Хүний хөгжил

Тамхины тухай шинэ хууль 2013-02-21 09:38

Тамхины хяналтын тухай хуулийг Улсын Их Хурал 2005 оны долдугаар сарын 1-ний өдөр баталж тамхины хяналтын буюу тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэглээ, хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд энэ талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүргийг тодорхойлсон юм. Түүнчлэн Монгол Улсад тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлага болон тэдгээр үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйлийг тус тус хуульчилсан.

Улсын Их Хурлаас 2012 оны аравдугаар 24-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.  Хуульд өөрчлөлт оруулах болсон шаардлага гэвэл:

Нэгдүгээрт, манай улсад тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, тамхи хэрэглэдэг хүний тоо буурахгүй байгаа нь судалгаагаар гарчээ. Нийт хүн амын 27,6 хувь, үүний дотор залуучуудын дунд тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь түгшүүртэй зүйл болж байна. Түүнчлэн хоёр хүн тутмын нэг нь /42,9 хувь/ гэртээ, гурван хүний нэг нь /35,6 хувь/ ажлын байрандаа тус тус дам тамхидалтад өртөж байгаа үзүүлэлт гарчээ.

Хоёрдугаарт, тамхины хэрэглээ ийнхүү буурахгүй байгаа явдал нь хүн амын эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагавар учруулж, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэхэд хүргэж байнаэ.

Гуравдугаарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан Тамхины хяналтын суурь конвенцид Монгол Улс 2003 онд нэгдэн орсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээр дурдсан конвенцийн оролцогч талуудын тамхины хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тамхины утаанд өртөхөөс хамгаалах”, “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаарх” зэрэг дөрвөн удирдамж гаргаж, эдгээр удирдамжид тусгасан зохицуулалтыг үндэснийхээ хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэхийг оролцогч талуудад зөвлөмж болгосон юм.

Эдгээр шаардлагыг иш үндэс болгон Тамхины хяналтын тухай хуульд тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах, улмаар тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах зэрэг бодлогын агуулга бүхий зарчмыг баримталж байхаар холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулав.

Түүнчлэн тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг нарийвчлан тодруулж, тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээдээс өөрийн болон 20-иос дээш хувийн хувьцаа эзэмшигчийнхээ нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах зэрэг чиг үүргийг хариуцуулсан.

Тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлагын нэг бол тус бүтээгдэхүүн зурагт анхааруулгатай тэр нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байж ийнхүү загварыг гурван жилд нэг удаа сольж байх явдал болно. Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг интернэтээр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор , баар, цэнгээний газарт худалдаалахыг хориглож байгаа билээ. Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориотой болно.

Хуулиар тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх замаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Тамхи үйлдвэрлэгчээс нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад болон бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлахгүй байхыг хуульчилсан.

Мөн утаат тамхийг агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр, үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөөнд, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглов.

Дээр дурдсан нарийвчилсан зохицуулалттай уялдуулан тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах захиргааны хариуцлагын хэмжээг нийтлэг жишгийн түвшинд хүргэж өөрчилсөн байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

 
 

Эх сурвалж: open.parliament.mn

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
baadai 2013 оны03 сар / 01 10:46

http://mongolianeconomy.mn/uploads/assets/image/dc72f8f786aafd11big.png tom hemjeegeer ni ogoh arga bn uu