Дэд бүтэц

Дэлхийн Банкны шинэ төсөл сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлнэ 2017-06-16 15:55

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс 54.4 сая ам.долларын санхүүжилттэй "Эрчим хүчний салбарын төсөл–2"-ыг баталлаа. Уг төсөл Монгол улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбогдон, цахилгаан эрчим хүчний үйлчилгээг илүү найдвартай, тогтвортой болгоход чиглэнэ.Төслийн хүрээнд мөн нарны эрчим хүчийг хөгжүүлэх аж.

“Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна,” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна.
 
Цахилгаан түгээх сүлжээ өдгөө хуучирч, үр ашиггүй ажиллах болсноос үүдэн сүлжээний алдагдал нэмэгдэн, зарим тохиолдолд 25 хувьд хүрч байна. Бүсийн түгээх сүлжээ нь хүчин чадлынхаа дээд цэгт тултал ажиллаж байгаа бөгөөд засвар шинэчлэлт хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
 
Төслийн санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт 9 аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.
 
Төслийн хүрээнд мөн Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс гаднах анхны томоохон хэмжээний нарны цахилгаан станцыг барин, алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 10 МВт-ийн хүчин чадалтай уг станц нь нийт эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах юм.
 
“Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан нь сайшаалтай юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөцтэй ба уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж байна” хэмээн Дэлхийн Банкны Эрчим хүчний салбарын ахлах мэргэжилтэн Питэр Жохансэн хэлэв.
 
Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД