Ашигт малтмал

Газрын гадаргуугаас 1200 метрийн гүнд 2017-07-28 14:46

Уул уурхайн салбарын дэлхийн хоёр дахь том компани Рио Тинто Монгол дахь алт, зэсний Оюутолгойн уурхайн гарцыг хоёр дахин нэмэгдүүлэх хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалт болох 5.3 тэрбум ам.долларын гэрээг өнгөрсөн жилийн тавдугаар сард санхүүжүүлэгч талуудын хамт баталж байв. Ингэснээр зогсонги байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн.
Сэтгүүлч надад уг бүтээн байгуулалтын дундуур гурван цаг орчим аялж, бодит байдалтай танилцах боломж олдсон юм. Минутад 6.5 метр туулах цахилгаан лифтээр доошилж гурван минут орчмын дараа 1200 метрийн гүнд газардав. Энд л Хюго Дамммет гэж нэрлэгдсэн Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь байгаа аж. Хюго Даммет орд нь хэмжээгээрээ АНУ-ын Манхаттен аралтай дүйнэ. Харин Улаанбаатартай харьцуулбал хүдрийн биетийн урт Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүрэхтэй тэнцнэ.
 
Гүний уурхайгаас олборлох хүдэр дэх зэсийн агууламж нь ил уурхайнхаас даруй гурав дахин их буюу 1.66 хувьтай юм. Энэ нь Оюунтолгойн нийт баялгийн 80 хувийг бүрдүүлэх бөгөөд олборлолтын хугацаа нь хэдэн арван жил үргэлжилнэ гэж уурхайн мэргэжилтнүүд хэлж байлаа. Уг гүний уурхай нь нийт таван босоо амаар тээвэрлэлт, агааржуулалт зэрэг асуудлыг шийдэх юм.
 
Одоогийн байдлаар нэг босоо амыг бүрэн ажиллагаанд оруулж гүний уурхайд ажиллах ажилчид болон тоног төхөөрөмжөө тээвэрлэж байгаа аж. Харин тун удахгүй хоёр дахь босоо ам ашиглалтад орох юм. Хоёр дахь босоо амд 1284 метрийн босоо нэвтрэлт хийхээс одоогийн байдлаар 1209 метрийг гүйцэтгээд байна. Сонирхуулахад хамгийн гүн босоо ам нь Blue sky цамхгийг 12 давхарласантай тэнцэхүйц байх аж.
 
Үргэлжлүүлэн III, IV, V босоо амыг ойрын жилүүдэд дуусгах бөгөөд эдгээр нь агааржуулалтын зориулалтаар ашиглана. Түүнчлэн эл уурхайд засварын цех тав, ШТС хоёр, нийт 10 км туузан дамжуурга байгуулах аж. Мөн 10 км урттай туузан дамжуургыг 6.5 км бүхий налуу амд байрлуулж 1300 метрийн гүнээс хүдрээ олборлох юм.
Мөн гүний уурхайн бүтээн байгуулалт дахин үргэлжилснээр ажиллагсдын тоо жилийн дотор эрс нэмэгджээ. Нэг жилийн өмнө хэдхэн зуун ажилтантай байсан гүний уурхайн ажиллах хүч өнөөдрийн байдлаар 3500 гаруйд хүрч тасралтгүй 24 цагаар ажиллаж байгаа аж. Нэг ээлжиндээ 450 орчим ажилтан газрын 1300 метрийн гүнд зарим хэсэгтээ 32 хэм хүрэх халуунд ажилладаг ажээ. Гэхдээ уурхайн чийгтэй температур 32-оос дээш заах юм бол ажлыг бүрэн зогсооно гэдгийг Гүний уурхайн агааржуулалтын инженер Т.Наранбаатар хэллээ.
 
Уурхайн хамгийн өндөр хэсэг 10 метр, өргөн нь 12 метр, хүрэх бөгөөд энэ нь Сүхбаатарын хөшөө бүхлээрээ багтах орон зай юм.
"Rio Tinto" компанийн мэдээлснээр Оюутолгойн Гүний уурхайгаас 2020 онд эхний бүтээгдэхүүнийг олборлож эхлэх тооцоотой байгаа аж. Харин 2027 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилдээ дунджаар 560 мянган тонн зэс үйлдвэрлэх аж. Ингэвэл өдөртөө 95 мянган тонн хүдэр олборлоно гэсэн үг юм.
 
Далд уурхайд нийт 2231 ширхэг хүдэр буулгах цэг, 203 км туннель буюу хөндлөн нэвтрэлтийн малталт хийх юм. Одоогийн байдлаар 25 км-ийн нэвтрэлтийг гүйцэтгээд байгаа аж. Хөндлөн нэвтрэлт дуусвал нийт урт нь Улаанбаатар-Дархан чиглэлийн засмал замын урттай дүйцэхүйц байх юм. Уурхайн гүнд нийт 300 орчим хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллана гэж төлөвлөж байгаа юм. Үүнд зөөвөрлөх машин, техник тоног төхөөрөмжүүд багтаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Оюутолгой төслийн хүрээнд нийт 11 мянга гаруй ажилчин байгаагаас 6000 орчим нь нэг дор байрлаж байгааг компани мэдээлсэн. Мөн Гүний уурхайд 4000 гаруй ажилчин ажиллаж, оны төгсгөлд 5000 хүрэх тооцоотой байна.
Гүний уурхайн ажилчдын 80 хувь нь Монгол ажилчид байгаа юм. Энэ оны II улиралд Оюутолгойн нийт ажиллах хүчний 93 хувийг Монгол иргэд бүрдүүлж байгаагаас 20 хувь нь Өмнөговь аймгийн иргэд ажээ.
 
Түүнчлэн Оюутолгойн баяжмалын үйлдвэр өдөрт 1000 орчим шуудай баяжмал үйлдвэрлэдэг аж. Нэг шуудайд хоёр тонн орчим баяжмал орох бөгөөд 4-5 цуваа баяжмал гаргаж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу "Оюу Толгой" энэ онд дунджаар 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй буй. Түүнчлэн “Turquoise Hill Resources” компани Оюутолгойн баяжмал дахь зэсийн гарц 2017-2025 онд 320 хувиар нэмэгдэнэ гэж мэдээлсэн юм.
                                                                                                                                                     Гэрэл зургийг MPA.mn Б.Бямба-Очир
 
"Оюутолгой" компани II улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ. Үйлдвэрлэлийн хувьд II улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлынхаас 3.5 хувиар өссөн бол тухайн улирлын агуулга өмнөх улиралтай ижил хэмжээтэй байсан гэж мэдээллээ. Харин Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм.
Гүний уурхайтай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл байгаа нь V босоо амын ажиллагсад өнгөрсөн гуравдугаар сард 59.6 метрийн нэвтрэлт гүйцэтгэж, Оюутолгойн дээд амжилтыг шинэчилжээ. Өмнөх рекорд нь 30 хоногийн хугацаанд 58.5 метр гэж  2013 онд бүртгэгдсэн аж.
Мөн гүний уурхайн төсөлд 30 орчим гэрээлэгч компани, 150 гаруй ханган нийлүүлэгч хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тэдэнтэй нийт 1.2 тэрбум гаруй ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулсан бөгөөд нийт дүнгийн 70 гаруй хувь нь дотоодын ханган нийлүүлэгч компаниудад ногдож байна. Мөн нийт ажилчдын 87 хувийг Монголчууд бүрдүүлж байна. 
 
А.Сэвжид

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны07 сар / 30 23:06

buteen baiguulalt erchimtei hugjjee.Gehdee ajillah huchnii talaar medleg jaahan dutmag l ym.