Ногоон эдийн засаг

Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын “Эко Парк” төсөл хэрэгжинэ 2017-05-25 15:41

Улаанбаатар хотноо амьдарч буй 1.5 сая орчим иргэн өдөр бүр хэдэн зуун тонн хог ялгаруулан амьдарч байна. Харин бид энэ “баялгийг” зөвхөн устгах л арга хэрэглэж байгааг гадны мэргэжилтнүүд шүүмжилдэг. Уг нь хог хаягдлыг боловсруулаад цахилгаан болгоод эргээд эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглавал эрчим хүчний хомсдолтой хотод хөгжлийн том боломж авчирна гэж тэд үздэг.
 
Одоогийн байдлаар хотын захиргаанаас хот тойрсон гурван том хогийн цэгээр дамжуулан хог хаягдлыг шууд булах аргаар устгалд оруулж байна.  Энэ нь ойролцоогоор нийт хог хаягдлын 90 орчим хувийг эзэлж буй бөгөөд зэрэгцээд хөрсний бохирдолтын асуудлыг хурцаар хөндөхөд хүргээд байгаа юм. Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр бол нийт хог хаягдлын 2-3 хувийг нь булах аргаар устгаж, 90-ээс дээш хувийг дахин боловсруулах боломжтой аж. Нийслэлээр дүүрэн хогийг цахилгаан болгох чиглэлд олон компани ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь “Эко-Парк” юм.
 
Тус компанийн гүйцэтгэх захирал, “Эко-Парк” төслийн ерөнхий зохицуулагч, “Сектех” группын ерөнхийлөгч Л.Бат-Өлзий “Хог хаягдлыг дахин боловсруулдаг 17 хувийн компаниуд хамтраад “Эко парк-Улаанбаатар” төсөл хийж, нэгдсэн компани байгуулсан. Бид төслөө эхлэхээс өмнө жил бүр хаядаг 1.4 сая тонн хог хаанаас гарч ирдэг тухай судалгаа хийсэн. Улаанбаатар хот 2006-2007 онд Японы Жайка байгууллагаар хог хаягдлын менежмент судалгааг хийлгэж, үндэслэлийг нь тогтоосон байдаг. Түүнээс хойш энэ чиглэлд ямар нэгэн судалгаа хийгдээгүй. Харин манай байгууллага 2015, 2016 онуудад “Интэр консалтинг” компаниар ТЭЗҮ хийлгээд үзэхэд 43 орчим нэр төрлийн хог хаягдал байгаа нь тогтоогдсон. Үүний 33 төрлийг нь дахин боловсруулах боломжтой, үлдсэнийг нь боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэв.
 
 (Франц, Германы хог хаягдлаар эрчим хүч гаргах үйлдвэрийнхэнтэй туршлага солилцов. 2015)
 
Түүнчлэн тэрбээр дөрвөн сарын өмнөх ярилцлагандаа “Төслийнхөө ТЭЗҮ-г гаргаж, газраа худалдан авч, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар төлөвлөлт болон байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Гадаадын байгууллагуудтай холбогдоод хөрөнгө, санхүүжилтийг бүрэн шийдчихсэн. Хоёр жилийн өмнө буюу 2015 оны сүүл үеийн судалгаагаар ам.доллар 1900 орчим байх үед 246 тэрбум төгрөгийн тооцоо гарсан. Харин өнөөдрийн ханшаар 150 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ийм бэлэн болсон ажлыг Нийслэлийн одоогийн удирдлагууд хүлээж аваад хамтран ажиллах гэрээ байгуулахад л болно” хэмээн хэлж байлаа.
 
Тэгвэл өчигдөрхөн буюу 2017 оны 05 сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
 
Ингэснээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк төслийг 2017-2032 он хүртэл 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байна. Манай улс Парисын протоколоос авахуулаад ногоон хөгжлийн чиглэл дэх бичиг баримтын бүх шатанд зэрэг алхаж байгаа боловч амьдрал дээр буусан нь 15 орчим хувь аж.
 
Уг нь хог хаягдал нь үндэсний аюулгүй байдлын асуудал учраас томоохон цэгүүдэд дахин боловсруулах үйлдвэрүүдийг барихаас нааш эдгээр асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Тийм учраас уг төслийг  шийдэж ажлыг эхлүүлсэн нь шийдлийн гарцыг олсон гэхэд болох юм. Тодруулбал “Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэрт 90 га, Цагаан даваанд 96 га газар авсан бөгөөд давхардсан тоогоор дахин боловсруулах үйлдвэр  20-ийг байгуулах аж. Тэгээд Улаанбаатар хотоос гарах бүх хогийг ангилан ялгаад дахин боловсруулах боломжтойг нь тус компанийн салбарууд нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах юм. Харин боломжгүй хог хаягдлыг нь шатааж эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр шууд булж буй хог хаягдал 90-ээс дээш хувиар буурахаар ТЭЗҮ-д тусгагджээ.
 
 
Түүнчлэн шатаах үйлдвэр нь Нарангийн энгэрт, хүнсний болон органик хог хаягдлаар газ боловсруулах үйлдвэр нь Цагаан даваанд, үүн дээр нэмээд хаягдал яс, дугуй, тос, цаас, даавуу, гялгар уут, хатуу хуванцар, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах нь дээрх хоёр цэгтээ хуваагдаад байрлах юм. Ингэвэл тогтмол 1000 орчим ажлын байр шинээр бий болох аж.

А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД