Хүний хөгжил

С.Аяанаа: Үнсгэлжинг Монгол мэдэж, таних цаг ирсэн 2017-06-21 14:10

Италийн түүхэн хөгжмийн зохиолч Gioachino Rossini-ийн "Үнсгэлжин" дуурь Монголд анх удаа тавигдах гэж байна. Монгол, Итали, Орос, Испани уран бүтээлчдийн хамтарсан энэхүү төслийг санаачлагч С.Аяанаа хэмээх монгол бүсгүйтэй орчин үеийн сонгодог урлагийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч. Ямар бурэлдэхүүнтэй, Монголоос ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ?

-Юуны өмнө, уншигчдад болон Монголд байгаа бүх найз нөхдөдөө, тоглолтонд хүрэлцэн ирэх гэж байгаа үзэгчдэдээ Ромоос сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Манай тоглолтод Итали, Монгол, Испани, Оросын уран бүтээлч оролцоно. 2002 оноос хойш нэрд гарч байгаа дуурийн урлагийн шинэ үеийн уран бүтээлч учраас одоо үеийн нийгмийн уур амьсгалыг өөртөө шингээж чадсан, өнөөгийн соёл урлаг дэлхийд ямар байдалтай, орчин үед хэрхэн хөгжиж, аль чиглэл рүү илүү явж байгаагаа мэдэрч Европт нэрд гарсан уран бүтээлчид.

Миний хувьд энэ төслийг санаачилсан хүн нь. Италид нэлээд олон жил амьдарч, энд дуурийн урлагаар докторын зэрэг хамгаалсан. Дуурийн эх оронд амьдарснаар маш олон зүйл ойлгож, мэдэрч, дэлхийн нэрт дуурийн дуучин Paolo Montarsolo-гийн гарын шавь байлаа, мөн нэлээд хэдэн жил хувиараа суралцсан. Эцэст нь ямар ч байсан Италийн шинэ үеийн дуурийн дуучдын эгнээнд орж өөрийн гэсэн байр суурьтай  болж чадсан гэж боддог.

Манай удирдаач Jacopo Sipari Di Pescasseroli нь Италид хамгийн алдартай симфони найрал хөгжмийн удирдаачдын эхний тавд багтдаг хүн. Зөвхөн Итали ч биш дэлхийн хэмжээнд томоохон байр суурь эзэлж эхэлж байгаа удирдаач.

Дуучдын хувьд Franco Cerri бол Италийн түүхт хөгжмийн зохиолч  “Puccini” сангийн байнгын гоцлол дуучин. Giacomo Puccini-гийн амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан газарт түүний нэрэмжит сан фестиваль зохион байгуулаад 60 гаруй жил болж байна. Pietro Toscano мөн адил “Puccini” сан, As.Li.Co гэдэг Италийн шилдэг дуучдыг гаргасан Милан хотын алдартай агентлагийн гоцлол дуучин. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл 1980-аад онд Монголд гарч байсан SPRUT (наймалжин) гэж олон ангит киноны од Michele Placido биечлэн ярьж Pietro Toscano-г Нью-Йорк хотын Carnegie танхимд тоглуулсан юм. Мөн Италидаа маш олон дуурьд тоглож, маш нэртэй театруудад дуулсан.

Pietro их цайлган сэтгэлтэй хүн. Тэр нэг удаа “Би бүр багаасаа Монгол Улсын түүх сонирхдог байсан. Уншаад, уншаад бүх л сэтгэл санаагаараа автдаг байлаа. Монгол хүмүүсийн түүх, сэтгэл, бодол гээд ямар хүмүүс байдаг бол гэж байнга бодогддог байсан. Одоо ийм завшаан гарч байгаад маш их сэтгэл хөдөлж байна. Италийн шилдэг театр “La Scala”-д дуулах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөөд байгаа. Маш их баяртай байна” гэж ярьсан.

Мөн Concetta Peperè,  Sabina Galizia хэмээх өөр өөр сопрано хоолоотой маш мундаг залуу дуучид байгаа. Залуу ч гэсэн маш алдартай, “Teatro  San Carlo Concetta”, Италид хэдэн зууны өмнө баригдаж Rossini-гийн “Севилийн үсчин” анх тоглогдсон “Teatro Argentina” зэрэг дэлхийн алдартай театруудад уригдан дуулж үзсэн залуу уран бүтээлчид. Concetta бол дуучнаас гадна өндөр зэрэглэлийн хийлч. Италийн шилдэг оркеструудтай хамтран тоглож, “London Symphony Orchestra”-д ч ажиллаж үзсэн туршлагатай.

Мөн адил Испанийн нэртэй дуучин Ignacio Prieto ирэх юм. Маш их амжилтанд хүрч чадсанаас гадна Эквадорт зориулсан өөрийнхөө тоглолтоор 10 мянган еврогийн сан босгож, тэнд газар хөдлөлтөд өртсөн ядуу хүмүүсийн гэр бүлд тусламж хүргэж байсан юм.

Монгол дуучид маань миний хамгийн том бахархал юм. Манай дуучдын дуурийн урлагийн өөрийн гэсэн хувь нэмэр дэлхийн урлагт заавал үлдэх ёстой гэж бодож энэ ажилдаа хамаг сэтгэлээ зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байна. Яагаад гэвэл манай дуучид их өвөрмөц, байгалиас заяасан ховор бөгөөд чанартай материалтай.

Монголд эсвэл Орост алдаршсан Вэрди, Пуччинигийн дууриудаас маш өөр хэв маягтай. Rossini-гийн стиль, хөгжмийн болон дуулах техникийн ч хувьд ерөнхийдөө маш өөр, жинхэнэ Итали шийдэлтэй уран бүтээлүүдэд тооцогддог.

Монгол уран бүтээлчдээс гэвэл Мариинский театрт жинхэлсэн Монголын анхны гоцлол дуучин Э.Түвшинжаргал оролцоно. Сайхан баритон хоолойтой, өөрийнхөө хүчээр ямар ч туслалцаагүй гарч ирж байгаа тэрбээр Оростоо их алдаршиж байгаа. Монголчууд гадаад улсад өөрийн гэсэн байр суурь эзлэхэд ямар их хүч чармайлт, ухаан, тэвчээр хэрэгтэй байдгийг одоохондоо сайн мэдэрдэггүй байх. Тийм учраас ийм хүмүүсээ байнга дэмжиж бага ч болов урамшуулах хэрэгтэй.

Бид Монголдоо хязгааргүй хайртай. Бид гадаадад ажиллаж амьдарснаар ямар нэг хэмжээгээр Монгол Улсын нүүр царай болж байгаа. Гадаадад урлагийн, тэр дотроо дуурийн урлагт Монгол хүн маш цөөн. Орос, Солонгос, Хятадууд дуурийн дуучин ихтэй. Ромд жил болгон мянга мянгаараа сурахаар орж ирдэг. Ялангуяа Солонгос, Хятадын Засгийн газар тэтгэлгээр хүмүүсээ сургаж байна. Тийм учраас ар амьдралдаа санаа зовохгүй дуурийн урлагт бүрэн автахаар шийдчихсэн хүмүүс байдаг. Гэтэл монгол оюутан маш өөр нөхцөл байдалтай. Тийм мөртлөө тэдний дундаас шилдэг нь болж чадаж байгааг нь зөв үнэлээсэй гэж хүсдэг.

Д.Дариймаа бол Монголдоо мэззосопрано холоотой “Хатан хаан” гэж хэлж болох дуучин юм. Дуурийн театрт олон жил ажилласан мундаг уран бүтээлч. Ажил, гэр бүл гээд урлаг маш ачаалалтай шүү. Эмэгтэй хүн, ялангуяа Монголд дуучин, урлагийн хүн байх амаргүй. Монголоос эрэгтэй дуучид гарч эхэлж байна. Тэгэхдээ Монгол эмэгтэй дуучдаа ч гэсэн дэмжих хэрэгтэй.

Манай төгөлдөр хуурч багшийг Victoria Khalilova гэдэг. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг эгчийн Испанид жил бүр болдог фестиваль дээр танилцан юм. Тэр үед “С.Саянцэцэг эгчийг маш их шүтдэг учраас заавал энэ фестивальд оролцмоор байсан” гэж хэлж байсан. Тэгээд Монголын сонгодог урлаг агуу болох бүх боломжтой гэж ярьдаг хүн. Victoria Герман, Болгар, Орост болсон олон төгөлдөр хуурчдын тэмцээнд түрүүлсэн.

Rossiniгийн стилийг зураглахаас илүү мэдрэх нь чухал. Хоёрдугаарт, энэ дуурь хүний сэтгэл ямар уужим, цагаан цайлган байж чадах вэ гэсэн гол сэтгэл зүйн утга агуулгатай.

-Яагаад “Үнсгэлжин” гэж?

-Юуны түрүүнд энэ жилийг Rossiniгийн жил хэмээн дэлхийд зарласан байгаа. Учир нь Италийн алдартай хөгжмийн зохиолч Rossiniгийн энэхүү шилдэг дуурийн 200 жилийн ой болж байгаа юм. Энэ дуурь нь Монголд эсвэл Орост алдаршсан Вэрди, Пуччинигийн дууриудаас маш өөр хэв маягтай. Rossini-гийн стиль, хөгжмийн болон дуулах техникийн ч хувьд ерөнхийдөө маш өөр жинхэнэ Итали шийдэлтэй уран бүтээлүүдэд тооцогддог. Rossiniгийн стилийг зураглахаас илүү мэдрэх нь чухал. Хоёрдугаарт, энэ дуурь хүний сэтгэл ямар уужим, цагаан цайлган байж чадах вэ гэсэн гол сэтгэл зүйн утга агуулгатай.

Итали орон дундад зууны үед маш өндөр төвшинд хүрч хөгжиж чадсанаар тухайн үед бүхэл бүтэн Европ тивд асар их нөлөө үзүүлж байсан. Rossini тэр үетэй холбон энэхүү Үнсгэлжин хэмээх үлгэрийг тэр чигээр нь биш, жирийн хүний өдөр тутмын амьдралтай холбон, өдөр тутмын хэллэг, боддог зүйлсийг оруулан маш баялаг, аймшгийн хурдан хэмнэлтэй аугаа дуурь бүтээсэн юм. Тийм учраас дуучдын хувьд дуулахад, удирдаачийн хувьд удирдахад дэлхийд хамгийн хэцүү дууриудын тоонд ордог.

Хэчнээн сэтгэл зүйн талаас ч тэр, хөгжмийн шийдлийн талаас маш гүн агуулгатай ч хүүхэд хүртэл ойлгоход маш хялбар театрын жүжиглэлтийн хувьд үлгэр жишээ авахаар бүтээл. Зөвхөн дуурь сонирхдог хүмүүст биш, хүн бүрт маш дотно бууж чаддаг цөөхөн сонгодог дуурийн нэг. Тийм учраас, Монгол энэ дуурийг мэдэж, таних цаг ирсэн гэж бодож байна. Дэлхийн 200 жилийн турш үзсээр ирсэн энэ дуурийг Монголд одоогийн байдалд ойрын хугацаанд авчирж тоглуулах хүн байхгүй байгаа учраас “Бид л авчирч тоглуулахгүй бол” гэсэн бодол төрсөн.

Өнгөрсөн жил монгол дуучдаа Ром хотод бэлтгэлд авчирч зарим театр, соёлын төв ордонд гурван удаа тоглосон юм. Үүгээрээ миний энэхүү санаачилга Италидаа ч, Монголд ч маш их анхаарал татсан. Үүнээс дараа дараагийн төслүүдэд орж монгол дуурийн дуучид, сонгодог урлагаа гадаадад сурталчлах боломжтойг олж харсан.  Тэгээд  Италидаа нэлээд олон удирдаач, агентуудтай уулзсан юм. Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” дэмжиж хамтран ажиллахаар болсон. Үүнд Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа хамгийн түрүүнд дэмжиж хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүн.

-Тоглолт бас Италид болно гэж ойлгосон?

-Тийм, бид Монголд тоглосныхоо дараа Англи, Италид зарим нэртэй томоохон фестивалиудад тоглоно. Үүнээс гадна Германд суугаа соёлын элч Оюунтуяа ч гэсэн Германд зарим тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна, Монголд болох тоглолтоо Манай Маестро Jacopo Sipari Di Pescasseroli-гийн удирдлага доор анх удаагаа л Телевизийн сувгуудаар цацахаас гадна, бүтэн бичлэг хийх бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд, видео продакшн компаниуддаа биднийг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

Хэдийгээр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”, Гадаад харилцааны яамны туслалцаатай ч, хэчнээн  гайхалтай өвөрмөц, Монголд анх удаагаа л ийм зүйл зохион байгуулагдаж байгаа ч бид бүтээлээ туурвихын тулд танхим, тоглолтод хэрэгтэй зүйл гээд бүх зардлаа өөрсдөө даах ёстой болсон. Урлагийн бүтээл бол санхүүгийн хувьд өндөр өртөгтэй байдаг. Бид менежмэнтийн хувьд их хариуцлагатай ажиллаж байгаа.

Дуурийн билет хямд зарагдах ёсгүй. Баруунд нэг шинэ дуурь тавих зардал нь хэдэн саяар яригддаг. Монголд одоохондоо тийм биш. Гэхдээ Гадаад харилцааны яамны туслалцаатай, Соёлын Элч Ж.Өнөрмаагийн уйгагүй хичээл зүтгэлээр “МИАТ” спонсорлохоор болсон. Мөн бидний төсөлд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаа том компани, байгуулагуудаас нэрлэхэд  Моннис групп болон Италийн “Нолуурын хаан” хэмээгддэг Brunello Cucinelli манай төсөлд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон.

Эдгээр компани ер нь урлаг, өндөр төвшинд хүрч чадсан тохиолдолд л дэмжиж оролцдог нь бидний хувьд ч гэсэн маш их бахархууштай зүйл.

Зүүн гар талаас дуучин Sabina Galizia, Gyij Nathalie von Rittersberg, С.Аяанаа. Эдгээр театрын хувцасны загварыг С.Аяанаа урлажээ.

-Дэлхийн театруудад монгол дуучид дуулах тухайд, манайд тийм чадвартай уран бутээлч олон бий юү. Ер нь манай сургалт хэр вэ?

-Тиймээ, байгаа. Тодруулж  хэлэхэд маш олон дуучин байгаа. Манай ахмад үеийн дуурийн дуучид чадварлаг байснаас гадна үнэхээр бахархмаар шинэ залуу дуучдыг хүүхэд шигээ харж үзэж, сургаж чадсан. Одоо ч маш сайн бэлдсээр байгаа. Дуулаачдийн тэнхмийн багш нар маань маш өндөр төвшинд хүрсэн гэж боддог. Гэтэл манайх бүхэл бүтэн улсын хувьд Сонгодог хөгжмийн урлагт болон дуурийн урлагт  мэргэжлийн хоёрхон "талбай" бий. Филармони, Дуурийн Театр.

Манай дуучид эх орноо алдаршуулж чадна. Монголын Засгийн газраас дэмжлэгтэй, тусгайлан төрийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.  Дэлхийн өнцөг бүрт, орой бүр дуурийн театруудад ядаж нэг дуучин нь Монголоос байх ёстой. Италийн адил. Дэлхийн хаана ч ямар нэг алдар нэртэй арга хэмжээнд заавал нэг Италийн дуурийн дуучин дуулахаар уригддаг.

Урлаг нь аливаа улс орны нэр хүндийн асуудал. Бид өөрсдийгөө хүндэтгэдэг л юм бол бүх төрлийн урлаг хөгжүүлэх шаардлагатай.

Дуучид нь тэнцэхгүй, чадахгүйдээ биш. Манай төрийн бодлогод урлаг, дуурь, сонгодог жөгжим орхигдож байгаа нь тун харамсалтай. Жишээлбэл бид ярьж байгаад залуу бие даасан уран бүтээлчдийг тоглолтдоо урьсан юм. Эрдэнээгийн Очирсайхан гэж ОХУ-д хэд хэдэн олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн, Солонгост ч амжилттай оролцон, Монголд ч олон удаа шагналт байранд орсон залуу дуучин. Италид ч ирж дуулсан, маш амжиллтай яваа уран бүтээлч. Ийм сайхан залуучуудыг дэмжих хэрэгтэй, нэрийг нь заавал дурдах хэрэгтэй. Ингэж л залуу үеийн дуучдыг дараа дараагийн мэргэжлийн ажилд нь туслах, урам өгөх нь чухал. Урлаг бол энтэртайнмэнт биш. Энтэртайнмэнт салбарынхан шоу бизнес болгоод явчихдаг бол урлаг нь аливаа улс орны нэр хүндийн асуудал. Бид өөрсдийгөө хүндэтгэдэг л юм бол бүх төрлийн урлаг хөгжүүлэх шаардлагатай. Бидний нэг ёсны нэрийн хуудас юм.

-Сайн дуучин болохын тулд заавал Италид сурах ёстой юу?

-Сайн дуучин болохын тулд Италид заавал сурах хэрэгтэй. Хэрэв гадаад хүн хөөмий сурах хүсэлтэй бол хэн ч гэсэн заавал Монголд очиж сур гэж л зөвлөнө шүү дээ.

Манай Монголын дуурийн урлаг хуучин ЗХУ-аас нэвтэрч дэлгэрсэн. Үүнд манай өвөө Монголын анхны мэргэжлийн кино найруулагч Цэвээний Зандраа “Ваудэвиллэ” буюу дуу хөгжмийн уран сайхны кино стилийг туурвисан бутээлүүдээрээ дэлгэрүүлж, дуурийн дуу дуулж нэгэн зэрэг жүжигчин болж, дуурь гэж юу байж болохыг анх Монголд өргөнөөр хүргэсэн хүн байдаг. Жижээлбэл, анх бутээсэн уран сайнхны кинонуудаас нь авч үзэхэд “Шинэ жил”, Оюун гуайтай хамтран бүтээсэн “Манай аялгуу” зэрэг кино бүтээлүүдээр манай Алтан үеийн жүжигчид дуучид гарч ирсэн шүү дээ.

Энэ бүтээлүүд монголчуудад дуурийн урлагийг танилцуулж, нэг ёсны шууд бус утгаараа маш их сурталчилгаа болсон юм. Үүнээс гадна, Цэдэнбал даргын эхнэр Филатова гуай дуурийн урлагт маш их нөлөө үзүүлсэн.  Урлагийн мэдрэмжтэй, авьяастай залуухан охид хөвгүүдийг шалгаруулан ЗХУ-д үнэгүй сургалтанд хамруулж анхны мэргэжлийн дуучдыг гаргасан. Энэ бол аугаа нөлөө байсан.

Соёл урлаг бол зөвхөн ойлголт биш, хүний бүхэл бүтэн амьдралаараа байнга мөрдөж явах мораль, хүний мөн чанартай холбоотой амьдралдаа баримтлах "зөв" зүг юм.

Мөн 20 гаран жил ДБЭТ-ыг  Намхайцэрэн гэж ауга хүн удирдсаныг бүгдээрээ сайн мэднэ. Манай Монголд дуурийн урлагийг зөв чиглэл рүү оруулж чадсан хүн. Түүнийг ажиллаж байх үед нь манай сонгодог урлаг үнэхээр дэлхийн төвшинд хүрч эхэлж байсан. Үүний дагуу манай өвөө Монголын Симфони найрал хөгжмийг оркестр, баллет сонгодог бужгийн тухай “Манай Монгол” гэсэн бүхэл бүтэн баримтат кино туурвиж, Монголд анхны олон улсын наадмаас Гран-при шагнал авчирж байлаа.

Тийм учраас, тухай үед манай алтан үеийн ахмадууд маань анхны томоохон алхам хийж чадсан, бүхэл бүтэн амьдралаараа нотолж, аугаа их сонгодог урлагт амьдралаа зориулсан. Биднийг Итали, Европын сонгодог хөгжмийн төвшинд хүргэхийн тулд шүү дээ. Зөвхөн Итали Европ дахь төвшинд хүрсний дараа Монголын сонгодог урлаг эхэлж болох юм.

-Сонгодог урлагийг мөнгөтэй хольж хутгаж болох уу. Бизнес байх боломжтой юу Эсвэл зөвхөн соён гэгээрүүлэх үүрэгтэй байх нь зөв үү?

-Өмнө нь Италид ч,Зөвлөлт холбоот улсад, манай Монголд ч тэр, сонгодог урлаг Засгийн газрын тусгай бодлоготой хөгжиж байсан бол, одооны Соёл урлаг, Дуурь бол бие даасан, хувийн агентлагуудын гарт байгаа. Тийм учраас маш их өрсөлдөнтэй бөгөөд ер нь л санхүүгийн талаас байнгын хүндрэлтэй болж эхэлсэн. Тийм учраас, дуурь сонгодог урлаг гол төлөв элитүүдын урлаг болж хувирч байгаа бөгөөд миний болон бидний бодож байгаагаар тийм байх ёсгүй.

Харамсалтай нь хүмүүс соёл урлагийг маш буруу эсвэл хувирсан утгаар ойлгодог. Учир нь хүүхэд өсөж бүй ихэнх гэр бүлд  Соёл Урлагийн талаар Ер нь ярихаа больсон. Тэр нь яваандаа амьдралд хамаагүй асуудал болж хувирдаг. Дээд сургуулийн диплом авсан ч, чухам Соёл Урлаг гэдгийг бүрэн ойлгодоггүй. Зөвхөн Монголд биш л дээ, барууны орнуудад ч Соёл Урлагийн талаар ойлгоц муутай хүмүүс маш олон байгаа. Энэ бол нэг ёсны популист "соёл" юм.

Соёл урлаг бол зөвхөн ойлголт биш, хүний бүхэл бүтэн амьдралаараа байнга мөрдөж явах мораль, хүний мөн чанартай холбоотой амьдралдаа баримтлах "зөв" зүг юм. Шинэ үеийн соёл урлаг зөвхөн гэгээрүүлэх үүрэгтэй биш ээ, угаас аугаа материаллаг баялаг.

Соёл Урлаг бол гоо сайхныг мэдрэх, бүтээхийн төлөө бий болсон бөгөөд биднийг хомо сапиенс хүртэл хувиргаж өгсөн агуу их концепц юм. Германы гүн ухаантан И.Кантын хэлснээр "Аливаа ашигтай зүйл болгон сайхан байдаггүй, гэтэл аливаа соёл урлагийн сайхны ард заавал ашиг гардаг шүү".

-Сонгодог урлагт амжилтанд хүрэх хэр хэцүү вэ?

-Маш хэцүү. Ер нь зөвхөн уран бүтээлч гэж явах үе өнгөрсөн. Энэ зуунд амьдарч байгаа уран бүтээлч бол үран бүтээл туурвихаас гадна хэрэв мэргэжилийн болох сонирхолтой юм бол урлагийн маркетинг, менежмэнт, харилцааны ур чадвар гэх мэт зүйлсийн ард ямар их бизнесс мөнгөний эргэлтэнд автагдагтаа маш мэдрэмжтэй байх ёстой. Аугаа уран бүтээлчийн төвшинд хүрсэн ч, өөр ирээд менежмэнт хийж өгье гэж хэлэх хүн байхгүй. Гол нь тэр л дээ.

-Манайд энэ мэргэжлийн урлагийн байгууллага гэж ярьдаг. Энэ дуурийн театраас гаралтай уран бутээлчид суулийн үед олон улсад нэлээд танигдаж эхэлж байгаа. Гэхдээ хувиараа гадаадад гараад муугүй яваа хүмүүс цөөнгүй юм шиг билээ. Тэр хүмүүсийг хооронд нь холбоод бие биенээ дэмжвэл монголыг сурталчлах чамгүй баг бий байх. Иймэрхуу санаачилга хэр бна вэ?

-Энэ санаачилгыг бүрэн дэмждэг. Тэгэхдээ маш сайн зохион байгуулалт хийж өгөх хэрэгтэй. Сүүлийн үед “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” болон Гадаадад амьдардаг хүмүүсийн холбоонууд үүсэж хувь, хувьдаа маш их зүйл зохион байгуулж эхэлсэн нь зөвхөн Монголыг сурталчлахаас гадна, олон тохиолдолд манай улсын нүүрийг тахалж байгаа.

Энэ бол маш баярлууштай л хөдөлгөөн эхэлсэн. Ямар ч байсан Монголын Эдийн засагт, соёлд сайнаар нөлөөлөх хүчин зүйл мөн.

-Одоо таны хийж байгаа ажлыг цаашид хийх олон ажлын эхлэл гэж ойлгож болох уу?

-Тиймээ, би тэгж л бодож байна. Өөрийн гэсэн Сонгодог дуурийн нийгэмлэгийг Италийн Ром хотод энэ жилийн дотор нээхээр төлөвлөж байгаа. Үүнд Олон улсын дуурийн дуучдыг, энэ дотор Монгол дуурийн дуучдыг сурталчлах  зорилготой.

Мөн Соёлын Элч Ж.Өнөрмаатай хамтран ажлаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол дуурийн урлагийг төлөөлнө гэж л бодож ажилласаар байна.

-Таны ямар театруудад дуулж байв. Өөрийн туршлагаасаа хуваалцвал?

-Асууж байгаад баярлалаа. Ер нь би өөрийгөө магтах маш дүргүй. Аль болохоор өөрийнхөө тухай бага ярьж, анхаарлаа хийж бүтээж байгаа юмандаа зориулах нь илүү чухал гэж боддог. Энэ зангаасаа болоод найз нөхдөдөө зэмлүүлнэ. Тэгэхдээ хүн ямар ч төвшинд хүрсэн даруухан л байх ёстой.

Би III орос сургуульд сурч, нэгэн зэрэг ЗХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх төлбөргүй Хөгжмийн дунд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр М.Н.Григориева багшийн шавиар анх төгсөж байсан юм.

Ер нь бол бид нэгдүгээр 40 мянгатын нэг байрны, нэг орцны, нэг давхрын, зэрэгцээ тоот хөршүүд байлаа. Тэгэхэд манай байранд Монголын Өнгөрсөн Зууны "салбар салбарын" түүхэн хүмүүс амьдарч байсан даа. Энэ нь хүүхэд насанд минь маш их нөлөөлсөн. Жаахан охины хувьд эдгээр хүмүүс манай хөршүүд л байсан. Гэтэл сургуульд ортол ямар чухал хүмүүс вэ гэдгийг ухаарсан. Ийм хүмүүсийн дэргэд бол миний чадах зүйл бол даруухан л явах хэрэгтэй.

Дуучны хувьд анх 2000-2002 онд Жазз дуучнаар гарч ирж байсан. Тухай үедээ Англи дууны уралдаануудад орж түрүүлж байсан юм. Франц дууны уралдаанд Гран-при авч байлаа. Анх “WHY NOТ” продакшны "Кармэн" гэдэг дуурь болон жазз хөгжмийн микс хийж гаргаж байв. “ХИТ” болон тухай үеийн телевизийн нэвтрүүлгүүдэд ч оролцдог байв. Жинхэнэ Улаанбаатар хотын хүмүүс бол андахгүй л дээ. Филармонийн гоцлол дуучнаар ч ажилласан. Samson et Dalila гэсэн дуурь бага зэрэг Enigma -гийн нөлөөнд автагдсан стилтэй микс хөгжимтэй видео клип аргасан.

Залуухан ч байсан даа. Тэгэхдээ энэ стилээр дагнахад миний сэтгэл арай ханахгүй байсан. Тэгээд ч тэр үед урлаг бол хүмүүсийн хамгийн сүүлд боддог зүйл байсан. Эрчүүд нь амьдралд буугаад өгчихсөн, эмэгтэйчүүдэд хүүхдүүдээ яаж өсгөх вэ гэдэг л өдөр тутмын бодол байсан шүү дээ.

Үүнээс гадна би бас Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөнөөс гадна Гадаад Хэлний Дээд Сургууль Улаан Дипломтой төгссөн л дөө. Тийм учраас хувийн лээд  сургуулиудад болон хуучин Монголын Биенесс Хөгжлийн Агентлагт мэргэжлийн англи хэл заадаг байв. Тэр үед, манай Нийгэмд хошин шог их дэлгэрч, урлаг бол хүмүүс ядарсандаа бодохоо ч больсон харанхуй үе мэт санагдаж байна.

Урлаг дуурь соёл боловсрол гэж сэтгэлээсээ тэмүүлдэг байсан миний  үеийнхэн нийгмийн ийм хэцүү үетэй таарсанд маш харамсдаг. Бас л сэтгэлээр унамаар хэдэн жил байсан шүү. Тийм учраас, би ягаад Италид сурч болохгүй гэж? бодсон. Миний хамгийн том мөрөөдөл байсан юм.

Тэгээд ч СУИС-иа төгсөөд, Монголын Улсын Филармонид ажиллаад багагүй хугацаа өнгөрч байсан. Шинэ зүйл сурахгүй бол уран бүтээлчийн хувьд утгагүй болох мэт санагдаж эхэлсэн. Эцэст нь Грек улсад Европын маш нэртэй Олон улсын уралдаанд оролцсоноор уралдааны Ерөнхийлөгч, Италийн Алтан үеийн дуурийн дуучин Paolo Montarsolo-гийн гарын шавь болж Ром хотод сурахаар уригдсан. Энд дуурийн урлагаар италийн Доктор зэрэгтэй мэргэжилтэн болсон.

Италид олон газарт дуулж үзсэн. Бүгдгийг нэрлэбэл их л урт жагсаалт болно доо. Тэгэхдээ сэтгэлд үлдсэн гол Театр, Концэртын танхим гэвэл Катанзаро хотын “Politeama” театр, Ром хотын “Auditorium Parco Della Musica”, Ромын Дуурийн театр, “Villa Torlonia” театр, “Sala Immacolata”, Италийн түүхт “Villa  Ariston Lido di Camaiore”, Милан Хотын 2015 оны Экспо болон хэд хэдэн арга хэмжээ, тоглолтод оролцсон. Нэрт “Posta Vecchia” болон Ромын дээдсийн хүрээлэнгийнхний амьдардаг “Antico Circolo del Tiro al Volo Parc” зэрэг нэртэй газруудад ч уригдаж дуулсан.

Нэг мэдэхэд л ямар нэгэн тоглолтод сонгогдчихдог. Саяхан Ром хотын “Diletto Barocco”-гийн найрал хөгжмийн хамт олонд уригдсанаар гурван тоглолтонд оролцож “Rockwell” сангаас ивээн тэтгэсэн Европын хамгийн том, хамгийн хөгжингүй “Эруул мэндийн судалгааны институц”-ийн 83 жилийн ойд хүндэт зочноор уригдаж дуулсан юм. Үүнд Итали улсын Ерөнхийлөгч, парламентын гишүүд оролцож, маш их алга ташиж баяр хүргэж байсан.

Испанид бас л "Өөрийн хүн" болсон гэх үү дээ. Испанийн дуурийн дуучин Ignacio Prieto-гийн зочноор уригдаж их Бургос хотын “Caja Circulo” банкны ивээн тэтгэснээр их амжилттай оролцож энэ жилийн сүүлээр тоглолтонд оролцохоор дахин уригдлаа. Үүнээс гадна Европын зарим орны тоглолтод уригдаж амжилттай оролцсоор байгаа.

Дөрөвдүгээр сард Лондон хотын “Asia House”-д Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаагийн зохион байгуулсан “Монголын Өдөрлөг”-т Италийн нэрт дуурийн дуучин Franco Cerri-тэй хамтарч дуулсан. Италийн олон удирдаачтай тоглолтонд орж үзсэн. Ер нь Италид амьдардаг гадаад иргэдээс урлагт амжилттай яваа нь тийм олон биш. Харин одоо болох тоглолтоо Европт аль болох их сурталчилснаар миний амьдралын "шинэ үе" эхэлнэ гэж харж байгаа.

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Guest 2017 оны08 сар / 02 17:59

Irsen duuchid mash sul duuchid irsen suragtai humuus yrij bna .Mongolin duuriig surtalchilj bga bol duuriin teatriin duuchid deer tulguurlaj ajillah heregtei tednees uur unuudurtuu mongoldoo duuriin duulaachin urlagiig medeh humuus alga shuu avyastai zaluu duuchid bgaa tedniig gadagsh gargah mergejil deer ni usguh ajil hiivel ih saindaa ym hiigeed yvaa chine ih saihan bolovch mergejiliin undur shaardlaga hangahgui bol ineedmiin jujig l bolno shuu amjilt

aav ni 2017 оны06 сар / 29 08:21

минии охин өөрийн авьяасаар өөдөө яваа азтай хийморитой хүн. Ямар их хөдөлмөр гаргадгийг нь биширмээр. Манайхан хоолойн авьяас ген удамтай хүмүүс. Тэр нь миний охинд "халдсан" юм шүү. энэ бол аз, бас агуу баялаг. Миний охин дэлхийн энтэй нэгэн дуучин уран бүтээлч болж яваа учир та бүхэн минь тал талаас нь дэмжээрэй.