Эдийн засаг

Бие даах чадвар уу, бэлэнчлэх сэтгэлгээ юү 2016-11-21 10:31

Б.Түвшин (Эдийн засагч)

Монгол Улс ардчилал, чө­лөөт зах зээлд шилжсэн цагаасаа эхлээд л төв­лөрлийг сааруулахыг зорьж ирэв. Тиймээс ч 1992 оны Үндсэн хуулиараа нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийг байгуулсан. Гэтэл түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчихөөд байхад төвлөрлийг сааруулах зорилго маань биелсэнгүй. Энэ хооронд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа гаарч, амьдралын таатай орчин эрэлхийлсэн хүмүүсийн нүүдэл нийслэл хот руу тасралтгүй хөвөрсөөр. Монгол Улсын нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх “жижигхэн” Улаанбаатарт нийт хүн амын бараг тал нь бөөгнөрөөд байна. Нийслэл хотын иргэд олшрохын хэрээр тэдний ажиллаж, амьдрах орчин, дэд бүтэц, тэдэнд хүргэх төрийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаж байгаа юм. Гэтэл нийслэлийн ч тэр, хөдөө орон нутгийн ч тэр хөгжил удаашралтай байгааг сануулах юун. Яагаад ийм байдалд хүрэв?     

Бүх зүйл мөнгөтэй холбоотой. Эрх мэдэл, үүрэг хариуцлага гэдэг чинь хуульчлаад л болчихдог эд биш. Энэ бүхэн мөнгийг хаана хуваарилахаас, түүнийг хэрхэн захиран зарцуулахаас, яаж хянахаас хамаардаг юм гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Өөрөөр хэлбэл, орон нутаг төсвөө төлөвлөх, захиран зарцуулах эрхтэй болж байж л хөгжиж чадна. Орон нутаг гэдэгт аймгууд, тэдгээрийн сумдаас гадна нийслэл, дүүргүүдтэйгээ багтаж байгаа билээ. Харин одоо өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо эргээд нэг харцгаая. 
 
Өмнө нь орон нутгийн төсвийн зарлага улсын төсвийн зарлагын 30 хувийг эзэлж байснаа 2003-2011 оны хооронд 10 хувь болтлоо буурсан байдаг. Төсвийн зарлагын эрх мэдэл салбар яамдын мэдэлд буцаж шилжсэнээр орон нутгийн удирдлагын захиран зарцуулах мөнгөний хэмжээ эрс буурсан нь тэр. Тэгвэл 2011 оны 12 дугаар сард Монгол Улс Төсвийн тухай шинэ хууль баталсан. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн хүрээнд орон нутагт санхүү, төсвийн илүү эрх мэдэл өгсөн нь төвлөрлийг сааруулах нэг том алхам болсон юм. Гэхдээ төвлөрсөн төсвийн бодлого өнөөг хүртэл байгаа учраас орон нутгийн төсвийн бие даах чадвар дорой хэвээр байна. 
 
“Тамга дарах” төдий үүрэг
 
Монгол Улс маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн уламжлалыг хадгалсаар байна гэвэл нэг их буруудахгүй. Учир нь, төсвийн хувьд бүхнийг “дээрээс шийддэг” тогтолцоо үйлчилж байгаа юм. УИХ-аас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ тэр хүрээнд нь төсвөө хэлэлцэж, баталдаг. Тэд зөвхөн “тамга дарах” үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төсвөө өөрсдөө төлөвлөх биш, харин хуваарилалтад нь л анхаарч ажилладаг гэж ойлгож болно. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн дагуу УИХ төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг. Харин аймаг, нийслэлийн ИТХ жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор, сум, дүүргийн ИТХ 12 дугаар сарын 20-ны дотор батална гэсэн заалт бий. Орон нутгийн удирдлагууд төсвийн талаарх саналаа оруулдаг боловч дээрээс хасах, танах асуудал элбэг гардаг нь нууц биш. Ингээд харахаар орон нутгийн төсвийн бие даасан байдал гэж юм манайд алга байна. Сум, дүүргийн төсөв аймаг, нийслэлээс, аймаг, нийслэлийн төсөв улсын төсвөөс хараат байгаа юм. 
 
Бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлсэн нь
 
Орон нутгийн төсвийн орлого нь өөрийн, татвар хуваалтын болон төсөв хоорондын шилжүүлгийн зэрэг хэд хэдэн эх үүсвэртэй. Гэвч татварын орлогын чухал эх үүсвэрүүдийг улсын төсөвт, ач холбогдол багатай татвар, хураамжийг орон нутгийн төсөвт хуваарилсан байдаг. Шинээр татвар бий болгох эрх байхгүй учраас аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн хувьд орлого бүрдүүлэх эрх нь хязгаарлагдмал. Өөрийн орлого бага байдагтай холбоотойгоор орон нутгийн санхүүгийн эрх мэдэл бага, тиймээс ч төвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс хараат болжээ. 2017 онд л гэхэд орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсвийн нийт 15 аймагт 130.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн бай­на. Энэ жилийн хувьд 150 гаруй тэрбум төгрөг олгох тооцоо бий. Ингэхэд, санхүүгийн дэмжлэг сайн үр дагавартай байж чаддаг уу?  
 
Орон нутгийн төсвийн алдагдлыг “санхүүгийн дэмжлэг” нэрээр шууд нөхөж байгаа одоогийн тогтолцоо орон нутгийн Засаг дарга нарыг “бэлэнчлэх сэтгэлгээ”-тэй болгож байна гэж би л хувьдаа боддог. Нэгэнт л алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаагаас хойш орлогын эх үүсвэрээ өргөтгөх, зарлагаа үр ашигтай байлгах тал дээр толгойгоо гашилгах хэрэггүй болчихно. 
Үүний зэрэгцээ орон нутгийн батлагдсан төсвөөс давсан орлогыг Сангийн яам татвар хуваалт, болон шилжүүлгийн орлогыг бууруулах замаар улсын төсөвт татаж авдаг. Нэмэлт орлого оллоо гэхэд дээрээс “хураагаад” авчих учраас төсвийн менежментийн тал дээр орон нутгийн удирдлагууд хойрго хандах нь аргагүй. Энэ мэтээр бүхнийг дээрээс шийдчихдэг учраас аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн удирдлагын хувьд төсвөө төлөвлөх, менежмент хийхэд анхаарах биш, зүгээр л өгснийг нь зарцуулаад явах нөхцөл бүрдчихээд байгаа юм.
 
Орон нутаг биеэ дааж чадах уу?
 
Олон улсын туршлагаас үзэхэд орон нутаг төсвийн бодлогын тал дээр нэлээд эрх мэдэлтэй байдаг. Тэгэж байж л илүү үр ашигтай төсөв боловсруулж, батлах, цаашилбал хэрэг­жүүлэх нөхцөл бүрдэх нь тодорхой. Жишээ татахад, Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн амьдрал, амьжиргааг дээшлүүлэхэд юу хэрэгтэйг, төрийн үйлчилгээг яаж сайжруулж, юунд хөрөнгө оруулах шаардлагатайг, цаашилбал төсвийн орлогын эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлж болохыг хэн сайн мэдэх вэ? Сангийн яамныхан уу, эсвэл Дөрвөлжин сумынхан уу?  
 
Орон нутгийнхан өөрийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг хэнээс ч илүү мэдэх учраас төсвийн эрх мэдлийг “гартаа авчихвал” илүү үр ашигтай зохицуулалт хийж чадах нь ойлгомжтой. Үүнийг манай эрдэмтэн, судлаачид туйлын сайн мэддэг учраас л олон жилийн турш “төвлөрлийг сааруулах хэрэгтэй” гэж зөвлөсөөр ирсэн хэрэг. 
 
Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд ахиц ч гарч байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутагт санхүү, төсвийн илүү эрх мэдэл өгсөн нь сайшаалтай. Үүнээс өмнө орон нутгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газар хариуцаж, орон нутгийн удирдлагууд зөвхөн засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардлаа л хариуцдаг байсан. Тэгвэл дээрх хууль гарснаар хөрөнгө оруу­лалтын зардлын тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлсэн байдаг. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон нутгийн засаглалыг бэхжүүлэх томъёонд суурилсан шилжүүлгийн системийг нэвтрүүлсэн. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөв­лөлтөд иргэдийг заавал оролцуулахаар хуульчилсан нь томоохон дэвшил юм. 
 
Гэтэл УИХ-ын чуулган өнгөр­сөн есдүгээр сарын 9-ний өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулж, дээрх амжилтыг “бүд­гэрүүлчихээд” байна. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийн хувь хэмжээг таначихсан. Тухайлбал, дотоодын ба­рааны НӨАТ-ын 10 хувийг тус санд хуваарилдаг байсныг таван хувь, Ашигт малтмалын нөөц ашигласан төл­бөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэг­жүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувийг хуваарилдаг байсныг 10 хувь болгон бууруулсан. Мөн үндсэн тэнцлийн ашигтай аймгуудаас Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд оруулдаг байсан орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Энэ бүхнээс үзэхэд, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд манай улс урагшлах биш, ухрах зам руугаа орчихоод байх шиг.
 
Эдийн засаг хүнд, төсвийн алдагдал их байгаа учраас үүнээс өөр арга зам байгаагүй гэх. Гэтэл эсрэгээрээ, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх учиртай юм. Энэ бол олон улсын туршлага шүү дээ. Орон нутагт мөнгийг нь өг. Мөнгөө дагаад эрх мэдэл, үүрэг хариуцлага нь шилжээд явна. Тэгвэл орон нутгийн удирдлагууд орлогоо нэмэгдүүлэх тал дээр толгойгоо ажиллуулж, зардлаа үр ашигтай байлгах, хэмнэх асуудлаа хэнээр ч заалгахгүй хийж эхлэх юм. Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж, биеэ даана гэсэн үг. 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
tuya 2017 оны08 сар / 29 09:50

iim l zuiliig bagaas ni ehleed hiih heregtei bgaamdaa odoo belenchleh setgelgee uneheer heres heterch bh shi bnaa

Сайнаа 2016 оны11 сар / 24 15:28

яг л дээдсийн өнцөгөөс биш ард түмний өнцөгөөс харж сайхан нийтлэл бичжээ.

zochin 2016 оны11 сар / 22 13:11

Ta uneheer mundag ymaa niitleluudiig chine bainga unshij bgaa tsaashdiin ajild ni amjilt husie zaluu hund zam ni urt bh bailguidee