Бизнес

Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд хотын удирдлагуудтай уулзлаа 2016-11-30 12:37

Улаанбаатар хотын худалдааны танхим өчигдөр нийт гишүүдийн уулзалтаа Туушин зочид буудлын “Сүлд” танхимд хийлээ. Уулзалтад хүндэт зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцсон бөгөөд цаашид энэхүү уулзалтыг  сар бүр тогтмол хийж байхаар болжээ.  
 
Уулзалтаар нийслэлийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө, хамтран ажиллах боломжийн талаар талууд харилцан санал солилцсон юм. Түүнчлэн Танхимын гишүүн байгууллагууд нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмэр болохуйц төслүүдээ нийслэлийн удирдлагуудад танилцуулснаараа энэ удаагийн уулзалт онцлог боллоо. Тухайлбал, Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон уян чанартай замын хар буюу битум үйлдвэрлэх төсөлтэй танилцлаа. Тус үйлдвэр нь 100 гаруй улсад битум нийлүүлдэг “Bitumina” группын салбар үйлдвэр байх бөгөөд үйлдвэр байгуулагдсанаар өндөр үнэтэй битум импортлох шаардлагагүй болох бөгөөд авто зам, барих засах, нөхөх ажлын зардлыг үлэмж бууруулах боломжтой аж. 
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хийх ёстой гол ажил нь орон сууцны хорооллыг нэмэгдүүлж, гэр хорооллыг багасгах гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлж, бизнесийнхэн, арилжааны банкуудтай  хамтарч ажилласнаар асуудлыг шийдэх боломжтой тухай “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг танилцуулсан юм.
 
Уулзалтын оргил үе нь асуулт  хариултын цаг байсан бөгөөд бизнесийн төлөөллүүд хотын удирдлагуудаас олон асуулт асууж, санал солилцсон юм. Тухайлбал, Үндэсний баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 50 хувийг гадаадын жуулчдад борлуулах хэрэгтэй гэдэг санал гарав. Ингэснээр Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд үйлчлэх үйлчилгээ нэгээр нэмэгдэнэ гэсэн юм. Үүнд хотын захирагч С.Батболд хариулахдаа “Билетийг онлайнаар худалдах асуудлыг ярилцаж байгаа. Ер нь цаашдаа илүү том цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй. Битүү дээвэртэй бол бүр сайн. Гол нь зөв газраа олж барих хэрэгтэй. Үүн дээр хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой” гэв.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хотын төвд ойр айлууд дэд бүтцээр хангуулах хүсэлтэй байгаа бол өөрсдөө тодорхой хөрөнгийг нь гаргаад дэд бүтцэд холбуулж болох талаар тодруулахад тэрбээр “Дэд бүтцэд холбогдох бололцоотой газрууд нь гудамж, хороогоороо нэгдээд хүсэлтээ өгөөд, зардлыг нь гаргах чадамжтай бол дэд бүтцэд холбож өгнө” гээд ирэх жилээс “дүүрэг бүрт жишиг гэр хороолол байгуулахаар ажиллаж байна” гэсэн юм. Жишээлбэл, Ганданг Монгол Улсын суурьшлын түүхийг илэрхийлэх монгол хэв маяг агуулсан нэг их өндөргүй байшин барилга бүхий хороолол болгохоор төлөвлөж буй аж.
 
Мөн саяхан орсон их цаснаар олон үйлдэлт бага оврын машин импортолдог нэгэн компанийн захирал сайн дураараа техникээ ашиглан замын цас цэвэрлэж байтал Замын цагдаагаас зөвшөөрөлгүй гээд болиулсан тухай яриад, төрийн албаны хүнд суртлыг багасгах талаар ажиллахыг хүслээ. Харин үүнтэй холбоотойгоор хотын нийтийн аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хүсэлтийг Засгийн газарт танилцуулаад байгаагаа Хотын дарга дуулгав. “Үүнийг нэлээд томоохон дүнтэй тендер зарлаад концессын гэрээгээр шинэчилж авах зайлшгүй шаардлага байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Улаанбаатарын зам бол 24 цагийн турш амардаггүй зам. Тиймээс энэ тендерт оролцох компаниуд тэр онцлогийг харгалзаж Монголын нөхцөлд тохирсон техник байх ёстойг бодолцох хэрэгтэй” гэв. 
 
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл хотын удирдлагуудад хандан гурван хүсэлт тавьсан юм.
 
1. Шинэ байгуулагдсан арбитраа дэмжиж ажиллахыг хүсэж байна. Олон улсын стандартад нийцсэн хүчтэй арбирт байгуулагдсан. Улаанбаатар хотод байгуулагдаж байгаа бүх гэрээ хэлэлцээг арбитрт бүртгүүлбэл маш том дэмжлэг болох юм. Ингэснээр бизнесийнхэн маань шүүхэд хандахаас маш их цаг хэмнэнэ. Мөн гадаадын маш туршлагатай арбитрчид бас байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчтай компани гомдол гаргавал өөрсдөө арбитраа сонгох боломжтой байгаа.

2. Улаанбаатар хотод зарлагдаж байгаа тендерийн журамд өөрчлөлт оруулж өгнө үү. сарын өмнө шинэ байгуулагдсан компани орж ирээд тендер авчихдаг. Улсын хэмжээнд 130 мянга гаруй аж ахуйн нэгж байгаагийн 70 орчим мянга нь л тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс тендерт үнэхээр олон жилийн туршлагатай, ажлаа сайн хийдэг компани нь найдвартай шалгардаг болмоор байна. Ажил үйлээ тогтвортой эрхэлдэг, чанартай хийдэг компаниудаа дэмжих чиглэлийг хамтраад хэрэгжүүлье

3. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг ч тэдэнд үзүүлэх зүйл алга. Тухайлбал, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей өнөөдөр нурах хэмжээнд хүрээд байна. Дээд давхарт нь 100 хүн зэрэг гарахад шал нь даахааргүй болж. Хэрвээ энэ музейг хувийн хэвшлийнхэнд даалгая гэвэл Улаанбаатар хотын худалдааны танхим зохион байгуулаад ажиллахад бэлэн байна. Бүх компани чадах, чадахаараа хувь нэмрээ оруулаад гадны хүн ирэхэд үзүүлдэг нэг музейтэй байя гээд  нэг төсөл боловсруулсан байгаа.
 
Хэдийгээр Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдаад удаагүй ч богино хугацаанд багагүй ажил амжуулжээ. Өмнө дурдсан Арбитр байгуулснаас гадна төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015”, “Улаанбаатар-Худалдан авалт 2016” форумуудыг НЗДТГ-тай хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн     Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийг байгуулан тус корпорацийн ТУЗ-д танхимын удирдах зөвлөлийн гурван гишүүн ажиллаж байна.
 
Сар бүрийн уулзалт нь Улаанбаатар  хотын худалдааны танхимын гишүүн байгууллагуудынхаа бизнесийн үйл ажиллагааны орчныг сайжруулах талаар болон бизнесийн төсөл, саналуудыг хотын удирдлагад болон бусад гишүүдэд сурталчлах, шийдвэрлүүлэх боломжийг олгох, хотын захиргаанаас төлөвлөж буй үйл ажиллагааны хөтөлбөрт санал өгөх, гишүүдийн хооронд нетворкинг хийх боломжийг олгохын тулд нийт гишүүдийн дунд cap бүр уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба уулзалтын хүндэт зочноор нийслэлийн захиргааны төлөөлөл байхаар төлөвлөсөн байна.
 
Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.
 
Танхимын зорилго нь нийслэлийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийнхний оновчтой санал санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэхэд оршиж байна.
 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД