ACEM

Business summit

АСЕМ: Ирээдүйдээ илүү итгэлтэй, амбийцтай байх цаг үе ирж байна 2016-07-14 18:07

Ази-Европын 15 дугаар Бизнес форум  хоёр дахь өдрөө үргэлжилж “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. (Эхний өдрийн хуралдааны талаар эндээс уншина уу)

“Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчдээр МУИС-ийн доктор Ч.Хашчулуун, Солонгосын жижиг бизнесийн судалгааны төвийн Судалгааны хэлтсийн захирал, доктор Жүүн Хо Лий нар оролцож өөрийн орны жижиг дунд үйлдвэрлэлийн орчин, нөхцөл байдал, туршлагын талаар танилцуулсан юм. Дэлхий нийтээр жижиг дунд үйлдвэрлэл нь ажилгүйдлийг бууруулахаас гадна нэмүү өртөг бий болгох өргөн боломжтой салбар гэж онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд гагцхүү жижиг дунд үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ бий болгоход түүнд тусгайлан зориулсан бодлого, бизнесийн орчин шаардлагатай байгаа тухай хуралд оролцогчид санал нэгтэй хэлж байлаа.
 
Үүнд төр төдийгүй том компаниудын үүрэг роль өндөр юм. Тухайлбал, компани хоорондын мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах, ханган нийлүүлэгчдэд тавьдаг шаардлага стандартаа жигдлэх, харилцан санамж бичиг байгуулах гэх мэтчилэн чухал алхмуудыг том компаниуд хийх шаардлага байсаар байгаа юм. Олон улсын хэмжээнд маш олон чөлөөт худалдааны гэрээ байгуулагдаж олон улс нэгдэж байгаа ч өөр хоорондоо стандарт, шаардлагын асар зөрүүтэй байдал нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зах зээлүүдэд нэвтрэхэд хүндрэл учруулдаг хэмээн “БизнесЕвроп”-ын захирал хатагтай Луйза Сантос хэлсэн юм. Европын нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээдэг ажээ. Гэхдээ нөгөө талаас нэмүү өртгийн гинжин хэлхээнд орохын тулд хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал болохыг Их Британийн “Nation consultancy”-ийн Гүйцэтгэх захирал Стефен Креппел байн байн сануулж байв. Нөгөө талаас мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хэт их дэмжих нь томрох хүсэлгүй болох, жижиг болж харагдахыг хичээж жижиг дунд үйлдвэрлэлийн таатай орчинд хэт дасах зэрэг сөрөг үр дагаврууд гардгийг доктор Жүүн Хо Лий хэлж байсан юм.
 
Форумын сүүлийн хуралдаан ногоон хөгжлийн асуудлыг онцолсон. Үндсэн илтгэлийг “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-ны дэд ерөнхийлөгч Луйс Холшер, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд асан С.Оюун нар тавьсан. Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн асуудал глобал асуудал болоод байна. Иймийн тулд хүн төрөлхтөн аль болох байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй үйл эрхлэхийг олон улс уриалж байгаа. Гэвч ногоон хөгжлийн буюу байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт нь өөрөө хөрөнгө мөнгө их шаарддаг санхүүжилт олоход бэрхшээлтэй байдаг байна. Гэсэн ч ногоон хөгжлийг дэмжих санаачлагын хүрээнд олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагууд ногоон төслийн санхүүжилтэд зориулсан тус, тусын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол Монголын банкны холбооноос ТоС (Тогтвортой санхүүжилт) хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Гагцхүү түүнд хамрагдахын тулд шаардлагатай нөхцөл, ногоон төслийн стандартыг хангасан байх ёстой. Одоогоор ЕСБХБ-наас дэлхий даяар 100 тэрбум ам.долларын ногоон төслийн санхүүжилт хийгээд байгаа нь амжилт гэж үзэж буйгаа Луйс Холшер хэлсэн юм.
 
Тэрбээр мөн ногоон хөгжил гэдэг нь зөвхөн мөнгөний асуудал биш. Өөр бусад мөнгөгүйгээр шийдэж болох элементүүд асар их чухал гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр голчлон хөндсөн сэдэв нь эрчим хүчний үйлдвэрлэл байв. Учир нь энэ салбар дэлхийд ялгарч буй ихэнх хүлэмжийн хийг бий болгож байгаа юм. Ази тивд, ялангуяа Зүүн Азийн улс орнуудын хувьд байж болох нэг хувилбар нь “Азийн супер сүлжээ” юм. Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар бүс нутгийн эрчим хүчний ирээдүйд өсөн  нэмэгдэх хэрэглээний багагүй хэсгийг хангах энэ санаачилга удаашралтай ч гэсэн ахиц дэвшил гарч байгаа гэж Олон улсын Хөрөнгө оруулалтын банкны орлогч дарга Жозеф Коллар хэлсэн юм. Тэрбээр үгэндээ “энэ санаачлагын удаан ажил хэрэг болж байгаа шалтгаан нь маш олон институт, олон улсын ашиг сонирхол нэгдэж байгаа учраас” хэмээн тодотгосон. “Soft Bank”-ийн эрчим хүчний корпорацийн дэд ерөнхийлөгч Шигеки Мива энэ санаачлагыг “Монгол Азийн төвд орж ирж байна” гэж дүгнэсэн бөгөөд аядуу ч тодорхой ахицтай байгааг онцлон тэмдэглэсэн. Тэр хэлсэн үгийнхээ төгсгөлд Монголын “Newcom” групптэй хамтран өмнийн говьд 50МВт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсныг мэдэгдсэн юм.
 
Энэ удаагийн форумын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Европын Коммиссын Ерөнхийлөгч Жан-Клад Юнкер нар ирж төр хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өөрсдийн санал бодлоо илэрхийлж үг хэлсэн юм.
 
Ноён Нгуен Суан Фук АСЕМ-ын ач холбогдлыг тодорхойлж хэлэхдээ “Даяар асуудлуудыг шийдвэрлэхэд Ази, Европын удирдлагуудын үүрэг тун чухал бөгөөд АСЕМ-аар хэлэлцсэн бүхэн ажил хэрэг болж хөрсөн дээрээ буудгийг бид ухамсарлаж байна” гээд цаашид хоёр тивийн хамтын ажиллагааны механизмаа нарийн тодорхой чиглэлд хэрэгжүүлэх шаардлага байна хэмээсэн
 
Европын коммиссын Ерөнхийлөгчийн хувьд анх 1998 онд өөрийн улсын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд одоогийн ажлаа өгсөнийхөө дараа ямар ч ажил эрхэлсэн дахин Монголд ирэх бодолтой байгаагаа хамгийн түрүүнд зочдод хандан хэлсэн юм. Мөн Монгол Улсыг ЕСБХБ-ны гишүүн орон болохыг анхнаас нь дэмжиж Монгол Улсыг Европ тивтэй холбоход хувь нэмэр оруулж байснаа дурдав. АСЕМ-ын тухайд тэрбээр “20 насанд хүрч, өсвөр үеэ орхилоо. Ирээдүйдээ илүү итгэлтэй, амбийцтай байх цаг үе ирж байна” гэсэн юм. Түүнчлэн Европын Комиссын тэргүүний хувьд “Brexit”-ийн тухайд өөрийн бодлоо хуваалцаж “Цаашид Их Британитай шинэ түвшинд харилцан ажиллах боломж нээгдэж байна. Бид бие биедээ ар нуруугаа харуулахгүй, нийтлэг ашиг сонирхолдоо нэгдэн ажиллана” гэлээ.
 
Тэрбээр төгсгөлд нь хөрөнгө оруулалт худалдаа бол зорилго бус, арга хэрэгсэл. Үүнийг ажлын байр, хүртээмжтэй өсөлт бий болгох чиглэл рүү хандуулах нь зөв. Олон улсын бизнесийн орчинд тоглоомын дүрэм ойлгомжтой, төрийн бодлого тогтвортой байхаас гадна шударга байх ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн юм.
 
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази Европын уулзалт зөвлөгөөн нь 20 жилээр хязгаарлагдахгүй. 800 орчим жилийн тэртээ Монгол Улсын нийслэлд хоёр тивийн удирдлагууд, шашны тэргүүнүүд уулзалдаж хоёр тивийн худалдаа харилцаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх хэлэлцүүлгүүд хийж байсан гээд, Монголын эзэнт гүрний үед морин өртөө бий болж, торгоны зам худалдаа арилжааны аюулгүй бүс байж, “Гэрэгэ” нь олон улсад саадгүй зорчих паспортын үүргийг анхлан гүйцэтгэсэн зэрэг дэвшлүүд гарч байсныг дурдсан.
 
Мөн “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч Монгол төрийн бодлогод өөрчлөлт орохгүй, улам өргөжин үргэлжлэх болно” гээд гурван долоо хоногийн өмнө болсон ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр гарын үсэг үзэглэсэн Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрийн хүрээнд дэд бүтцийн 32 том төсөл хэрэгжүүлэхээр гурван тал санал нэгдсэнийг онцлоод энэ хүрээнд бизнесийн маш олон боломж бий болно гэж харж байгаагаа хэлсэн юм. (Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу)
 
Ийнхүү АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийнх нь болох “Ази-Европын бизнесийн чуулган” амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы дарга Да.Ганболд дүгнэж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг олон улс, бизнес эрхлэгчид сонирхож байгааг энэ форум нотлон харууллаа” гэсэн бөгөөд форумд гадаад, дотоодын 700-аад бизнес эрхлэгч оролцжээ. 
 
 

Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД