Уул уурхай

Баку: Тосон дээр дэлгэрсэн яргуй 2017-07-26 10:19

Арав гаруй цаг нислэг үргэлжилж Бакугийн Гейдар Алиевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд зургадугаар сарын 28-ны шөнийн 01:00 цагт газардав. Шил толь болсон, өвөрмөц сонин шийдэлтэй онгоцны буудлаас нь Бакучууд хотынхоо хөгжилд багагүй хөрөнгө оруулсан гэдэг нь харагдаж байв. Зочид буудлын ажилтнаар тосуулан бас л Гейдар Алиевын нэрэмжит өргөн чөлөөний хурдны замаар явж байхад энэ хотыг дөнгөж өчигдөр барьж дуусгаа юу гэлтэй.

Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотод "Байгалийн баялгийг удирдах шийдвэрүүдийн гинжин хэлхээ" сэдэвтэй олон улсын сургалтад хамрагдахаар ирсэн анхны өдөр маань. Маргаашнаас нь эхлээд долдугаар сарын 6-ныг дуустал найман өдрийн сургалт үргэлжлэх ёстой байлаа. 
 
Зууны гэрээ
Хориод жилийн өмнө Баку нь химийн хортой үйлдвэрүүд голлосон, хүн амьдрахад ярвигтай бохир хот байжээ. Азербайжанчууд (ярианы хэлэнд “азрууд”) нийслэлээ хэрхэн хөгжүүлж чадсан нь тун сонирхолтой байв. Анх дахин төлөвлөлтөө яаж хийсэн, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн зэрэг олон зүйл асуумаар байв. Эдгээр асуултынхаа хариуг найман өдрийн турш лекц, дадлага ажил хосолсон сургалтанд сууж, эрдэмтэн багш нарын үгийг сонсож суухдаа олсон юм.
 
Бакугийн орчин үеийн хөгжлийн түүх бүхэлдээ нефтийн мөнгөн дээр үндэслэжээ. Армени улстай дайтсан, цэрэг, улс төрийн байдал тогтворгүй, хямрал нүүрлэж ажилгүйдэл газар авсан 1990-иэд оны эхэнд Гейдар Алиев (одоогийн ерөнхийлөгч Ильхам Алиевын эцэг) засгийн эрх авсан нь улс төр, эдийн засаг тогтворжих эхлэл болжээ.
 
Орчин үеийн Азербайжаны эдийн засгийн хөгжил ганцхан том гэрээнээс эхлэлтэй гэж болно.
1994 онд тус улсын Засгийн газар дэлхийн газрын тос, байгалийн хийн томоохон корпорациудтай Каспийн тэнгист орших «Азери», «Чыраг», «Гюнешли» хэмээх газрын тосны гурван ордыг боловсруулах тухай “Зууны гэрээ” гэгчийг байгуулжээ.
Энэхүү том хэлцэлд Их Британийн BP (хуучнаар “British Petroleum”) АНУ-ын Amoco, Unocal, Exxon, McDermott, Pennzoil, Оросын «Лукойл», Норвегийн Statoil, Саудын Арабын Delta Nimir,  Шотладын Ramco, Туркийн TPAO, Азербайжаний төрийн өмчит SOCAR зэрэг газрын тосны акулууд оролцжээ.
 
Хазарын Их сургуулийн профессор Фуат Расулов энэ гэрээний тухай ингэж дурссан юм. “1000 гаруй хуудастай гэрээ байгуулагдсан. Зөвхөн бүтээгдэхүүн хуваах тухай хэсэг нь 400 хуудас болсон. Бидний хувьд ойлгохгүй график, мэдэхгүй хүснэгт их байсан. Тиймээс Англиас гурван том хуульч урьж авчраад гэрээг тайлбарлуулж байж ойлгосон. Тэр үед нэг баррель нефть 16 орчим ам.долларын үнэтэй байлаа. Хэрэв нефть 30 ам.долларын үнэтэй болбол манай улс ямар их мөнгөтэй болохыг хараад бид энэ үнэхээр боломжтой болов уу гэж бодож байсан юм”.
 
Зууны гэрээнд тусгаснаар нефтийн үнэ өсөх тусам Засгийн газрын хувь ихсэх байв. Хөрөнгө оруулагчид дээрх гурван ордод нийт 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ мөнгийг гэрээнд тооцоолсноор 2018 онд нөхөхөөр байжээ. Гэвч нефтийн зах зээлд тэсрэлт болж нэг баррелийн үнэ 100 ам.доллар давснаар Азербайжан улс 2008 онд хөрөнгө оруулагчийн мөнгийг бүрэн эргүүлж өгчээ. 2008 оны эцэс гэхэд Засгийн газар олборлосон бүтээгдэхүүний 80 хувийг авч байлаа.
Зууны гэрээг үзэглэх үеэр
 
Нефтийн ам.доллар шуудай шуудайгаараа улсын санд орж байв. Нефтийн орлогыг удирдах зорилгоор ерөнхийлөгч Азербайжаны Газрын тосны санг (SOFAZ) байгуулжээ.
Нефтийн үнэ өндөр байхад ОХУ, Казахстан зэрэг улс олсон орлогоо үнэт цаас болгон хуримталж байсан бол Азербайжан шууд дэд бүтцэд хөрөнгө оруулж байлаа. Саяхныг болтол бохир хэмээгдэж байсан хот хэдхэн жилийн дотор сэргэн хөгжив.
Эдүгээ Бакуд Зөвлөлтийн үеийн цөөхөн үйлдвэр үлдсэн. Гол замуудыг шинэчилж орчин үеийн шаардлагад нийцүүлэв. Энд тэндгүй чамин гоё шийдэлтэй барилгууд сүндэрлэх болов. Хазарын их сургуулийнхан хотоор биднийг аялуулахдаа дунд сургууль хэмээн танилцуулсан барилгууд нь Монголтой харьцуулбал яамны барилгаас ялгарахгүй байв. Тэр байтугай зөвхөн гантиг чулуугаар хийсэн талбай хүртэл байгуулжээ.
 
Ийнхүү Зууны гэрээ нь амжилттай байгуулсан гэрээ улсын хөгжилд ямар ач холбогдолтойг тод жишээ болж түүхэнд үлджээ.
Азербайжаны газрын тос, хийн хоолойнууд
 
Нефтийн мөнгийг тогтвортой хөгжилд бус дэд бүтцийн маш үнэтэй төслүүдэд зарцуулж байхад шүүмжлэх хүн цөөнгүй байв.
Гэвч дэлхийн санхүүгийн хямрал болж нефтийн орлогоо үнэт цаас болгосон орнууд олон тэрбум ам.долларын хохирол хүлээх үед Азербайжаны зөв болсныг олон нийт ойлгосон байна.
 
Өнөөгийн Баку бол Ар Кавказын эдийн засаг, соёлын төв. Аялал жуулчлалын хот. Өнгөрсөн 20-иод жилд гадны зочид ирэхэд нүүр улайхааргүй хувьсан өөрчлөгджээ. Тус хот Дэлхийн банктай хамтран 2030 он хүртэл хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд өмнө нь “Хар хот” хэмээн нэрлэж байсан Бакугийн зүүн хэсгийг хөгжүүлэх «Baku White City» төсөл багтжээ. Бакуд жил тойрон олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, үзэсгэлэн, хурал болно. Сургалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бакуд “Формула 1” уралдаан зохион байгуулагдсан байв.
Хар хот. ХХ зууны эхэн. 
 
Баку. Өнөөдөр

Бакугийн эко стандартын ШТС
 
Бакугийн 132-134 дүгээр дунд сургуулийн засварласан барилга
 
 Яргуй хагдарч болзошгүй
Эдүгээ Азербайжан улс дэд бүтцийн хувьд хөгжлийн шинэ төвшинд гарсан ч эдийн засгийн цоо шинэ сорилтуудтай тулгарч байна. Түүхий эдийн зах зээлийн супер мөчлөг дуусч нефтийн үнэ өмнөх шигээ өндөр байхаа болив. Үүнтэй холбоотой экспортынхоо 90 гаруй хувийг нефт, хийгээр хангадаг байсан энэ улс зарим асуудалтай тулгарчээ. Газрын тосноос бусад салбар сул хөгжсөн, цалингийн хэмжээ доогуур, ажилгүйдэл амь бөхтэй оршсоор байгаа учраас эдийн засгаа төрөлжүүлэх арга замыг хайх болов. Евразийн Олборлох салбарын мэдлэгийн төвийг Баку дахь Хазарын Их сургууль дээр байгуулсан нь ч үүнтэй холбоотой. "Байгалийн баялгийг удирдах шийдвэрүүдийн гинжин хэлхээ" сургалтанд Азербайжантай төстэй асуудал бүхий Монгол, Казахстан, Тажикстан, Киргызстан, Украйн зэрэг улсын уул уурхай, сангийн яам болон хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагын төлөөлөл хамрагдсан юм.
 
Өнөөдөр Азербайжаний Засгийн газар газрын тосноос бусад салбараас орлого бүрдүүлэх, одоо байгаа нефтийн мөнгөний хуримтлалаа үр дүнтэй зарцуулах том зорилтын өмнө иржээ. Газрын тосны сан одоогоор 35 тэрбум ам.доллартай. Улсын нийт гадаад өр ДНБ-ийн 20 хувьтай тэнцүү. Төв банкны валютын нөөцөд дөрвөн тэрбум ам.доллар бий.
 
Азербайжан бол Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилал сул хөгжсөн орон. Гол шийдвэрүүдийг парламент биш Ерөнхийлөгч гаргадаг. Дэд бүтцийн том төслүүдийг хэрэгжүүлэх эрхийг ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд болоод түүний хүрээллийн хүмүүс авдаг. Газрын тосны төрийн өмчит SOCAR компани нь Ерөнхийлөгчийн хараа хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг.
 
Тус улс нь олборлох салбарын засаглалын үзүүлэлтээр сайн биш. SOCAR компани тэр болгон тайлангаа олон нийтэд дэлгэдэггүй. Нэгэн жишээ татахад Их Британийн “ВР Azerbaijan” компанид нийтдээ 2000 орчим хүн ажилладаг байхад SOCAR компани 60000 ажилчинтай. Гэсэн хэрнээ орлого нь олон улсын компаниас хоёр дахин бага. Энэхүү компани нь нефтийн үнэ буурсантай холбоотой саяхан улсынхаа төсвөөс 1,5 тэрбум ам.долларын татаас авчээ.
 
Үргэлжлэл бий ...
 
"Mongolian Economy" сэтгүүлийн сэтгүүлч Г.Даваадорж.
Гейдар Алиевын нэрэмжит төв. Баку. Энэ барилгыг нэг ч баганагүйгээр босгожээ. 
 
"Байгалийн баялгийг удирдах шийдвэрүүдийн гинжин хэлхээ" сургалтын оролцогчид. 
 

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД