Аялал жуулчлал

“Stone Horse Expeditions and Travel” ХХК-ныхан “Energy Globol” сангийн шагнал хүртлээ 2017-09-26 11:55

Австрийн “Energy Globol” сангийн нэрэмжит олон улсын нэр хүндтэй шагналыг  Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулдаг “Stone Horse Expeditions and Travel” ХХК-ны төсөл шалгарлаа.

 
Тус байгууллага нь гуч гаруй жилийн өмнө байгуулагдсан сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Харин 2000 оноос эхлэн байгаль хамгаалах чиглэлт үр дүнтэй ажилласан төслийг шалгаруулж сангийн нэрэмжит шагналыг гардуулдаг болжээ. Нийт 180 орчим орноос байгаль хамгаалах чиглэлд үр дүнтэй хэрэгжиж буй төслүүдээс шалгаруулдаг аж. Энэ удаа тус нэр хүндтэй шагналыг Бээжин дэхь Австрийн Элчин сайдын яамны худалдаа хариуцсан дарга Майкл Танкшитс нь “Stone Horse Expeditions and Travel” ХХК-ны захирал Кейт Свенсонд гардууллаа.
 
Кейт Свенсон хэлэхдээ “Миний хувьд залуудаа Тусгай хамгаалалтай газарт ажиллаж байсан. Тийм учраас Монголын онгон байгалийг хамгаалах талаар ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг нь шууд л мэдсэн. Ингээд Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад хандахад маш нааштай хүлээж авсан.  Дашрамд хэлэхэд Бидний саналыг хүлээн авсанд баярлаж байна. Ер нь байгаль, орчнгы хэрхэн хамгаалах тухайд жуулчид бидэнд их тус болдог. Сүүлийн үед эко аялалыг сонирхох жуулчдын хүсэлт нэмэгдэж байна. Тиймээс цаашид энэ чиглэлд олон компаниуд хамтраад ажиллаасай гэж хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Энэ үеэр Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад “Монголд аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа гэсэн нэрээр байгалиа сүйтгэх, бохирдуулах үзэгдлүүд ч харагдах болж. Энэ нь бидэнд гашуун туршлага болж байна. Тиймд бид аялал жуулчлалын шинэ төрлийг хөгжүүлэх нь чухал. Яг энэ шаардлагад нийцсэн төслийг Stone Horse компанийнхан манай захиргаанд тавьсан. Одоо бид гурав дах жилдээ амжилттай хамтран ажиллаж байна” гэж хэллээ.
 
Дашрамд сонирхуулахад төслийн ялагч “Stone Horse Expeditions and Travel” ХХК-ныхан байгаль хамгаалах зорилготой жуулчдыг хүлээн авч дархан цаазат газарт биз засах газар барих, орчныг нь цэвэрлэх зэрэг зүйлсийг хийдэг аж. Эхний жил зургаан жуулчныг хүлээн авч байсан бол жил бүр энэ тоо нэмэгдэж байгаа гэдгийг тус компаний захирал Кейт Свенсон хэллээ.
 
Хан Хэнтийн дархан цаазат газар нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км, баруунаасаа зүүн тийшээ 185 км сунаж тогтсон.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД