Эдийн засаг

Даатгалын зах зээлийг хөгжүүлэх арга зам 2017-04-10 10:36

Монголын даатгалын зах зээл 80 орчим жи­лийн түүхтэй гэдэг. Гэвч хөгжлийн хувьд нэг цэгтээ гац­чихаад, “чөтгөрийн тойрог” дотроо эргэлдээд байх шиг. Олон улсын хэмжээнд даатгалын зах зээл ДНБ-ийхээ долоо орчим хувийг эзэлдэг бол Монголд энэ үзүүлэлт 0.5 хувьтай л байгаа юм. 

Монгол Улс ердөө гурван сая хүнтэй. Гэтэл манай даатгалын салбарт ердийн, урт хугацааны, давхар даатгалын нийт 17,  зуучлалын 40, хохирол үнэлгээний 29 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 3000 гаруй даатгалын төлөөлөгч ажиллаж байна. Ингээд бодохоор даатгалын компаниуд хүн бүрт хүрч ажиллаж болмоор. Гэтэл одоо хүртэл даат­гуулах нь битгий хэл энэ талаар ямар ч ойлголтгүй хүмүүс олон байна. Тухайлбал, NRCC ком­пани өнгөрсөн онд “Иргэдийн санхүүгийн байдал ба санхүүгийн зах зээлийн тогтолцоо” сэдвээр санал асуулга явуулахад судалгаанд оролцогч таван хүн тутмын нэг нь даатгалын зах зээлийн талаар мэдэхгүй гэж хариулжээ. Үүний зэрэгцээ, даатгуулна гэдэг дэмий мөнгө үрж байгаа хэрэг, нөхөн төлбөр авна гэж худлаа гэх нийтлэг ойлголт ч бий. Салбарын компаниуд тэдгээр хүмүүст даатгалын тухай мэдлэг, боловсрол түгээж, тэдэнд зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж ажиллавал зах зээл тэлж, хөгжих ёстой. Гэтэл манай компаниуд цөөн хэдэн төрлийн даатгал л хийдэг бөгөөд нэг нэгийнхээ харилцагчдыг “булаах”-ад бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Ийнхүү хэт бага үнийн өрсөлдөөн явуулсаар байгаад даатгалын бүтээгдэхүүнийхээ үнийг шалд нь буулгаж, энэ нь эргээд салбарын хөгжлийн чөдөр тушаа болдог. 
 
Монголд ердөө таван төрлийн даатгал салбарын нийт хураамжийн орлогын 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Тодруулбал, хөрөнгийн даатгал 30 гаруй хувь, жолоочийн хариуцлагын даатгал 20 гаруй хувийг эзэлж байгаа бол автотээврийн хэрэгслийн, хариуцлагын, гэнэтийн осол, эмчилгээний даатгал мөн жин дарж байгаа юм. Тэгэхээр зах зээлээ судалж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхгүй бол дээрх таван төрлийн даатгалтайгаа л зууралдаад, байдаг хэдэн харил­цагчаа булаацалдаад, “чөтгөрийн тойрог”-тоо эргэлдсээр байна гэсэн үг.
 
Гурван сая хүний тал нь Улаанбаатарт төвлөрсөн, үлдсэн нь хөдөө орон нутагт тархаж суурьш­сан. Гурван хүний нэг нь ядуу, санхүүгийн боловсрол муутай. Ийм зах зээлтэй улсад даатгалын салбар угаасаа хөгжихгүй гэж үзэх хүн цөөнгүй бий. Харин миний бодлоор энэ зах зээлдээ тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахгүй байгаа учраас л даатгалын салбар хөгжиж чадахгүй өдий хүрээд байна. Тэгвэл бидэнд ямар гарц байж болох вэ? 

Бичил даатгал
Манайх шиг хөгжиж буй орнууд орлого багатай хүмүүс рүүгээ чиглэсэн бичил даатгалыг (хүр­тээмжтэй даатгал гэж мөн ярьдаг) нэвтрүүлэхэд нэлээд анхаарч байна. Мөнгөтэй, юмтай хүн л түүнийгээ хамгаалахын тулд даатгуулдаг гэсэн нийтлэг ойлголт бидний дунд бий. Гэтэл эсрэгээрээ, орлого багатай хүмүүсийг даатгалд хамруулснаар ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчдийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг. Монгол Улсад энэ чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк (АХБ) зэрэг донор байгууллагатай хамтран судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайлбал, АХБ-наас 2014 онд манайд судалгаа хийгээд, орлого багатай 430 мянган өрх ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хам­рагдаагүй байгааг тогтоож байв. Тиймээс орлого багатай иргэдэд зориулсан эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хавсарга маягаар, бага хэмжээний хураамжтайгаар тог­тоохыг АХБ-наас зөвлөж байлаа. 
 
Үүний зэрэгцээ манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувийг 10-аас цөөн ажилтантай бичил бизнес бүрдүүлдэг. Тэднийг эрсдэлээс хам­гаалах даатгалын бүтээгдэхүүн ч зах зээлд нэвтрээгүй байна. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүмүүс, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан даатгалын хэрэгцээ, шаардлага их байгаа. Гэтэл манайд энэ хэрэгцээ, шаардлагыг хангах бүтээгдэхүүн гаргаж ирэхгүй, хууль эрх зүйн орчноо ч бүрдүүлж чадахгүй байна. 
 
Заавал даатгал
Монгол Улс 2012 оноос Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжүүлж  эхэлсэн нь салбарын хөгжилд томоохон түлхэц болсон. Өнгөрсөн онд л гэхэд албан журмын даатгалын орлого 21 хувиар өсөж, 26.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийхээ тал орчим хувийг хохирлын нөхөн төлбөрт олгожээ.
 
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлж эхэлснээр иргэд даатгалын ач холбогдлыг ойлгож, мэдрэх болсон. Мөн даатгуулснаар нөхөн төлбөр авч чадахгүй гэдэг нийтлэг ойлголтыг засаж, залруулж байгаа. Үүний зэрэгцээ энэхүү даатгалын ачаар зам тээврийн ослын бүртгэл, тоооцоо ч тодорхой хэмжээгээр сайжирсан гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, энэ нь албан журмын даатгалыг (заавал даатгал гэж мөн ярьдаг) амжилттай хэрэгжүүлэх сайн жишээ болоод байна. Одоо бид энэхүү туршлага дээрээ суурилаад албан журмын даатгалын бусад хэлбэрийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, мэргэжлийн хариуцлагын буюу нотариатч, өмгөөлөгч, эмч, багш гэх мэт мэргэжилтнүүдэд зориулсан даатгалыг албан журмын хэлбэрээр зах зээлд нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ажиллаад, олон улсын сайн туршлагуудыг судлаад явж байгаа нь сайн хэрэг.
 

Амьдралын даатгал
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд урт хугацааны буюу амьдралын даатгал нэлээд чухал байр суурь эзэлдэг. Энэ нь иргэд, айл өрхүүдийн хувьд амьдралын баталгаа болохын зэрэгцээ санхүүгийн зах зээлийн хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулдаг юм. Тухайлбал, хувийн тэтгэврийн сангууд хөрөнгийн зах зээлийн нөлөө бүхий “тоглогчид” болсон байдаг. Амьдралын даат­галын үйлчилгээгээр бий болсон хуримтлал  нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах урт хугацаатай, хүү багатай санхүүгийн эх үүсвэр болдог гэсэн үг. 
Монгол Улсад амьдралын даатгалын “National Life” гэх ганц компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани одоогоор даатгалын нийт хураамжийн ердөө ганц хувийг л бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүгээр бид урт хугацааны хуримтлал бий болгоод, эргээд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд маш урт зам туулахаар байна. Тиймээс энэ тал дээр төрийн дэмжлэг, хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хэрэгтэй болов уу.
 
Давхар даатгал
Давхар даатгалын чиглэлээр Мон­голд мөн л ганц компани үйл ажил­лагаа явуулж буй. Эдүгээ до­тоодын компаниуд даатгалын хураам­­жийн нийт орлогынхоо 30 гаруй хувийг гадаадын давхар даат­галын компаниудад өгч байна. Ийнхүү гадаадын давхар даатгагчид руу эрсдэлээ шилжүүлж байгаа нь манай даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаатай холбоотой. Тиймээс дотоодын компаниуд томорч, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэнээр гадагш урсах тэр их мөнгийг дотоодын даатгалын салбартаа авч үлдэх юм.
 
Эцэст нь, манай даатгалын компаниуд дотоодын зах зээлээ мэдэрч, олон улсын сайн туршлагыг судалж, шинэ бүтээгдэхүүн, үйл­чилгээ нэвтрүүлэх замаар үйл ажил­лагаагаа өргөтгөж, орлогоо өсгөх шаардлагатай байна. 
 
Даатгалын хураамжийн нийт орлого тухайн улсын ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байгааг даатгалын нэвтрэлт гэж нэрлэдэг. Энэ үзүүлэлт Монголд ердөө 0.5 хувь байгааг дээр дурдсан. Тэгвэл АХБ-ны судалгаанаас үзэхэд даатгалын нэвт­рэлт хөгжиж буй орнуудын хувьд 2.9 хувь, олон улсын дунджаар 6.9 хувь байдаг байна. Үүнийг нэг талаас Монголын даатгалын салбар дэлхийн хөгжлөөс хэт хоцрогдсон гэж харж болох ч нөгөө талаас хийх ажил, хөгжих боломж асар их байна гэж үзэж болно.  
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
B.A 2017 оны04 сар / 27 11:38

Yalanguya davhar daatgal gesen hesegt mash saihan sanaa oruuljee

B.A 2017 оны04 сар / 27 11:37

Sanal niilj bna. saihan niitlel bna.

Уншигч 2017 оны04 сар / 15 12:52

Үнэхээр хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Баярлалаа.