилцах оны эхнээс 49.3 хувиар, хадгаламж 23 хувиар тус тус өссөн байна. Харин гадаад валютын зээлийн хэмжээ 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Арилжааны банкууд зөвхөн долларын хадгаламждаа 6.5 хувиар (Гадаад валютын жигнэсэн дундаж хүү) хүү төлдөг гэж үзвэл гадаад валютын хадгаламждаа төлөх хүүний зардал 23 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байна. Харин төгрөгийн харилцах, хадгаламжийн өсөлтийн хувь гадаад валютын өсөлтийн хувиас 2.5-3.5 дахин бага өсөлттэй байна. Харин валютын зээлийн хэмжээ буурснаас шалтгаалан ханшийн өсөлтөөс банканд ирэх ашиг байхгүй байна. Валютын ханшийн энэ өсөлт нь санхүүгийн системийн тогтвортой байдалд ч сөрөг нөлөө үзүүлэх учир хүү бууруулах, эсвэл хүүг тэглэх арга хэмжээ авснаар банкны системд гарах валютын хадгаламжийн зардлаас сэргийлэх боломж бүрдэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: Монголбанкны статистикийн бюллетень 2016 оны 9 сар
 
2008 оны хямралаас өмнө арилжааны банкууд гадаад валютын нээлттэй урт позицтой (Гадаад валютын актив нь гадаад валютын пассиваасаа их) байсан бол 2014 оноос хойш гадаад валютын нээлттэй богино позицтой (Гадаад валютын пассив нь гадаад валютын активаасаа их) болсон. 2016 оны есөн сарын байдлаар арилжааны банкууд 1490.9 тэрбум төгрөгийн гадаад валютын нээлттэй богино позицтой байгаа ба энэ нь гадаад валютын ханш өсч буй тохиолдолд ханшийн тэгшитгэлийн алдагдалд орж байгааг харуулж байна. 2016 оны нэг сартай харьцуулахад арилжааны банкууд гадаад валютын активаа есөн сарын хугацаанд 155 хувиар нэмэгдүүлж нээлттэй позицийн хэмжээг бууруулах, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байгаа эерэг мэдээлэл байгаа боловч гадаад валютын актив, пассивын зөрүү нь өөрийн хөрөнгийн 50 гаруй хувийг эзлэхээр байгаа нь валютын ханшийн өсөлт банкны системд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй болохыг харуулж байна. 
 
 
 
 
 
 
 
 
  
 
 
 
 Эх сурвалж: Монголбанкны статистикийн бюллетень 2016 оны 9 сар
 
Манай хөрш орнуудад долларын хадгаламжийн хүүг харьцуулан үзэхэд Хятад улс 1.24 хувь, Орос улсад 1.4 хувь буюу Монголын долларын хадгаламжийн хүүнээс 4-5 дахин бага хүүтэй байна. (Хүснэгт 4)
 
Долларын хадгаламжийн хүүг 51 улсаар харьцуулан үзэхэд дунджаар 1.68 хувь байгаа ба хадгаламжийн хүү нь дундаж утгаас доош үзүүлэлттэй байгаа улс нь 34 буюу нийт харьцуулалт хийж буй улсын 65 орчим хувийг эзэлж байна. Долларын хадгаламжийн хүүний түвшин өндөр улсад Украйн (8%), Зимбабве (6%), Камбож (5%), Афганистан (4.5%), Уганда (4%) улсууд орж байна. Эндээс манай улсын долларын хадгаламжийн хүүний түвшин дэлхийн дунджаас хавьгүй өндөр тогтсон бөгөөд эдийн засгийн хувьд хүндхэн байгаа улс орнуудын түвшинд тогтжээ гэдэг нь харагдаж байна. 
 

 
 Гадаад валютын хадгаламжийн хүүг бууруулсан тохиолдолд хэд хэдэн эерэг нөлөө гарах боловч мөн сөрөг нөлөөлөл гарах магадлалтай. Валютын хадгаламжийн хүүг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр валютын эрэлт буурах, банкны системийн зардал буурах эерэг нөлөө байж болох ч иргэд гадаад валютын хадгаламжаа гэнэт их хэмжээгээр татсанаар хөрвөх чадварын эрсдэлд орох сөрөг нөлөө байж болох талтай. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Аливаа бодлогын шийдвэрүүд нь эдийн засагт эерэг, сөрөг нөлөөг аль алийг нь авчирдаг тул тодорхой үе шат хязгаарлалттайгаар хүүг бууруулах, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж дүгнэж байна.
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
hulangoo 2017 оны02 сар / 02 13:58

goy niitlel bn bayrlla