Ертөнц

Энэ сарын 2-ноос хүн төрөлхтөн дэлхийд өглөгтэй амьдарна 2017-08-01 12:15

АНУ-ын Ооклэнд хотын Global Footprint Network хэмээх байгууллагын эрдэмтэд тусгай аргачлалаар дэлхийн сэргээгдэх нөөцийг хэмжжээ. Хүн төрөлхтний нэг жилийн дотор хэрэглэсэн сэргээгдэх нөөцийг манай гараг дараа жил нь нөхөн сэргээдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүний хэрэглэх нь ихэсч, жил ирэх тусам дэлхий өөрийн сэргээгдэх нөөцийн зарим хэсгийг хэзээ ч нөхөж чадахааргүй алдаж байна. Дээрх аргачлалаар жилийн аль үед хүн төрөлхтөн нэг жилийн нормоо барж иддэгийг тооцож гаргасан байна.
 
Үл буцах цэг ойртсоор
Энэ жилийн хувьд “үл буцах цэг” наймдугаар сарын хоёрны өдөр таарч байна. Ийнхүү хүн төрөлхтөн 2017 онд байгаль эхээс хувиарласан сэргээгдэх нөөцийг он дуусахаас 4 сарын өмнө хэрэглэж дуусах нь. Энэ нь 2016 оноос зургаан өдрөөр наашилсан үзүүлэлт юм. Гучин жилийн өмнөхтэй харьцуулвал улам ч сөрөг үр дүн харагдана. 1987 онд хүмүүс бараг оны төгсгөлд буюу 12 дугаар 19 нд нэг жилийн нормоо дуусгаж байсан бол дараагийн жилүүдэд энэ хугацаа улам наашилж 2011 он гэхэд хүн төрөлхтөн нэг жил хэрэглэх сэргээгдэх нөөцөө есдүгээр сарын 27 гэхэд юу ч үгүй шавхжээ. Харин 2017 онд наймдугаар сар болтол наашлав.
Ийм байдлаар наймдугаар сарын хоёрноос эхлээд хүн төрөлхтөн дэлхийн өмнө өглөгтэй болж байна. Энэ өдрөөс хойш хэрэглэх мод, ургамал, хүнсний зүйл, загас зэргийг манай гарагийн ой мод, усны сав газар, тариалангийн талбайнууд хэзээ ч эргэн сэргээж чадахгүй.
 
“Дэлхий бол интернет дэлгүүр биш. Дэлхий нэртэй супермаркет аль хэдийнэ хоосорсон. Наймдугаар сараас хойш хэрэглэх бүх нөөцийг бид ирээдүйгээс хулгайлж байна” хэмээн Германы залуу экологичдын нийгэмлэгийн төлөөлөгч Кристоф Рёттгерс (Christoph Röttgers) сэрэмжлүүлж байна.
Экологид сөрөг нөлөөлдөг хүчин зүйлсийн 60 хувь нь хүлэмжийн хий
 
1,7 дэлхий
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр нүүрстөрөгч, хүнсний зүйл, усны хэрэглээ ихэсч байна. Эрдэмтэд математикийн аргаар тооцож үзээд хүн төрөлхтний өнөөгийн хэрэгцээг хангахад 1.7 ширхэг дэлхий хэрэгтэй гэжээ. Хэрэв бид энэ хэвээрээ байвал 2030 онд бүтэн хоёр дэлхий, 2050 онд гурван дэлхий хэрэгтэй болох тухай Герман дахь Greenpeace-ийн судлаачид сэрэмжлүүлж байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 80 хувь нь экологийн таагүй нөхцөлд амьдарч байна. Хэрэв дэлхийн бүх хүн Германы иргэд шиг амьдралын нөхцөлтэй байсан бол эдүгээ бидэнд 3.2 дэлхий хэрэгтэй бөгөөд хүн төрөлхтөн сэргээгдэх нөөцийн жилийн нормоо дөрөвдүгээр сарын 24-нд дуусгах байв.
 
"Бид зүгээр л алга болно"
Экологид сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн 60 хувь нь хүлэмжийн хий. Үүнээс тал хувийг бууруулж чадвал “үл буцах цэг” шууд нэг сараар хойшлоно.
 
Экологичид голдуу Засгийн газарт хандан уриалга гаргадаг. Гэхдээ хувь хүн ч байгалийн нөөцийн зохистой зарцуулалтад хувь нэмэр оруулах боломжтой. Германы эрдэмтэн Андреас Шмидт (Andreas Schmidt) “КNA” агентлагт өгсөн ярилцлагадаа “хүн болгон хичээвэл үл буцах цэгийг оны төгсгөл хүртэл хойшлуулж болно. Хүн болгон мах, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Ийм бүтээгдэхүүн мэдээж үнэтэй. Гэхдээ техникийн тос ургамлын тосноос үнэтэй байхыг хараад хүний амьдралд хүнснээс өөр хэмнэлт хийх салбар байгааг ойлгодог. Хэрэв бид хэрэглээний хэв маягаа өөрчлөхгүй бол хэзээ нэгэн цагт зүгээр л алга болно” гэж хэлжээ.

DW-гээс орчуулсан Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД