Аялал жуулчлал

“Утаагүй үйлдвэрлэл” хөгжүүлэхэд 2016-10-14 13:48

Монгол улс аялал жуулчлалын салбарыг уул уурхайн дараа орох стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлсон. Учир нь аялал жуулчлалын салбар бол байгаль дэлхийд ээлтэй, хог хаягдал багатай, ард түмний соёл, ёс заншилтай харшилдаггүй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй зэрэг давуу талтай. Харин манай аялал жуулчлалын салбар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Тэгвэл “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлын үеэр аялал жуулчлалын цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Аялал жуулчлалын бүсчилсэн бодлого
 
Хурлын үеэр аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол бүс нутгийн ачааллыг хэтрүүлсэн явдал гэж тодорхойлов. Хөвсгөл, Өвөрхангай, Архангай зэрэг чиглэлд аялах дотоодын болоод гадаадын жуулчдын тоо хэт нэмэгдсэн. Энэ нь замын элэгдэл, байгаль орчны эвдрэл зэрэг сөрөг үр дагавраар илэрч байна. Гэтэл манай орны бусад  бүс нутгуудад ч аялал жуулчлал хөгжих боломжтой. Иймээс цаашид монгол орныг жигд хамарсан, тухайн нутгийн онцлогт тулгуурласан арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Дээрх шаардлагын үүднээс нийт нутгийг баруун, зүүн, төв, говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлд хуваан, тухайн бүсийн онцлогт тулгуурласан аялал, жуулчлалын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 
 
Төвийн бүсэд байгалийн түүх, соёлд тулгуурлан тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах, харин Улаанбаатарын бүсэд хурал зөвлгөөн, бизнес, спорт, урлаг, түүхтэй холбоотой аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн нийслэлийг аялал жуулчлалын “үүд” хот болгон хөгжүүлэх юм. Баруун бүсэд адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэх, газар зүй, олон угсаатны онцлогийг харуулсан арга хэмжээг зохион байгуулах, харин зүүн бүсэд байгалийн түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Говийн бүсийн хувьд байгалийн тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, тэр дундаа палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулахаар Засгийн газрын бодлогод тусгаад байна. 
 
Улирлын хамаарлаас гаргах 
 
Манай улс аялал жуулчлалын хоёр улиралтай. Зургаагаас есдүгээр саруудад жуулчдын тоо нэмэгддэг ч хүйтний улиралд зогсонги байдалд шилждэг.  Энэ хугацааг сунгах, ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь тус салбарын чухал зорилт болоод байна. Бид хүйтнээ түшиглэсэн, цөөн хүнд чиглэсэн арга хэмээнүүд хэрэгжүүлж ирсэн. Гэтэл “Тэмээний баяр”, “Бүргэдийн баяр”, “Мөсний баяр” зэрэг нь тодорхой бүлэг жуулчдын анхаарлыг татдаг ч өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Өвлийн улиралд жуулчдыг татахад цогц бодлого үгүйлэгдэж байна.
 
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар “Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд байшин доторх аялал чухал үүрэгтэй юм. Байшин доторх аялал нь жуулчдыг татах, байрлах хугацааг сунгахад эерэг нөлөөтэй. Жишээ нь, музей, казино, тоглоом, шоу, шоппинг, үйлчилгээ зэрэг нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд илүү дөхөм. Асар хүйтэнд өндөр зэрэглэлийн аялал зохион байгуулна гэдэг төвөгтэй. Тэгээд ч өвлийн хүйтэнд жуулчны бааз ажиллуулна гэдэг зардал өндөртэй. Иймд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа бол хувийн аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй” хэмээн онцоллоо. Жуулчдыг татах арга хэмжээнээс гадна ирсэн жуулчдыг тухтай байлгах, ахин ирэх хүсэл төрүүлэх дэд бүтэц, соёлтой үйлчилгээ хөгжүүлэх цаг үеийн шаардлага тулгараад байгаа юм. 
 
 
Боловсон хүчин
 
Аялал жуулчлалын салбар нь сэтгэгдэл болоод үйлчилгээ зардаг салбар юм. Гэтэл жуулчдад соёлтой үйлчилгээ, сэтгэл ханамж борлуулах чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгаа. Үүний нэг жишээ бол хөтөч, тайлбарлагч юм. Тухайн улсад хөл тавьсан жуулчин зөвхөн хөтөч, тайлбарлагчаар дамжин мэдээлэл авдаг. Хөтөч, тайлбарлагч нь улс орныхоо нүүр царай болж, жуулчдад ахин ирэх хүсэл төрүүлнэ. Гэтэл энэ мэргэжил гадаад хэл суралцаж байгаа залуучуудаар л хязгаарлагдаж байна. Үүнээс шалтгаалаад тэдний үнэлэмж буурч, эргээд боловсон хүчнээ алдах, энэ салбарт орохгүй байх шалтгаан болж байна. 
 
Сайн боловсон хүчин бэлтгэх нь бизнесийн аюулгүй орчин бүрдүүлэхтэй холбоотой. Монголын аялал жуулчлалын салбар тогтворгүй, эрсдэлтэй, мөн улирлын шинжтэй зэргээс болоод энэ салбарт ажиллах хүн хүч тааруу. Иймд бизнесийн аюулгүй орчин бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах нь чадварлаг боловсон хүчин бэлтгэх үндэс суурь болно. Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчин бэлтэх зорилгоор жилдээ хоёр хүнийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад ажиллуулахаар болсны дээр, цаашид оюутан залуусыг дадлагажуулах хүсэлт тавиад байна. 
 
М.Билгүүн
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД