Улс төр

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ 2017-10-13 14:42

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

Тус банк нь 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэдгийг төлөөлөгчид мэдэгдлээ. Мөн түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дуулгав. 
 
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж. Үүнээс эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд ерөнхий сайд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов. Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ. 
 
Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД