Хөрөнгийн зах зээл

Төрийн өмчийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахын ач холбогдол 2017-07-24 09:55

Дэлхий дахинд төрийн оролцоотой компаниудын төрөл олон янз байгаа хэдий ч төрийн хувьд үр ашигтай удирдлага, өгөөж бий болгох, эдийн засгийн хөгжлийг дэмжих зэрэг стратегийг хэрэгжүүлэх зорилгоор төр хувьцаа эзэмшигч болох ерөнхий чиг хандлага давамгайлж байна.

Монгол дахь төрийн өмчийн хувьчлал

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин  нийт иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгох замаар улсын үйлдвэрийн 475 ХК-ийг хувьчилсан. Энэхүү хувьчлалаар иргэд, олон нийтэд гарааны ижил нөхцлийг санал болгосон ч дийлэнх иргэдийн бэлтгэл сайтар хангагдаагүй, мэдлэг, мэдээлэл дутмаг байсан тул хаяж үрэгдүүлэх, туршлагатай гэх цөөн хүмүүст хямд үнээр хувьцаагаа зарах зэргээр урт хугацааны үр өгөөжийг хүртэж чадалгүй алдсан байдаг.

1995 онд үнэт цаасны хоёрдогч зах зээл амжилттай нээгдэж. 2005 оноос эхлэн хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар хөгжүүлэх зорилт тавьсанаар олон нийтэд хувьцаа санал болгож нээлттэй хувьцаат компани байгуулах ажлыг  эрчимтэй  явуулж ирсэний үр дүнд  нийт 11 компани шинээр үнэт цаас гаргах замаар 24,9 тэрбум, найман  компани нэмж үнэт цаас гаргах  замаар 26,5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж чадсан байна. 

Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 100 хувь  төрийн өмчит 21, төрийн өмчийн оролцоотой 17 компани бүртгэлтэй байна.

Олон улсын туршлага

Дэлхийн улс орнууд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хувьчлах замаар Засгийн газрын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх туршлагыг эртнээс хуримтлуулж ирсэн. Үүний нэг томоохон давалгаа 1990-ээд оноос социалист улс орнууд таран бутарсан үед эрчимтэй явагдсан байдаг.

Олон улсад төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хувьчлахдаа /Voucher/ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараах замаар бүх иргэдэд үнэ төлбөргүй, эсвэл маш бага үнээр хувьчлах, /Trade Sale/ бүтнээр нь болон хэсэгчлэн стратегийн хөрөнгө оруулагчдад дуудлага худал­даагаар зарах болон /Share issue privatization (SIP)/ хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах гэсэн үндсэн гурван  аргыг ашигладаг байна. Эдгээр аргуудыг ашиглах сонголт нь тухайн улсын улс төрийн бодлого, дотоодын зах зээлийн орчин болон хувьчлагдах байгууллагын онцлог, хэмжээнээс голчлон хамаардаг.

1990-ээд оноос өмнө Их Британи, Герман, Франц, Итали, Шинэ Зеланд, Мексик, Канад, Австрали, Польш, Чех, Унгар зэрэг улс томоохон хэм­жээний хувьчлалын хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ олон нийтэд хувьцаа санал болгон арилжаалах (Public Offering) аргыг илүү түгээмэл буюу нийт аргын 62 хувьд нь ашигласан байдаг. /график 1/ Ялангуяа Их Британи, Герман, Итали, Франц зэрэг орнуудын төрийн өмчийн хувьчлал нь дотоодын хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийг дэмжих гол зорилготой байсан. Харин Австрали, Мексик болон хуучны со—циалист орнууд, жишээ нь Польш, Унгар, Чех зэрэг оронд  дараагийн нэг түгээмэл ашигласан арга нь дуудлага худалдаагаар (Trade Sale) буюу тендер саналаар худалдах арга байсан байна.

Дуудлага худалдаагаар (Trade Sale) буюу тендер саналаар худалдаалах болсон шалтгаан нь: Хувьчлах компани нь хөрөнгө багатай, санхүү болон хуулийн дэд бүтэц муу, зах зээлийн эдийн засагт хурдан шилжих зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөнд оршино. 

Франц улсын туршлага

Франц улс нь төрийн өмчийн удирдлага, түүнд нөлөөлөх улс төрийн оролцоо, хувьчлалын туршлага арвинтай улс юм. Тус улсад төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч агентлаг 2004 онд байгуулагдан эдийн засаг дахь төрийн оролцоо, төрийн өмчийн үр ашигтай удирдлагын стратеги боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Франц улсын хувьчлалын хандлагад зарим онцлог сонирхолтой боломжууд ажиглагддаг. Төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төр хувьцаа эзэмшигч хэлбэрээр оролцдог бөгөөд 1984 оноос 2012 он хүртэлх Франц улсын нийт өмч хувьчлалын орлого болон хэлцлээс харахад олон нийтэд хувьцаа санал болгох (Public Offering) аргыг түгээмэл ашигласан нь ажиглагддаг. /график 2/ Тэр дундаа хэсэгчлэн хувьчлах хэлбэрээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдаг. Хэсэгчлэн хувьчлахдаа 5-10 хувийг анхлан олон нийтэд санал болгосноор зардал бага зарцуулж, олсон орлогоор дараагийн хэсгийг хувьчлах зардлыг нөхөх, хувьцааны үнийг өсгөх чухал ач холбогдолтой байдаг. Энэ арга нь тухайн компанийг бүрэн хувьчлах, эсвэл төрд хяналтын багцыг үлдээх аль алинд нь тохирсон байдаг. Жишээ нь: “Cie des Machines Bull” компанийг 1995, 1997, 2005 онд хэсэгчлэн бүрэн хувьчилсан бөгөөд “Air France” компанийг 1999 он болон 2004 онд хувьчлан төрийн мэдэлд 15.70 хувь  байдаг бол “Aerospatiale Matra” компанийг 1988, 1999, 2001 онуудад хувьчлан төрийн мэдэлд 0,60 хувь нь  үлдсэн байдаг байна. Хувьчлагдсан компанийн маш бага хувиар төрийн хяналт удирдлагыг хэрэгжүүлж болдогийг дээрх жишээнээс харж болох юм.

 

Монгол Улс

УИХ-н 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн зохион байгуулах ажлыг хийхийг Засгийн газарт даалгасан. 

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталлаа. Монгол Улс төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршиж байна.

Тус ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооны 2015 оны 594 тоот тогтоолын дагуу “Монгол Шуудан” ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтож нийт хувьцааны 34 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгон арилжихаар болж,  6.3 тэрбум төгрөгийн хувьцааг анхдагч зах зээл дээр арилжив. 

Өмч хувьчлалыг ийнхүү Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжиж буй нь дараах ач холбогдолтой юм. 

Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл бол хамгийн шударга, нээлттэй, ил тод зах зээл. Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн хувьцаат компаниуд үйл ажиллагааныхаа тайланг ил болгодог, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулдаг. Компанийн засаглалыг хэрэгжүүлж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Хоёрдугаарт, Анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар үнэт цаасны хуваарилалтыг жижиг хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлтэйгээр зохион байгуулдаг нь иргэн бүр төрийн өмчит компанийн хувьчлалд орох бололцоог нээж өгч байгаа юм.

Гуравдугаарт, Хувьцаа эзэмшигч бүр төрийн өмчит хувьцаат компанид хяналт тавих боломж нээгдэнэ.

Дөрөвдүгээрт, Төрийн өмчит компанийн үнэлгээг бодитоор үнэлж, олон нийтэд санал болгож буй нь тухайн компанийн хувьцаа бодит үнэ гэдгийг харуулж байна.

Тавдугаарт, Хоёрдогч зах зээлийн арилжаа нэмэгдэж улмаар Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаа нэмэгдэх, цаашлаад үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжихөд ихээхэн хувь нэмэр болох юм. 


Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны № 01 /103/ дугаараас

Ж.Мягмарсүрэн
(МХБ-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал)
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД