Аж үйлдвэр

Хот үйлдвэржилтийн босгон дээр 2016-06-10 09:05

Аж үйлдвэрийн паркууд байгуулна гэж цөөнгүй жил ярьсан. Өнөөдөр аль паркийн ямар үйлдвэрийн яндангаас утаа суунагласан бэ гэхээр нэрлэх нэг ч үгүй. Үүнд олон шалтгаан бий. Өөрөөр хэлбэл парк байгуулах нь амаргүй ажил. Үнэндээ парктай болохоос өмнө амжуулах ажил их.
 
2001 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа, ялангуяа нийслэлтэй нягт хамтран ажилладаг Европын сэргээн босголт хөгжлийн банк өнөөдрийг хүртэл зөвхөн хувийн хэвшилтэй хамтарч ажилласан бөгөөд “хамгийн том бэрхшээл бол дэд бүтэц” хэмээн тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Д.Ле Блан тодорхойлсон юм. Дэд бүтцийг сайжруулахаас нааш санхүүжилт хүртээмжтэй болох магадлал бага ажээ.
 
Бараа таваараа зөөх зам, тээврийн сүлжээ нь бэлэн, цахилгаан хангамж нь хүрэлцээтэй, үйлдвэрээс гардаг хог хаягдал, бохирын асуудлын шийдэл нь тодорхой газарт л бизнес эрхлэгчид хөрөнгө оруулж, ажил явуулахыг хүснэ. Тэр бүхэн хангагдахаас нааш тэнд очиж илүү зардал гаргах сонирхол ямар хувийн хэвшилд байх вэ.
 
Гэхдээ үйлдвэрлэл технологийн паркууд хурдан байгуулагдаасай, шийдвэр тогтоол нь бушуу батлагдаасай гэж хүлээдэг, тэнд орж ажиллах хүсэл аж ахуйн нэгжүүдэд маш их байгаа нь өчигдөр болсон “Улаанбаатар хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тодорхой харагдсан юм. “Налайхын аж үйлдвэрийн парк хурдан батлагдаасай гэж би хоёр жил хүлээж байна” хэмээн н.Гэрэл ярилаа. Өнөөдөр яг энэ асуудлыг буюу “Налайх барилгын материал үйлдвэрлэлийн парк” болон “Тээвэр логистикийн нэгдсэн” төв байгуулах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн Засаг Даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ асуудал шийдэж өгнө гэж итгэж байгаа” хэмээн түүнд  хариулсан юм.
 
Улаанбаатар  хотын хөгжлийн корпорациас санаачлан зохион байгуулсан уг хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөсөн аж үйлдвэрийн технологийн паркийн төслүүдийн талаар, өнөөг хүртэл ямар ажил хийгдсэн талаар танилцуулсан юм. Нэг талаас Улаанбаатар хот нь нийт хүн амын 50 орчим хувь аж төрж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн том төвлөрлийн хувьд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс хотын аж үйлдвэрийн паркуудад нэгдэж ажиллах сонирхол их байгаа аж. Тухайлбал, Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах санаачлага нь анхнаасаа хувийн хэвшлээс гарсан бөгөөд үүнд одоогоор есөн компани нэгдэж ажиллахаа хэдийнэ илэрхийлжээ.
 
Өнөөдөр нийслэлд төмөр замын ажил буулгах зургаан терминал байгаа нь тус бүрнээ хүчин чадал бага, хүч тарамдсан, цаг хугацаа их зарцуулдаг, хотын хөдөлгөөнд ачаалал нэмдэг, цаашлаад тээврийн зардлыг өсгөдөг сул талтай юм. Харин тэдгээрийг хотын гадагш, тухайлбал, Налайх эсвэл Багахангайд төвлөрүүлбэл тухайн орон нутгийн дэд бүтцийн болон байршлын давуу талаас хамаараад логистикийн асуудлыг амархан шийдэж болох бөгөөд бүхий эдийн засгийн хэмнэлттэй, түргэн шуурхай ажиллагаатай болох юм. Үүний зэрэгцээ орчин үеийн шинэ технологи нэвтрүүлж, төвлөрөл бий болсноор олон тооны ажлын байр бий болно.
 
Нэгэнт шийдвэр тогтоол гарсан бол хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа яаравчилж бичиг цаас хүлээн авах ажлаа газар олголттойгоо зэрэг явуулах хэрэгтэй, үгүй бол барилгын улирал үндсэндээ талдаа орчихлоо гэдэг саналыг н.Гэрэл тавьсан.
 
Парк байгуулж, үйлдвэрлэлийг төвлөрүүлэхэд экологийн асуудлыг заавал хөндөж авч үзэх ёстой. Харин ч сүүлийн үед үйлдвэрлэл эрхлэгчид ногоон бизнесийг их сонирхох болж. Бүх илтгэлүүд тавигдаж асуулт хариултын цаг болоход бараг бүх оролцогч хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл технологийн экопаркийн тухай сонирхож байсан юм. Бидний мэддэг Нарангийн Энгэр, Цагаан даваа өөр болно. Одоогоор төслийн шатандаа явж байгаа ч хувийн хэвшлийн зүгээс дэмлэг авах нь тодорхой байна. Тэндхийн эрчим хүчний эх үүсвэрийг өөрсдөө бий болгох уу, саарал ус ашиглах уу, ямар төслийг хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх вэ, ямар болзол хангаж байвал тус үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй гэж үзэх вэ гэх мэтээр “Монголын хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн Л.Бат-Өлзий, Хас банкны “Эко банк”-ны албаны менежер Г.Туул нарыг асуултаар булах шиг болов.
 
Экопаркууд шингэн, хатуу, ахуйн, үйлдвэрлэлийн, дахин боловсруулж болох, болохгүй гэх зэргээр хогийг ангилж, дахин боловсруулах боломжтойгоор нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, боломжгүйг нь байгальд хор хөнөөл багатайгаар цэвэрлэж, устгах ажлыг нугалах бөгөөд тэндхийн дэд бүтцийн шийдэл нь ч эко байх ёстой. Энэ бүхэн ТЭЗҮ-д бие даасан байлаар тусгагдсан бөгөөд эхний хөрөнгө оруулагч ч тодорсон гэдгийг Л.Бат-Өлзий хэлсэн юм.
 
Бас нэг чухал зүйл ажиглагдсан нь өнөөдөр аж үйлдвэрийн паркууд байгуулагдах зайлшгүй шаардлагатай цаг үе ирсэн ажээ. Хэдийгээр сүүлийн жилд эдийн засгийн өсөлт саарч байгаа ч Аж үйлдвэрийн салбарын ДНБ эсрэгээр 14-16 хувиар өсчээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж, өргөжиж байгаа нь үүнээс харагдана. Харин үйл ажиллагаагаа тэлэхийн хэрээр дан дангаар асуудлаа шийдэх нь зардал ихтэй үр ашиг багатайг ойлгож байгаа аж. Ялангуяа барилгын материал үйлдвэрлэлийн салбарынхан нэгдэл, кластерт ороход бэлэн байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж хөндсөн юм. Тэрбээр илтгэл дээ барилгын материалын үйлдвэр зөвхөн орон сууцны борлуулалтыг хүлээдэг байдлаас салж бусад салбартай харилцан хамаарал бий болсон хэмээн дурдсан юм.
 
Тухайлбал, эрчим хүчний салбарт гэхэд л төмөр бетоноор цахилгааны шон үйлдвэрлэдэг болсон, дулааны цахилгаан станцууд барилгын салбартай хамтран нүүрсийг шохойн чулуутай хольж түлш бэлтгэснээр их хэмжээний үнс гардаг асуудлаас салж байгаа, шинээр баригдах Тавантолгой, Тавдугаар цахилгаан станцууд ийм экологит ээлтэй шийдэлтэй байх болно гэсэн юм. Цахилгаан станцууд ч барилгын материал үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилласнаар хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Түүнчлэн төмөр замын дэр бетоныг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол авто замыг бетоноор хучих боломжтой, энэ бүх хэрэгцээг хангах боломж бий, ирээдүйд цементийн үйлдвэрлэл дотоодын барилга угсралтын хэрэгцээнээс давахаар байгаа хэмээсэн. Аж үйлдвэрийн яамтай болсноор дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд ихээхэн боломж бий болж байгааг мөн онцолсон юм.
 
Гэхдээ өмнө хэлсэнчлэн дан дангаараа бүх асуудлыг шийдэх нь хүч тарамдсан нийт макро эдийн засгийн хүрээнд бүтээмжийг бууруулж байгаа, тухайн компанидаа ашиг багатай юм. Тиймээс барилгын материал үйлдвэрлэлийн парк байгуулагдахыг тэд үнэндээ хүлээж ядан байгаа аж. Харин өнөөдөр НИТХ-аас дээрх асуудлыг дэмжиж Налайх парк байгуулагдахаар болбол цаашдын бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн түншлэлийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хариуцан ажиллаж зах зээлийн зарчмаар ажиллах юм.
 
 
Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД