Хүний хөгжил

"Уламжлалаар ирээдүйг гоёхуй" уралдааны бүтээлүүд дэлгэгдэнэ 2017-06-14 11:37

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн хүрээн зохион байгуулсан “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдааны нээлт өнөөдөр Art House Center-т болж байна. 

Бидний өвөг дээдэс өнө эртнээс уран дархны чиглэлээр хөгжлийн асар өндөр түвшинд хүрснийг хэдэн зуун дамжсан түүхийн гайхамшигтай олдворууд гэрчилдэг. Монгол дархны бүтээлүүд нь урлах арга барил болон бүс нутгаасаа шалтгаалан хэв маяг, хийц загвараараа ялгаран уламжлагджээ.

Уран дархчууд маань үндэсний гайхалтай өв соёлоо үеэс үед өвлөн авч, хадгалан хамгаалж, уламжлан хөгжүүлсээр өнөөдрийн цаг үед авчирчээ. Энэ их хөдөлмөр зүтгэлийн хүчээр орчин цагийн монголчууд үндэсний өв соёлоо бахархан нандигнаж, уламжлалт гоёл, эдлэл хэрэгслээ орчин цагийн хэв маягтай уялдуулан хэрэглэх хандлага түгээмэл болж байна.

Энэхүү үйлсэд бага боловч дэмжлэг, хувь нэмэр болоосой гэсэндээ  Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдааныг санаачлан зохион байгуулж байна. Уралдаанаар дамжуулан монгол дархны ур ухаан, нарийн нандин хийцийг орчин үеийн хэв загварт оруулсан шинэ санаа, шинэлэг хэв загвар эрэлхийлэхийг зорилоо. Улмаар Монголын гоёл чимэглэлийн урлалыг хөгжүүлэхийн тулд шилдэг бүтээлийг үнэлэх, монгол дархчуудыг дэмжин, идэвхжүүлэх, урлагийн өндөр түвшинд урласан бүтээлийг таниулан сурталчлах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг хандуулах нь тус уралдааны зорилго.

Түүнчлэн Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бий. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн тод томруун зорилт юм.

Түүнчлэн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна. Уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ч хоёр байгууллага монгол түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уралдаанд оролцсон уран дархчууд салбартаа шинэ залуу хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр Германы олон улсын хамтын ажиллагаан байгууллагатай хамтран ажиллах аж.

Уралдааны бүтээлүүд энэ сарын 15-18-ны өдөр олон нийтэд нээлттэй байх юм. 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД