Улс төр

Туршилтын туулай болоход бэлэн гэв 2016-11-23 17:50

“Ядуурал, тэгш бус байдал нь орлоготой холбоотой ч мэдээлэлтэй байх нь бүхнийг хийх эхлэл” хэмээн Английн нэрт эрдэмтэн, World Wide Web /www/-ийн зохион бүтээгч Тимоти Жон Бернерс Лигийн хэлсэн үг өнөөдөр болсон “Ил тод байдал – 2016” форумын үеэр чихэнд хамгийн содон сонстов.
 
"Ил тод байдлыг дэмжих түншлэл" ТББ-аас Азийн сан, Канад улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр "Блю Скай" цамхгийн Топаз танхимд зохион байгуулсан энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-ийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын өнөөгийн түвшин, түүнийг илүү бодитой болгож үр дүнд хүргэх арга замын талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт «Ил тод байдлыг дэмжих түншлэл»-д багтдаг 14 ТББ, төрийн байгууллагуудын төлөөлөл болон судлаач, шинжээчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.  
 
Хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал, түүний дотор хууль, шүүхийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт гэсэн гурван сэдвээр хийсэн юм. Тэгэхдээ сэдэв тус бүрээр шийдвэр гаргагчид болон ирэний нийгмийн төлөөлөл хоёр талаасаа мэдээлэл хийж, тэдгээрийг харьцуулан хэлэлцэж, мэтгэлцэх байдлаар зохион байгуулсан нь оролцогчдыг нэлээд идэвхжүүлэн сонирхлыг нь өдөөлөө.
 
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" батлагдаад  таван жил гаруй болж буй ч хэрэгжилт нь нэн хангалтгүй, иргэд, албан тушаалтнууд уг хуулийг мэддэггүй, мэддэг ч хэрэгжүүлдэггүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байна. Хууль нь байвч хэрэгжүүлэх хяналт, шахалт байхгүй байгаа өнөгийн нөхцөлд  уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийн эхний хувилбарыг бэлэн болгоод байгаа” гэж “Глоб интернэйшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн ярьж байв.
 
“Нуух юмтай хүн л юмаа нуудаг. Төр мэдээллээ нуугаад байгаа бол монгол төрд нуух юм их байгаа юм байна” гэж Монгол Улсын шүүхийн цахим сан shuukh.mn-ийн бүрдүүлэлт, ашиглалтад тулгуурлан хууль, шүүхийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын талаар тавьсан илгэлдээ ШЕЗ-ийн дарга,  хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж тэмдэглэлээ.
 
Мэдээлэл нээлттэй байснаар байгууллагуудын үйл ажиллагаа илүү ил тод болж, ажилтнуудынх нь хариуцлага дээшлэн, мэдээллэлтэй, мэдлэгтэй иргэдийн оролцоо бий болдог. Гэхдээ ямар мэдээллийг нээлттэй байлгах, аль байгууллага ямар асуудлаар мэдээлэл өгөх талаар хуульд заасан зааг хязгаарлалт  байдгийг Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Отгонцэцэг тайлбарлалаа. Тухайлбал, Шилэн дансны тухай хуульд зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч 15 төрлийн мэдээлэл, Сангийн яам 10 төрлийн мэдээлэл гэхчлэн байгууллагууд нийт 37 төрлийн мэдээллийг бүтэн, хагас жил, улирал, сар, 7 хоног тутам хийх үүрэгтэй гэнэ. Энэ оны III улирлын байдлаар нийт 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдлийн 6 485 байгууллага Шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар 495 342 мэдээллийг олон нийтэд түгээсэн бөгөөд хуулийн хэрэгжилт дунджаар 79.1 хувьтай байгаа аж.
 
Энэ үзүүлэлтэд иргэний нийгмийнхэн ихээхэн шүүмжлэлтэй хандсан бөгөөд ялангуяа Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Shilendans.gov.mn сайтын хөтлөлт хууль тогтоох байгууллага – УИХ-ын хувьд хэрхэн дордсон тухай 25-р суваг ТВ-ийн сурвалжлагч Н.Урантогтохын хийсэн тодорхой баримт, нотолгоотой илтгэлийн дараа хэлэлцүүлэг нэлээд эрчимтэй өрнөсөн юм. “Шилэн данс ажиллаж байгаа л гэхээс бус уг дансны хөтлөлт огт байхгүй, төрийн албан хаагчидтай холбоотой баримт тойрсон дуулиан дэгдээд ирэнгүүт мэдээллээ, архиваа устгадаг тогтолцоонд хууль тогтоох байгууллага өөрөө орсон. Өнөөдөр шилэн данс хөтлөхгүй байсан нь амар, хөтөлсөн нь буруудаж халагддаг тогтолцоонд шилжиж байна” гэсэн сэтгүүлчийн дүгнэлттэй олон хүн санал нийлж байв.
 
Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа, төсөв санхүү, худалдан авалтын ил тод, нээлттэй байдлын чиг хандлага, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санаа оноогоо хуваалцаж, эдийн засгийн хямрал, төсвийн хэмнэлт ид яригдаж буй энэ үед үнэн зөв, бодит мэдээлэлтэй байх нь дээр дурдсанчлан үнэхээр бүхний эхлэл гэдэг дээр санал нэгдэж байлаа. Тиймээс "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг бодитой болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмж гарган хуулийн төсөлд тусгуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулахын тулд  "Ил тод байдлыг дэмжих түншлэл" ТББ-ынхан өөрсдөө “туршилтын туулай” болоход бэлэн байгаагаа илэрхийлж, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.
 
                                                                                                                                                                                                                    С.Отгонцэцэг
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД