Дэд бүтэц

Хотоо төлөвлөхдөө хүнээ мартжээ 2017-06-20 12:41

 
Монголчууд сүүлийн жилүүдэд байшин барих дуртай болсон ч дотор нь ажиллаж, амьдрах хүмүүсээ мартчихдаг дутагдалтай. Төрөх эмнэлэг босгож байснаа ямар ч дэд бүтэцгүй газар барьж байгаагаа гэнэт санаад больчихно. Нисэх онгоцны буудал барьчихсан мөртөө тийшээ очих замыг нь тавиагүй байх жишээтэй.
 
Улаанбаатар хот бол дэд бүтэцдээ захирагдсан гудамжтай биш, гудамжиндаа захирагдсан дэд бүтэцтэй гэж хот байгуулалтын мэргэжилтнүүд хэлдэг. Шинэ гудамж гаргах болбол шулуун биш, барилгуудыг тойруулж хийхээс өөр аргагүй. Хүний насаараа амьдрах байрны нар хааж барилга босгох бол наад захын жишээ. Гэтэл газар нутаг багатай Японы Токио хотод хичнээн бэрхшээлтэй байсан ч бүхнийг оршин суугчдын тав тухад захируулсан байдаг.
 
Манай улсад угаас хүний амьдрах орчин, тав тух гэдгийг нэг л сайн ухаж ойлгохгүй байх шиг.
 
Саяхан хүний эрхийн байгууллагын мэргэжилтнүүд, хуульч нар цуглан хот төлөвлөлтийг хүний эрхтэй холбон онол практикийн бага хурал хийлээ. Хурлын гол сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон газар чөлөөлөлт байв. Уг арга хэмжээнд тавьсан илтгэлүүд, судлаачдын санал бодлоос бид хотоо төлөвлөхдөө хүний хүчин зүйлийг ойшоолгүй орхисон нь харагдаж байв.
 
Хамгийн эхний алдаа хот байгуулалттын тухай хууль, журмуудад байна. Олон улсын жишигт хот төлөвлөлттэй холбоотой хуулиудыг батлахаас өмнө хүний эрхийн дүн шинжилгээ хийдэг ч манайд ийм практик байхгүй. Гэхдээ одоо хийсэн ч хожимдохгүй гэж судлаачид хэлж байна. Иргэд шаардлага хангасан орон сууцаар хангагдах эрхээ эдэлж байна уу гэвэл эргэлзээтэй. Хэрэв нараа хаалгачихвал энэ эрх зөрчигдөнө.
 
Өнөөдөр манай улсад Хот байгуулалтын хууль, Газрын хууль, Барилгын хууль гэх мэт хот төлөвлөлттэй холбоотой долоон хууль үйлчилж байна. Бидний хийсэн нэг алдаа бол барилгын төсөл хэрэгжүүлэгч мэргэжил арга зүйн хувьд ямар байх ёстойг хуулиндаа заагаагүй. Тиймээс чанаргүй барилгатай холбоотой хэрүүл, маргаан тасрахаа байсан.
 
Газар чөлөөлөх талаар манай хуулиудын зохицуулалт ойлгомжгүй. Газар чөлөөлөх асуудлыг зөвхөн нийслэлээс гаргасан тогтоолоор зохицуулж ирсэн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Батчимэг Газрын тухай хууль, Газар өмчлүүлэх тухай хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудад дүн шинжилгээ хийжээ. Тухайлбал, ХСГДХ тухай хуулийн 18 дугаар зүйлд “Газар чөлөөлөх, газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна” заасан. Гэвч Газрын тухай хууль, Газар өмчлүүлэх тухай хуульд газар чөлөөлөлтийг хэрхэн зохицуулах талаар тусгаагүй.
 
Хот төлөвлөхөд иргэд, олон нийт-удирдлага-зах зээл, бизнес гэх гурван талын сонирхлыг харгалздаг. Эдгээрээс аль нэг нь доголдвол хүний эрх зөрчигдөнө. Отгонтэнгэр Их Сургуулийн багш, хуульч Ү.Амарбатын дүгнэлтээр бид дахин төлөвлөлтийг хийхдээ хэд хэдэн зүйл дээр алджээ. Нэгдүгээрт эрх зүйн орчин дутмаг учраас дахин төлөвлөлтийн процесст алдаа гарсан. Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөхөд талууд ямар зарчимд үндэслэн зөвшилцөх ёстой, зөвшилцөх боломжгүй нөхцөлд яах ёстой зэргийг хуулиндаа тусгаагүй. Түүнээс гадна, гэр хорооллыг дахин төлөвлөхөд улс төрийн нөлөө орсон учраас сонгууль болгоны дараа ажил зогсонги байдалд ордог. Газар чөлөөлөх тухай хууль одоо болтол батлагдаагүй. Гуравдугаар алдаа нь газрын үнэлгээ, шударга нөхөн төлбөрийн асуудал ойлгомжгүй. Газраа өгөөд түр амьдрах орон сууцанд амьдарч буй хүмүүсийн зардлыг хэрхэх тухай зохицуулалт тодорхой биш. Хэрэв иргэн тухайн газар дээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан бол газар чөлөөлөлтийн улмаас алдсан ирээдүйн ашиг, иргэдийн сэтгэл санааны хохирлыг яах тухай зохицуулалт байхгүй. Маргаан шийдвэрлэх үйл явц хэтэрхий удаан.
 
Дахин төлөвлөлтөд гарсан бас нэгэн алдаа нь эрдслийн удирдлагыг нэвтрүүлээгүй явдал. Эрэлт, нийлүүлэлтийн эрдслийг анхнаасаа тооцоогүй учраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд борлогдохгүй орон сууц олон болсон ажээ. Гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэдийн оролцоог бодитоор хангаагүй, дүр эсгэсэн байдлаар оролцуулсан нь олон асуудлын үндэс болжээ.

Энэ мэт хүний эрхийг санаатай, санаагүй зөрчсөн багагүй асуудал газар дахин төлөвлөлтийн эргэн тойронд байна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зөвлөх, Академич Ж.Амарсанаагийн хэлснээр дахин төлөвлөлт нь зөвхөн дэд бүтэц биш бөгөөд асуудлыг авч үзэхдээ хүний хүчин зүйлийг алсын хараатай авч үзэх хэрэгтэй аж. Тиймээс дахин төлөвлөлтийг амжилттай үргэлжлүүлэхэд хууль эрх зүйн, захиргааны, төсвийн, шүүхийн, соён гэгээрүүлэх чиглэлд олон арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД