Аялал жуулчлал

Зардалгүй экспорт 2016-05-25 17:05

Найрсаг Улаанбаатар төсөл хэрэгжээд нэг жил найман сар өнгөрчээ. Өнөөдөр аялахад тааламжтай хот гэдэг өргөмжлөлийг хүртээд байгаа. CNN агентлаг, Европын шилдэг сонин “Welt am Sonntag”- аас Улаанбаатар хотыг 2016 онд аялахад тааламжтай 16 газрын нэгээр зарласан юм. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд хотын аялал жуулчлал зургаан хувиар өссөн байна.

Өнөөдөр Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Соёл урлагийн газар хамтран хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Баттулга илтгэлд дурдагдсанаар ухаалаг төхөөрөмжид тулгуурласан хэд хэдэн технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, зочид буудлуудад байрлуулах хотын танилцуулга, шинэлэг мэдээлэл бүхий мэдрэгчтэй дэлгэцүүд, үзвэр үйлчилгээний газруудыг тодорхой зайнд мэдэрч танилцуулга мэдээлэл өгдөг гар утасны апликэйшн гэх мэт. Гар утасны апликэйшний хувьд интернэтгүй байсан ч утсанд мэдээлэл очдог байхаараа давуу талтай бөгөөд тухайн газар хэрхэн хүрч очих газрын зурагтай байх аж.
 
Мөн жуулчдад зориулсан лавлах утас, шударга худалдааны төв (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой) ажиллуулахаар болсон байна. Түүнчлэн Төрийн банктай хамтран “travel” төгрөгийн кредит карт гаргаж байгаа аж. Жуулчдын хувьд олон улсын карт хэрэглэх нь өндөр шимтгэлтэй байдаг тул ихэвчлэн бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг. Энэ нь мөн их эрсдэлийг дагуулдаг. Харин уг картыг хэрэглэснээр Монгол Улсын иргэдтэй адил гүйлгээний шимтгэл төлөхөөс гадна үйлчилгээний газруудад давхар хөнгөлөлт эдэлдэг байх аж.
 
Түүнчлэн нийслэл аялал жуулчлалын шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд олон улсын нэр хүндтэй хурал чуулганыг хүлээн авч зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл MICE жуулчлалыг нийслэлд буй болгоно. Харин тэдгээр арга хэмжээг аялал жуулчлалын бус улиралд буюу 9-5 дугаар сард зохион байгуулж байх  зааварчилгааг нийслэлийн бүх байгууллагад өгчээ. Цаашид улсын хэмжээнд ажил хэрэг болгох шаардлага байгаа гэдгийг Баттулга хэлсэн юм. Аялал жуулчлалын бизнес үндсэндээ улирлын чанартай. Гэтэл орлого олдог ганц улиралд нь ирдэг зочдын 30 хувь нь хурал чуулганд оролцогчид байдаг бөгөөд зочид буудлын хүрэлцээг төдий хэмжээгээр багасгадаг байна. Ийнхүү дөрвөн улиралд жуулчин хүлээн авдаг болсноор салбарын ажиллагсад тогтмол ажлын байртай болж илүү мэргэшиж ирнэ. Мэргэшиснээр илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг болно гэдгийг тэрбээр онцолсон.
 
Хоёрдугаарт “транзит жуулчлал” буюу Монголоос өөр улсыг зорин жуулчлагчид манай орноор зорчин өнгөрөхдөө цөөн хоног визгүй саатаж, хоттой танилцаж болох тухай. Жил бүр 3.5 сая хүн манай орныг зөвхөн галт тэрэгний цонхоор юм уу, нисэх буудлын хэмжээнд танилцаад л өнгөрдөг ажээ.
 
Хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ аялал жуулчлал бол экспортын том боломж гэсэн юм. “Бараагаа ачиж авч яваад зарах бус тэднийг өөрсдийг нь авч ирж зардаг, зардалгүй экспорт” гэж тэр хэлсэн. БНСУ-ын Сэүл хот зөвхөн нэг л улсаас жилд гурван сая жуулчин авдаг бөгөөд тэдэнд нийт 11 тэрбум ам.долларын үйлчилгээ үзүүлдэг байна. Ийм боломж ч Улаанбаатарт бий гэдгийг тэр дурдсан. Тухайлбал, энэ жилийн ITB олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох үеэрээ тэрбээр зөвхөн Герман улсаас Монголд очиж үзэх сонирхолтой 3.5 сая хүн байдгийг олж мэджээ.
 
Энэ бүхний эцэст тэрбээр аялал жуулчлалын байгууллагуудад хандаж хоёр сайн мэдээ дуулгасан юм. Нэгдүгээрт, аялал жуулчлалын байгууллагуудад экспортын зээл олгохоор болжээ. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд, үйл ажиллагаагаа тэлж, сурталчлахад хөрөнгө мөнгөний асуудал хамгийн түгээмэл тулгардаг асуудал бөгөөд зээл авахад хэтэрхий өндөр хүүтэй олддог. Хоёрдугаарт, аялал жуулчлалын компаниудын тогтвортой ажиллагааг дэмжих үүднээс бизнесийн ипотек гэх санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар болсон байна.
 
 
 
Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД