Эдийн засаг

Мөнхийн өсөлттэй орон 2017-06-12 17:30

 
Австрали улс эдийн засгийн тасралтгүй өсөлтөөр дээд амжилт тогтооход ойрхон байна. 2017 оны эхний гурван сард тус улсын ДНБ 0.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Австралийн эдийн засаг 103 улирал дараалан ямар ч хямралын шинж тэмдэггүй хөгжиж иржээ. Хамгийн сүүлийн уналт 1991 онд ажиглагдсан. Австралийн эдийн засгийн гайхамшиг бол ХIX зууны эхэн үед олонхи хөгжингүй орон хямралд өртөж байгаа энэ нөхцөлд тун ховор үзэгдэл ажээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар сайхан цаг удахгүй дуусах магадлал өндөр.
 
 
Азийн цагаан балгас
Австрали хямралд өртөөгүй 26 жил болжээ. Энэ бол дэлхийн эдийн засгийн түүхэнд өндөр үзүүлэлт. Япон улс 1960-1993 он хүртэл байнга өссөн өөр нэг амжилт бий. Түүнчлэн, голландчууд 1980-2008 он хүртэл уналтгүй хөгжсөн түүхтэй ч 2003 онд ДНБ 0.01 хувиар доошилж бага зэргийн зогсонги байдалд орсон тохиолдол бий. Юутай ч Австралийн амжилт бол судалгааны сонирхолтой сэдэв юм.
 
Хэрэв 1980-аад оны төгсгөлд хэн нэгэн австраличуудад уг 25 жилийн тухай ярьсан бол гайхах байсан биз. Тэр үед тус улсын эдийн засгийн ирээдүйн хэтийн төлөв тийм ч өөдрөг байгаагүй. Австрали нь барууны хөгжингүй, баян орнуудын нэг байсан ч 30 жилийн өмнө эдийн засгийн зогсонги байдал түгшүүртэй ирээдүйг хүлээж байв. Тухайлбал, Сингапурын эдийн засгийн гайхамшгийг гардан “бүтээсэн” Ли Куан Ю Австралийг эдийн засгийн хувьд найдваргүйд тооцон “Азийн цагаан балгас” хэмээн нэрлэж байв.
 
80-90 оны зааг дахь Австралийн асуудал тухайн үед хөгжингүй орнуудад нийтлэг байлаа. 80-аад оны өсөлт удааширсан байв. АНУ-д Рональд Рейган зарим нэг амжилтанд хүрсэн ч дайны дараахтай харьцуулахад энэ нь өчүүхэн байсан. Австралийн хувьд өөрийн онцлогтой байв. Алт, төмөр, хүнсний зүйл болон анхдагч аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, үндсэндээ түүхийн эдийн орон байлаа. Хямрал болоход ийм орнуудын эдийн засаг төрөлжиж чадаагүй байдаг учраас хамгийн түрүүнд сөгддөг. Үүний зэрэгцээ Австралийн барааны гол хэрэглэгч Япон 90-иэд оны эхэнд зогсонги байдалд оров. Бусад орон эдийн засгаа түүхий эдийн хамаарлаас холдуулж эхлэв. Тиймээс австраличууд ирээдүйдээ санаа зовох хангалттай шалтгаан байлаа.
 
Сулруулан чангарсан нь
Гэвч Австрали нь унахын оронд улам өссөөр нэг мэдэхэд 26 жил болжээ. Азийн санхүүгийн хямрал, 2008 оны дэлхийн хямралын үед ДНБ яльгүй багасч нэг хувь руу буув. Гэхдээ энэ байдал зөвхөн гуравхан үргэлжилсэн нь уналт гэж тооцоход учир дутагдалтай юм. Үүний дараа эрчимтэй өсөлт явагдсан юм.
 
Энэ үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ? Судлаачид тус улсад 1980-аад онд явагдсан рейган маягийн шинэчлэлийг онцолдог. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг багасгаж, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг сулруулсан алхам. Жишээ нь, банкны салбарын зохицуулалтыг зөөллөсөн нь компаниуд нэгдэх, нэгнээ нэгтгэх үйл явцыг өдөөсөн. Үр дүнд нь жижиг банкууд зах зээлээс гарч томууд нь дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болов. Гэхдээ тэр үед ийм шинэчлэл дэлхий даяар явагдаж байсныг дурдах хэрэгтэй. Гэвч 1990-иэд оны төгсгөл, 2000-аад оны эхэн үеийн хүндрэл олон оронд хүндээр туссан билээ. Харин австраличууд хямралыг хялбархан давж чадсан юм.
 
Нөгөө талаар Австралийн сул тал болсон түүхий эдийн чиг баримжаа нь давуу тал болж хувирав. 1980-аад онд Австралийн ашигт малтмалын эрэлт тэгтлээ их өснө гэж хэн ч таасангүй. Тодруулбал, Австралийн дэргэд бий болсон эдийн засгийн шинэ гүрэн имжийн орны эдийн засагт маш их тус болжээ.
 
Энэ бол мэдээж Хятад. Дэлхийд хамгийн олон хүн амтай энэ улс эрчимтэй өсөх шинж тэмдэг 1980-аад онд Дэн Сяопины анхны шинэчлэлийн дараа мэдрэгдэж байв. Гэхдээ зөвхөн эхлэл байж. 1990 оноос хойш Хятадын эдийн засаг 15 дахин томорчээ. Улам бүр өсч байсан Хятадад маш их түүхий эд хэрэгтэй байсан нь хажууханд нь орших Австралийг сонгоход хүргэжээ. BHP Billiton болон Rio Tinto зэрэг томоохон корпорациуд энэ боломжийг ашиглан саяхныг хүртэл цөл голлож байсан Австралид уурхайнууд борооны дараах мөөг шиг олшров.
 
Ийнхүү Хятадын бялууны том хэрчмийг австраличууд жил бүр авдаг болсон байна. АНУ, Европ, Японоос ялгаатай нь Хятад улс тэгэхэд хямрал гээчийг мэддэггүй байлаа. Одоо ч гэсэн 6-7 хувийн өсөлттэй байгаа билээ. Хятад нь Австралийн экспортын гуравны нэгийг “залгидаг”. Хэрэв Хонконг, Тайванийг нэмбэл 40 хувь болно. Түүхий эдийн үнэ унахад уул уурхайн орнуудад хүндээр тусдаг. Гэхдээ Австралийн хувьд найдвартай худалдан авагч байсан тул асуудал үүссэнгүй.
 
Хямралын босгон дээр
Мэдээж Австралийн амжилтыг зөвхөн түүхий эдтэй холбох нь өрөөсгөл. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол цагаачлал. 1989 онд уг улсын хүн ам ердөө 17 сая байсан бол өдгөө 24 сая болж шууд 40 хувиар өсчээ. Ирсэн хүмүүс шинэ эх орондоо түргэн дасч байв. Тэдний ихэнх нь Европоос ирэгсэд, Өмнөд Африкийн цагаан арьстнууд, бусад улсын өндөр мэргэшсэн ажилтнууд байв. Хөдөлмөрийн бүтээмж сайтай цагаачид Австралийн эдийн засагт дараа болохоосоо илүү үр өгөөжөө өгч байв. Харин хууль бус цагаачидтай зууралдалгүй хатуу үздэг.
 
Гэхдээ амжилтын ард асуудал байдаг нь жам. Үр дүнтэй цагаачлал ч таагүй талтай. Австралийн хувьд энэ нь орон сууцны тэнгэр хадсан үнэ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс юм.
 
Валютын зах зээлийн хазаарыг суллаж, австрали долларыг сул тавьсан нь хиймэл хөөрөгдөл бий болгожээ. Уул уурхайнхан валютын хөөрөгдөлд өртөөгүй ч автомашин үйлдвэрлэгчид тэсч чадсангүй. 2006 онд Австралид автомашин үйлдвэрлэл 60 гаруй хувиар унажээ. Олон том үйлдвэрлэгч заводаа хааж, дотооддоо ч автомашин нийлүүлэхээ болив.
 
Түүнээс гадна, улам бүр өсч буй өрийн асуудлыг эдийн засагчид онцолдог. Австраличуудын зээлийн хэмжээ орлогынх нь 187 хувийг эзэлж байгаа нь түгшүүртэй үзүүлэлт. Өрийн хэмжээ өссөөр энэ оны хоёрдугаар сард сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээгээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Тиймээс АНУ, Европын 10 жилийн өмнөх хямрал Австралид удахгүй нүүрлэх магадлал өндөр.
 
Түүнээс гадна Австралийн худалдааны гол түнш Хятад улс хурдаа хасч, үйлдвэрлэлээс дотоод хэрэгцээ, үйлчилгээний салбар анхаарч эхэллээ.
 
Австраличууд эдгээр сорилтыг давж Японы дээд амжилтыг эвдэх эсэхийг ирээдүй харуулна.
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД