Эдийн засаг

Эрчим хүчийг эрчимжүүлэх төслүүд 2017-06-19 18:15

Г.ДАВААДОРЖ

Эрчим хүчний салбарынхан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудын хүрээнд 2017 онд 10 орчим том, жижиг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Эрчим хүчний чиглэлд нэн түрүүнд шийдэх ёстой асуудлын нэг нь ирээдүйд уул уурхай түлхүү хөгжих, тэр утгаараа эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх Говийн бүсийн цахилгаан хангамжийн шинэ эх үүсвэр бий болгох. Энэ хүрээнд шинэ цахилгаан станц барих, өргөтгөх, шугам татах, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой хэдэн том төсөл бий. 
 
Үүний нэг нь Тавантолгойн 450 мегаваттын хүчин чадалтай ДЦС-ийн төсөл юм. Төслийн өртөг нь нэг тэрбум ам.доллар бөгөөд концессийн нөхцөлөөр баригдана. Гүйцэтгэгчээр нь Японы Марубени, Монголын Эм Си Эс компани шалгарсан билээ. Жилдээ 2.6 тэрбум киловатт цаг борлуулна. Хэрэв уг ДЦС-ийг дөрвөн жилд бариад ашиглалтад оруулчихвал Монгол Улс Оюу Толгой ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уг компанид эрчим хүч нийлүүлэх юм. Одоогоор Оюу- Толгой компани жилд нийтдээ 100 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортоор авч байгаа. Цаашдаа гүн уурхай ашиглалтад ороход энэ өртөг хоёр дахин өсч шаардлагатай эрчим хүчний хэмжээ 265 мегаваттад хүрэх юм.  

2017 онд эрчим хүчний салбарт хэрэгжил төсөл, хөтөлбөр
 
 
Үүнтэй зэрэгцээд говийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах шугамын төслүүд хэрэгжинэ. Тухайлбал Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 270 километр цахилгаан дамжуулах агаарын шугамын (ЦДАШ) төслийн гүйцэтгэгч нь тодорсон, энэ онд бодит ажил эхэлнэ гэж салбарын яамнаас мэдээлж байна. Энэ төслийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм. Уг шугамыг барьснаар Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюу Толгой гэсэн хэлхээ үүснэ. Оюу Толгойгоос Цагаан суварга хүртэл 220 киловольтын хоёр хэлхээт ЦДАШ болон дэд станцыг энэ онд төлөвлөсөн ёсоор барьчихвал цаашлаад Сайншандтай холбосноор говийн бүсэд цахилгаан эрчим хүчний битүү гогцоо бүхий сүлжээ үүсч говийн бүсэд эрчим хүчний цогц дэд бүтэц бий болох юм. Оюу Толгой - Цагаан суваргын шугамын төсөл нь мөн концессийн нөхцөлөөр хэрэгжих учиртай. Түүнээс гадна Багануур-Чойрын 220 киловольтын шугам, дэд станцын өргөтгөлийн ажлыг энэ онд хэрэгжүүлэхээр Эрчим хүчний яам төлөвлөөд байна. 
 
Харин Төвийн бүсэд өргөтгөлийн хоёр том төсөл бий. Цаашдаа уул уурхайн томоохон төслүүд ашиглалтад орох, аж үйлдвэрийн паркууд баригдахтай холбоотой төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2025 он гэхэд одоогоос 700 мегаваттаар нэмэгдэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна. Өнөөгийн эрчим хүчний системийн нийт хүчин чадал 1100 орчим мегаватт юм. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Засгийн газрын хөтөлбөрт тусгасан ёсоор III ДЦС-ийн хүчин чадлыг 250 мегаваттаар өргөтгөх. Ингэснээр цахилгаан, дулаан хосолсон эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Зээлээр хэрэгжүүлбэл өртөг нь 350 сая ам.доллар болно, концесс болон бусад байдлаар санхүүжүүлбэл өртөг нэмэгдэнэ. Уг төслийн гол давуу тал нь одоо үүсээд байгаа эрчим хүчний хүчин чадлын дутагдлыг богинохон хугацаанд нөхөх юм. 
 
Дараагийнх нь 54 сая ам.долларын өртөгтэй Эрдэнэтийн ДЦС-ийн 35 мегаваттын өргөтгөл. Эрчим хүчний яам энэ төслийг нэн түрүүнд эхлүүлэх ажлын жагсаалтад оруулаад явж байна. Төслийн санхүүжилт нь мөн Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээл юм. Зүүн бүсийн хувьд Дорнодын ДЦС-ийг 50 мегаваттаар өргөтгөх ажил чухлаар тавигдаж байна. Энэ төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс гадна “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т орсон эрчим хүчний хоёр төслийн нэг. Дорнодын ДЦС-ийг өргөтгөснөөр хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй дорнод бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой болно. 
 
Баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авдаг. Дөргөний УЦС байгаа ч хүчин чадал бага. Тиймээс энэ бүсэд нэлээн хэдэн төсөл бий. Эндээс Могойн голын ДЦС, Говь-Алтайн Хөшөөтийн уурхайн дэд станц болон ЦДАШ гэсэн хоёр төслийг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 
 
Улиастай, Алтай хот хэдийгээр төвийн эрчим хүчний системд холбогдсон ч өвлийн их ачааллын үед дизелийн түлш хэрэглэдэг. Дизелийн түлшний татаасанд жилд найман тэрбум төгрөг төсвөөс олгодог. Тиймээс Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 100 мегаваттын хүчин чадалтай ДЦС барих төсөл хэрэгжиж өнгөрөгч 2016 оны 10 дугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Уг төслийн эхний блокийг 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулж, 2019 онд гүйцэтгэлийн ажлыг 100 хувь дуусгана хэмээн төсөл хэрэгжүүлэгчид төлөвлөжээ. 
 
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хоёр төслийг 2017 оны төлөвлөгөөнд багтаажээ. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй 50 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станц юм. Нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа уг станц нь жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэхээс гадна "Оюу Толгой", "Таван Толгой" зэрэг төслийг эрчим хүчээр хангах боломжтой аж. 2017 оны сүүлчээр ашиглалтад орох ёстой. 
 
Түүнчлэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 10 мегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд 2017 ондоо уг төслийн ажлыг эрчимжүүлэх зорилтыг салбарын яамнаас дэвшүүлээд байна. 
 
 
"Mongolian Economy" 2017.05 №128
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД