Үзэсгэлэн

Чанартай хатуу хучилттай замаар эдийн засгийн хөгжлийг дэмжинэ 2016-03-17 18:33

“Авто зам-экспо 2016” шинэ техник технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурлыг Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбооноос санаачлан өнөөдөр дөрөв дэхь жилдээ зохион байгууллаа. 2013 оноос хойш жил бүр болж буй тус үзэсгэлэн, бага хуралд замын техник нийлүүлэгчид болон замын материал үйлдвэрлэгчид, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, зам гүүрийн барилга, зураг төслийн компаниуд оролцож байгаа юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын Инженерийн танхим, БНСУ-ын Иргэний инженерийн болон Барилгын технологийн хүрээлэн, Беларусийн “МАЗ” компанийн төлөөлөл хүрэлцэн иржээ. 

Үзэсгэлэнгийн үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт хэлсэн үгэндээ “Манай яам Сайдын шуурхай хуралдаандаа мэргэжлийн холбоодын төлөөллөө оруулдаг болсон. Мөн яаманд төвлөрч байсан зарим ажлуудаа мэргэжлийн холбооддоо хариуцуулж өгснөөр компаниудын зам барих тусгай зөвшөөрлийг яамны түшмэл биш мэргэжлийн холбоо нь өөрсдөө шийддэг болсон юм. Өөрөөр хэлбэл, хэн нь зам барихыг, аль компанийнх нь ангиллыг дээшлүүлэхийг замчид өөрсдөө шийддэг боллоо” хэмээн салбарт гарч буй эерэг өөрчлөлтийг онцлов.  
 
Мөн хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудын авто паркийг шинэчиллийн асуудлыг хөндсөн. Компаниуд тус тусын шугамаар парк шинэчлэл хийхэд жилийн 10-15 хувийн хүүтэй  зээлээр санхүүжилтээ шийднэ. Харин Засгийн газар, салбарын яам нь анхаарал хандуулж хамтран ажиллавал жилийн 1.5-2 хувийн хүүтэй зээлээр 5-10 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой гэсэн юм. Монголын Хөгжлийн банк Беларусын хөгжлийн банкны хамтын ажиллагааны дүнд маш бага хүүтэй, урт хугацаат төлбөрийн нөхцөлөөр техник, технологи авч өгөхөөр төлөвлөсөн нь ийм боломжийг бүрдүүлж байгаа юм. Үндсэндээ 40-50 сая ам.долларын гүйлгээ хийх учраас хоёр улсын Засгийн газар хоорондын итгэлцлээр тус улсын Хөгжлийн банкны 1.5 хувийн хүүтэй зээлээр авто зам болон бусад салбарын техник хэрэгслийг шинэчлэх тохиролцоон хүрчээ. 
 
Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд олон улсад нэвтэрч байгаа байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник, технологийг эх орныхоо цаг уурт тохируулан нутагшуулж, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах зорилготой. Мөн авто замын инженер, техникийн ажилчид бусадтайгаа туршлага хуваалцаж, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талтай байлаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн төвөөс улсын зам барилгын үйлдвэрлэлд сайжруулсан бүлээн асфальт хольцыг нэвтрүүлэх, нутагшуулах судалгааг хийж байгаа бөгөөд судалгааны хүрээнд хэд хэдэн замыг туршилтаар барьжээ. Тухайлбал, хөшигтийн хөндийн онгоцны хөөрч буух зурваст 200 метр, Өмнөговь аймаг Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлд 300 метр туршилтын авто замыг барьсан аж.  
 
Энэхүү экспод асфальтбетон зуурмаг үйлдвэрийн "Увт Инвест" ХХК дөрөв дэхь жилдээ оролцож байгаа бөгөөд 2002 оноос үйл ажиллагаа эхэлжээ. Тус компани нь одоогоор асфальтбетон зуурмаг болон битумын эмульс үйлдвэрлэж байгаа аж. Тэдний хувьд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ахицтайгаар хэлэлцсэнээ илэрхийлсэн. Харин зам гүүрийн барилга угсралтын "Эрдэнэ зам" ХК нь 19 жилийн туршлагатай. Тэдэнд өөрсдийн хийж бүтээсэн ажил, давуу талаа илтгэн харуулах боломжийг энэ үзэсгэлэн олгодог хэмээн ярьж байв. 
 
“Авто зам-экспо 2016” үзэсгэлэнгийн бага хурлаар авто замын салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг боловсронгуй болгох, салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны судалгаагаар манай улс ДНБ-нийхээ 1.5–2.0 хувь буюу жилд 100 сая төгрөгийг авто замын барилгын ажилд зарцуулдаг аж. Энэ дүн 2002 оноос хойш дөрөв дахин өссөн байна. Гэхдээ 2003–2008 онд өргөн хэрэглээний барааны үнийн инфляци зуун хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл их байсан учраас энэ тоон үзүүлэлт нь бодит өсөлтийг харуулж чадаагүй аж. Харин 2007–2009 онд нэг км замын норматив үнэ 50 хувиар буюу 204 саяаас 309 сая 44 төгрөг болж нэмэгджээ. Ийнхүү замын барилгын ажлыг Засгийн газрын төсөв, хөгжлийн сан, гадаадын хандивлагчдын зээл тусламжаар санхүүжүүлдэг аж. Хамгийн их санхүүжилт олгосон хандивлагчид бол Азийн хөгжлийн банк болон БНХАУ орох бөгөөд түүнчлэн Япон, Солонгос, Кувейт, Турк, Герман болон АНУ зэрэг орнууд удаалж байна. 
 
Манай орны замын салбар нь өнөөг хүртэл улс орны хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн боловч эдийн засагт эзлэх хэмжээ харьцангуй бага, өсөж буй гүйцэтгэл нь харилцан адилгүй аж. Мөн Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох, өргөн хүрээтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих гарцыг нээхийн тулд чанартай хатуу хучилттай замын сүлжээг их хэмжээгээр өргөтгөх шаардлагатай байгааг онцолсон юм. 
 
Г.Хулан 
  
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД