Уул уурхай

Уул уурхайг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулна 2016-10-13 18:22

“Уул уурхай ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Шангри-Ла зочид буудлын “Ballroom III” танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Хөгжлийн төлөөх эрдэс баялаг, эрчим хүчний холбоо (MEfDA)-д суралцагчдын Монголын холбоо, Австралийн Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
 
Хэлэлцүүлэгт Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол Улс дахь суурин зохицуулагч хатагтай Биата Транкман, УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Батхүү, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн захирал Штефан Ханселман нар оролцсон. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болж Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, МУИС-ийн доктор Б.Түвшинтөгс, Австралийн Күйнсландын их сургуулийн судлаач Д.Бямбажав, бизнесийн байгууллагыг төлөөлж “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, ОУСК-ын Дэд бүтэц ба байгалийн нөөцийн газрын зөвлөх Э.Энхбилэг нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
 
Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийг баталсан бөгөөд Монгол Улс түүнд нэгдсэн анхны орнуудын нэг болсон билээ. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын нөлөө их. Тус салбар ДНБ-ий 20 орчим хувь, нийт экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг билээ. Тиймээс Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрэхийн тулд салбарын хөгжлийг уг хөтөлбөртэй уялдуулж, уул уурхайн компаниудын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хатагтай Биата Транкман илтгэлдээ хөндсөн юм. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын төсөвт суутгасан мөнгөн дүн тун бага байгаа учир хувийн хэвшлийн орон зай тун их” гэв.
 
Зөвхөн компани болон төр төдийгүй төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон улсын байгууллага зэрэг нийгэм дэх бүх төлөөллийн оролцоо, харилцан хяналт хэрэгтэйг Штефан Ханселман, Э.Энхбилэг нар илтгэлдээ дурдсан. Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлын талаар Д.Батхүү товч танилцуулсан бөгөөд орд газар ашиглах зөвшөөрлийг орон нутгийн удирдах байгууллагаас авдаг зохицуулалтыг өөрчилж, Засгийн газар-орон нутгийн нэгдсэн шийдвэрээр зөвшөөрөл олгодог болох, “Уурхайн хаалтын тухай” хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа хэмээсэн.
 
Хэдийгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-д уул уурхай гэсэн үг өгүүлбэр ороогүй ч үндсэн зорилтууд болох усны хангамж сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, ядууралгүй болох, эрчим хүч, газар ашиглалтыг үр ашигтай болгох, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ажилтай нарийн уялдаж байгаа юм. Ялангуяа Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, баялгийн зохистой засаглалыг төлөвшүүлснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх ч боломжтой гэж судлаач Д.Бямбажав ярьсан юм. 
 
 

Ц.Элбэгсайхан
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД