Эдийн засаг

Дэлхий нийт хөгжлийн чиг хандлагаа тодорхойллоо 2015-09-28 18:12

"Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 25-нд Нью-Йорк хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид хуралдаж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Үүнтэй холбоотой монгол дахь НҮБ-аас өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг олон нийтэд мэдээлж, Монгол Улсын оролцооны талаар танилцуулсан юм. Гурван жилийн хугацаанд явагдсан нээлттэй, хэлэлцүүлгийн үр дүнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ууд бий болжээ. Дэлхий нийт цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудлаар нийт найман сая хүн хамрагдсан тус судалгаанд Монгол Улсаас таван мянга гаруй хүний санал тусгагджээ. Судалгааны үр дүнд бидэнд тэгш эрхтэй, тогтвортой хөгжиж буй дэлхий ертөнц хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
 
Дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцсон хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бидний өмнө энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. НҮБ-ын гишүүн орон бүхэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай. Монголын Засгийн газар ийм хууль боловсруулахаар ажиллаж байна. Энэ хууль нь уг хөтөлбөртэй уялдах ёстой” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр хуулийн дагуу улс төрийн намууд дээрх хөтөлбөрийг биелүүлэх үүргийг хүлээх ба тухайн намын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол уг хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой. Харин иргэд, олон нийт энэ хуулийн хэрэгжилт, хөтөлбөрийн биелэлтийг шууд хянах боломжтой болно гэсэн юм.
 
Гурван жилийн өмнө Бразилын Рио де Жанеро хотноо чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг, шийдвэрийн дагуу дэлхийн тогтвортой хөгжлийг тодорхойлж байсан. Үүнээс үүдэлтэй 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ыг боловсруулсан аж. Хүмүүсийн аж байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах, хүний эрх болон ардчиллыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд Мянганы хөгжлийн зорилтуудыг 2001 онд баталж байсан. Дээрх зорилтуудыг 2015 онд хэрэгжүүлэн дуусгах бөгөөд үүнээс цааших хөгжлийн зорилтыг тодорхойлоход “Тогтвортой хөгжлийн зорилт” чухал үүрэгтэй гэдгийг НҮБ-ийн суурин зохицуулагч Биата Транкман хэлсэн. 
 
Хөгжлийн хөтөлбөр, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох яриа хэлэлцээнд Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хэрэгцээ, шаардлага зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буй аж. Засгийн газар өөрийн улсын байр сууриа илэрхийлэн тус баримт бичигт холбогдох саналаа тусгуулах, зорилтыг биелүүлэхэд анхааран ажиллахаа уламжлаад буй. Түүнчлэн 14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий даяар сүүлийн 30 жилийн хугацаанд нэн ядуу хүн амын тоо 650 саяар буурсан нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гарсан амжилт гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлсэн. Харин өдгөө дэлхий дахины зорилго болох “Тогтвортой хөгжлийн зорилт”-д монгол хүн бүрийн оролцоо чухал гэдгийг Монгол дахь НҮБ-аас уриалж буй юм.
 
 
 
 
А.Бүрэнжаргал 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД