Санхүү

Таны тэтгэврийн хуримтлал улам баталгаатай боллоо 2017-05-12 17:10

Монголын анхны хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэгч “Ард Лайф” болон Голомт Кастодиан банк хоёр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал, Ард Лайф компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Голомт Кастодиан банкны захирал Г.Зориг нар оролцов.
 
Ард лайф компани нь анх 2007 онд Хасбанкны ажилчдад тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байв. Үүнээс хойш таван жилийн дараа бүтцийн өөрчлөлт хийж, тэтгэврийн хуримтлалын 3.5 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийсэн байна. Үүнээс хойш үйлчилгээгээ шинэчлэн иргэдэд хувийн тэтгэврийн сан, даатгал хавсарсан цогц үйлчилгээг үзүүлж буй юм. Тэгвэл өнөөдөр олон улсын жишгийн дагуу харилцагчийнхаа хөрөнгийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг үнэн зөв бүртгэх, хяналтыг сайжруулах зорилгоор Голомт кастодиан банктай хамтран ажиллахаар болж байгаа юм.
 
Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал, Ард Лайф компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг “Өнөөдрийн үйл явдал бол Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг урагшлуулсан томоохон алхам болох ёстой. Цаашдаа  тодорхой чиглэлд өрсөлддөг байгууллагууд ч гэсэн эцсийн  дүндээ Монгол улсын иргэдийнхээ төлөө үйлчилж, санхүүгийн зуучийн үйлчилгээг улам гүнзгийрүүлэх учиртай тул бие биенийхээ хийсэн хөрөнгө оруулалтыг дэмжих нь зүйтэй. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах юм. Сүүлийн 27 жил яриад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадсангүй. Тиймээс тодорхой дэд бүтэц байх нь чухал юм” гэв.
 
Голомт Кастодиан банк нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах, цэвэр үнэлгээ тооцоолох, нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм. Энэхүү цогц үйлчилгээг Ард Лайф компанийн хувийн тэтгэврийн сангийн бүтээгдэхүүнтэй хослуулснаар харилцагчийн хуримтлалыг ил тод, эрсдэлгүй удирдах, үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтох юм.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны05 сар / 12 20:34

Amjilt