Эдийн засаг

Бадарчингийн эрэлд-2017 2017-01-25 09:59

Монголчууд бид “Хонх нь дуугарвал дамар нь таг хоёулаа дуугарвал лам нь таг” гэсэн зүйр цэцэн үгээр ажил хэргээ зо­хицуулж, нийлүүлж чаддаггүй, ажил хэрэг бүтэлгүйтэх гэсэн санааг илэр­хийлсээр иржээ.

Орчин үеийн эдийн засагт мөнгө-валютын зах зээлд ч энэ үгийг ашиглаж болохоор байгаа юм. "Хонх" гэдэг нь Хятад тэргүүтэй улсын дэлхийн зах зээл дэх манай алт, зэс, нүүрсний экспортын үнэ гэж зүйрлэе. Харин "дамар" гэдгээр манай алт, зэс, нүүрс үйлдвэрлэгчдийг төлөөлүүлье. "Лам "нь харин Мон­голбанк болоод Сангийн яам гэж үзэж болно. Амьдрал дээр лам хүн сүсэгтэн олны сэтгэл санааг засах гэж л бурхны ном уншдаг биз. Харин Монголбанк болоод Сангийн яамны туйлын зорилго нь улс эх орны  эдийн засаг хүчирхэг, татварын орлого зохистой, мөн төгрөгийн ханш маань тогтвортой байхад орших билээ. Манай төсөв-мөнгөний бодлогын буюу ер нь эдийн засгийн номлол их энгийн байх боломжтой. Энэ номлолыг “хос тэнцвэр” гэж томьёолж болно. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэн­цэл (гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгал) хоёр маань алдагдалгүй байх ёстой. Лам багш маань энэ хоёр тэнцвэрийг хангаж чадвал эдийн засаг хүчирхэгжих бөгөөд зон олны амьдрал ч түвшин, амгалан байх юм.
Харамсалтай нь Монголд маань эдийн засгийн эрүүл бодлого биш харин улс төрийн өрсөлдөгч хүч­нүүдийн сонгуульжсан бодлого хэ­рэгжих болсон байна. Лам маань бурхны номоо уншихын оронд бу­руу зөрүү улс төржсөн мэдэгдэл гаргаж суудаг цөвүүн цаг ирэв.

 
Ирэх жил буюу 2017 онд байдал ямар байх бол?
 
Миний бодлоор, 2012-2015 онд тохиосон үнийн их уналтын үетэй харьцуулахад гарч буй тахиа жилд хонх дамар хоёр нь сайн дуугарах (ажиллах) төлөв байна. Ирэх оны хандлага өнгөлөг байна. Харин лам маань ямар номоо уншдаг бол гэдэг нь хамгийн их нөлөөлөхөөр байна.
 
Зэс
Гал тахиа жилд улаан металл болох зэсийн үнэ тогтвортой байна гэж ихэнх судалгааны байгууллага таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээр үүсээд буй нийлүүлэлтийн илүүдэл хэвээр үргэлжилнэ. БНХАУ-ын төрийн өмчит “Чиналко”-гийн хүч, бяр нэмэгдсээр байгаагийн жишээ нь Перу дэх төслөө амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үе шатандаа шилжүүлснээс нь харж болно. Энэ мэтчилэн нийлүүлэлт өссөөр байх нь манайд ашиггүй. 2018 онд үнэ өсөх магадлал сул. Төслүүд зардлаа бууруулж эсвэл зогсоож байгаа хэдий ч БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр нийлүүлэлт өссөөр байх энэ хандлага үргэлжилбээс 2018 онд зэсийн үнэ одоогийнхоос өсөхгүй харин ч унах магадлал бий. Харин 2019 оноос л эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар зэсийн үнэ эргээд өсөх нигууртай.
Олон улсын эдийн засгийн судал­гааны байгууллагуудын таамаг­лалаас үзэхэд зэсийн үнэ ирэх жилүүдэд тонн тутамд 5000 орчим ам.долларт тогтворжихоор байна.Тиймээс манай улс энэ тохиолдолд зардлаа бууруулах замаар л өрсөлдөх чадвараа хадгалж үлдэнэ. Тэгээд ч  Хятад хэмээх хажууд байгаа асар том зах зээл дээр тоглолт хийж чадаж байхад л хангалттай.
 
Нүүрс
Гал улаан тахиа жил маань хар нүүрсэнд таагүй байх төлөвтэй. Нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ бууруулсан, төслүүдээ зогсоосон. Ингэснээр зэсээс ялгаатай нь нийлүүлэлтийн хомсдол үүсчээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр нийт хэрэглээнээсээ бага хэмжээгээр нүүрс олборлож баяжуулж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давжээ. Энэ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. Мөн нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачилга хүчээ авч байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш маань агаарын бохирдол, хөрсний сүйрэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хааж байна. Мөн жилд ажиллах өдрийн тоог нь хүчээр тогтоох зэргээр үйлдвэрлэлийг нь бууруулж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Энэ нь гэхдээ ган үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусч байгаа нь илэрхий. Хятадын ган үйлдвэрлэгчид импортын (коксжих) нүүрснээс улам бүр хараат болсоор байгаа юм. 
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал өндөр аж. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй шинж тэмдэг илрэх болсонтой холбоотойгоор нүүрс­ний үнэ 2018 онд буурна гэсэн таамаглал бий.
 
Алт
2016 он шар алтны хувьд харьцангуй сайн жил болж өнгөрлөө. Хэдий 2011-2012 оны оргил үедээ эргэж хүрээгүй ч бас ч гэж чамлахааргүй өсөлт үзүүллээ. Алтыг үйлдвэрлэлийн зо­риу­лалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах мөн хөрөнгө оруулах хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. Тэгвэл 2016 он нь таамаг эвдсэн санал хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан бөгөөд үр дүнд нь “Алт бол шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал” юм гэх хандлага эргээд хүчээ авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампын ялалт зэрэг үйл явдал алтны үнийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байгаа учир үнэ төдий л өсөхгүй.
Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 (ам.доллар/унц) орчим тогтворжих бололтой. Манай улсын хувьд алтны салбараа дэмжих нь эдийн засгийн хямралаас хурдан гарах хамгийн бодитой гарц байх болно.
 
Бадарчин байна уу, зээлээч?!
2012-2014 онд хонх маань таг болоод байсныг бодвол 2016-2017 онд зэс, нүүрс, алтны үнэ бага зэрэг сэргэх, улмаар тогтворжих хандлагатай байна. Манай улс дотоод нөөц боломжоо дайчлаад, Төмөр зам, Гацуурт, Таван­толгойгоо ашиглаад хямралаас гарах боломж байна. Гэтэл нутгийн лам багш маань гаднаас өөр Бадарчин хайх тухай л яриад байх аж. ОУВС, БНХАУ, ОХУ, АНЭУ зэрэг түншдээ хандаж “Лам олдохгүй бол буцахдаа залах” уулзалт хийгээд яваад байна.“Олон туулай хөөсөн ан­чин хоосон хоцордог” гэх ардын зүйр үг бий. 
 
Ч.Отгочулуу 
Эдийн засагч

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
hulangoo 2017 оны02 сар / 02 13:35

saihan niitlel bn bayrlla