ACEM

АСЕМ11: Терроризмын эсрэг, эв нэгдлийн талд зогсоно 2016-07-16 14:19

Ази Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр зохион байгуулагч орон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар Дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
 
Дээд хэмжээний уулзалтаар хоёр тивийн удирдагчид тогтвортой хөгжил-2030, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, терроризм, олон улсын худалдаа зэрэг даяар асуудал болон өөрсдийн нийтлэг ашиг сонирхлын тухай хэлэлцсэн байна.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр ноён Жан-Клод Юнкер өмнөх 10 удаагийн АСЕМ-ын уулзалтад оролцсоноо хэлээд түүний хувийн ажиглалтаар Улаанбаатарт болсон 11 дүгээр Дээд хэмжээний уулзалт хамгийн үр дүнтэй нь болсныг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр чухал баримт бичиг гарсныг цохон тэмдэглэсэн билээ.
 
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Доналд Туск Монгол Улс уг уулзалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд болсныг дурдаад Монголын ард түмний халуун дотно, зочломтгой занд талархлаа хэмээв. Түүнчлэн энэ удаагийн уулзалт “Мартагдахгүй дурсамж үлдээлээ” гэсэн юм. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Францын Ницца хотод террорист халдлага болж олон гэмгүй амь үрэгдсэн харуусалт хэрэг болон Турк улсад цэргийн эргэлт хийх оролдлого болсон нь эдгээр хоёр өдөр Ази, Европын удирдагчдын анхааралд байж терроризмын эсрэг, эв нэгдлийн талд хамт зогсох ёстой гэдэгт санал нэгдсэн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч чухалчлан мэдэгдсэн юм.
 
Туркт болсон үйл явдлаас болж Европын Холбоо болон Турк улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол гэсэн сэтгүүлчийн асуултад ноён Д.Туск хариулахдаа “Өнөө цагт хуулийн засаглалыг халж болохгүй. Турк улсыг бидний сайн түнш хэвээр үлдэнэ гэж бодож байна. Гэвч энэ үйлдлийн дараа Турк ямар улс болохыг мэдэхгүй байна” гэлээ.
 
Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу хэвлэлийн бага хурлын үеэр 2017 оны Ази-Европын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулахаар болсныг мэдэгдэв. Тэрбээр “хүний амьдралд ганц тохиох боломжийг олгож байгаад талархаж байна” гэсэн юм. АСЕМ-ын уулзалтын үеэр хэлэлцсэн сэдвүүд, гаргасан шийдэл нь хоёр тивийн төдийгүй дэлхийн ард түмэнд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
 
Харин Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо Монголын байгаль, баяр  наадам ихэд таалагдсаныг дурдаад АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсан Монголын ард түмэнд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тусгайлан баяр хүргэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ нь зөвхөн улс орны удирдагчид бус хоёр тивийн залуучууд, бизнесмэнүүд, сэтгүүлчид, бүх ард түмний чуулган хэмээн тодотгоод тус арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад  хэргийн сайдын түвшинд нийт 100 гаруй хоёр талт уулзалт зохион байгуулж олон үр дүнтэй шийдвэрт хүрснийг дурдав.

Энэ удаагийн АСЕМ-ын чуулга уулзалтуудад 2000 гаруй оролцогч, 700 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан зочилжээ. АСЕМ-ын тухай мэдээлэл дэлхий даяар нийт 1.5 тэрбум хүнд хүрсэн байна.  

 

Ц.Элбэгсайхан

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД