ACEM

Ази-Европын 15 дахь бизнесийн чуулга болж байна 2016-07-13 18:38

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын сүүлийнх нь болох “Ази-Европын бизнес форум” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг форумаар өнөөдөр “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх нь”, “Ази-Европын уялдаа холбоо” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хоёр тивийн банк санхүү, бизнесийн салбарт ажилладаг томоохон компани, олон улсын байгууллагын төлөөллүүд санал бодлоо солилцсон юм.
 
“Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх нь” сэдвийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал удирдан явуулсан бөгөөд БНХАУ, МУ, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан суурин Берт Хофман, Японы Бизнес Холбооны Ази, Номхон далайн хорооны дарга Ито Масатоши нар үндсэн илтгэлийг тавьсан юм. Ноён Б.Хофман хэлэхдээ дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралын дараах үеийг туулж байгаа бөгөөд дэлхийн ДНБ жилээс жилд буурч байна. Энэ үеийг даван гарах болон дахин хямралд өртөхгүй байхын тулд бүх улсын төдийгүй, бүх институтын оролцоо чухал гэсэн юм. Үүн дээр сүүлийн үед болсон томоохон үйл явдлууд Brexit, хятадын эдийн засгийн удаашрал зэрэг нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь бүх нийтийн оролцоо чухал болохыг харуулж байна гэв. Харин ноён Ито Масатоши хэлэхдээ Азийн бүс нутгийн интеграци нь дотогш чиглэлтэй байгаа нь хэт хамгаалал бий болгож өөрсдийгөө гадаад орчноос тусгаарлаж, оролцоогоо хумих байдалд хүргэж болохыг сануулж байв.
 
Мөн Хятадын ОУ-ын худалдааг дэмжих зөвлөлийн дэд дарга Ванг Жинзэн, Хэрэглэгчийн санхүүжилт ББСБ-ын ерөнхий менежер Рафаэл Гувэ, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх нар панелистаар оролцож улс орнууд дэлхийн бүс нутгийн эдийн засгийн интеграцилал, том улс орнуудын эдийн засгийн нэгдэл, холбоо зэргээс хэрхэн таатай нөхцөлүүдийг эдлэх, харилцан ашигтай хөгжих талаар үзэл бодлоо хуваалцсан юм.
 
Ази-Европын уялдаа холбоо салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр АСЕАН-ы Эдийн засгийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Хидетоши Нишимура Ази-Европын уялдаа холбоо яагаад чухал тухай, ГХЯ-ны газрын дарга Ё.Манлайбаяр БНХАУ, ОХУ, Монгол Улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах “Талын зам” санаачлагын тухай танилцуулж, оролцлоо. Хидетоши Нишимура өөрийн илтгэлдээ Монгол Улсад эрчим хүчний заяамал нөөцөө ашиглан БНХАУ, БНАСУ, БНСУ, Японыг дамнасан эрчим хүчний экспортын сүлжээ бий болгож эдгээр орнуудын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээнд нийлүүлэх нээлттэй боломж байгаа тухай АСЕАН-ы эдийн засгийн судалгааны байгууллагын хийсэн судалгааны тухай цухас танилцуулсан юм. Харин Ё.Манлайбаяр “Талын зам” санаачлагын хүрээнд төмөр зам, авто зам, хий болон газрын тосны дамжуулах хоолой бүхий коридорыг Монгол орны баруун, төв, зүүн бүсэд гурван байршилд байгуулах боломж байгаа тухай өгүүлсэн билээ.
 
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар удирдан явуулсан. Түүнчлэн ОХУ-ын “Оросын Төмөр зам” ХНК-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Морозов, АХБ-ны Зүүн Азийн тээврийн хэлтсийн дарга Роберт Гийлд, Нейшн Консалтанси ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стефен Креппел, Эрдэнэс Монгол компанийн захирал Б.Бямбасайхан нар панелистаар оролцож зөвхөн эдийн засаг, дэд бүтэц, тээвэр ложистикийн уялдаа холбоо төдийгүй хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хамаарах худалдаа, хүн амын шилжилт хөдөлгөөн, мэдээлэл солилцоо, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлаар санал солилцсон юм.
 
Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх уг уулзалтад 600 орчим гадаад, дотоодын бизнес эрхлэгчид оролцож байна. Маргааш форум “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
 
 
Ц.Элбэгсайхан
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД