Ертөнц

Дижитал эдийн засгийн парадигм 2017-08-09 15:54

Хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицохоос гадна, олон туйлт дэлхийн шинэ бодлого, түүнчлэн дижитал ертөнцөд хэрхэн дасан зо­хицох тухай асуудал  шинээр дэвшигдэн тавигдаж байна.

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан-технологийн урьд үзэгдээгүй ахиц, дэвшлийг Шинэ мянганд гаргах ма­териаллаг болон оюун санааны үлэмж чадавхтай. Мэдээлэл, ха­рилцаа холбооны технологи, өндөр технологийн суурь бүтэц, дэд бай­гууламж, нэг хүнд ногдох нийтийг хамарсан өндөр хурдны интернэтийн сүлжээ, гол эдийн засгийн бүтцүүдийн хоорондох интеграчлал, инновацичлал улс орны хөгжлийн гол хэмжүүр болов.
 
Орчин үеийн эдийн засгийн өсөлтийг сонгодог эдийн засгийн өсөлтийн онолоор тайлбарлахад ихээхэн учир дутагдалтай боллоо. Уламжлалт эдийн засгийн онолоор үйлдвэрлэл нь капитал, хөдөлмөрөөс шууд хамаарч, мэдээлэл, мэдлэг, технологи зэргийг гадаад хүчин зүйл гэж үзэж байв. Харин даяаршлын шинэ үед эдийн засаг, үйлдвэрлэлд мэдлэг, мэдээлэл болон мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.
 
XXI зууны эхнээс глобал эдийн засгийн харилцаанд бүтцийн шинэчлэл явагдаж дижитал эдийн засаг голлох үүрэг гүйцэтгэж, глобал шинж чанартай өөрчлөлтүүд  маш хурдацтай явагдах болов.
Зарчмын цоо шинэ үүрэгтэй болсон мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан орон зай, цаг хугацаа, эдийн засгийн шинжлэх ухааны хуучин тодорхойлолтууд шинэчлэгдэж, энэ нь эдийн засагт асар их хэмнэлт буй болгож, цаг хугацааны алдагдлыг үлэмж бууруулах болов. Нэг талаас дэлхий дахины худалдаа-эдийн засаг, зах зээлийн харилцаанд мөнгө, санхүү, хөрөнгө, ажиллах хүчний асар өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдлэг, мэдээлэлийн  хил хязгааргүй урсгал явагдаж, улс ор­нуудын харилцан хамаарал урьд өмнө байгаагүйгээр гүнзгийрч, түүнд суурилсан даяаршсан макро  ши­нэ ертөнц буй болж, нөгөө талд кибер хэмээх цоо шинэ орон зай, орчин буй болж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлөөс үүдэн мэдээллийн ертөнцөд томоохон өөрчлөлтүүд гарч, мэдээллийн аюулгүй байдал хэмээх шинэ ойлголт буй болов. 
 
 
ХХ  зууны сүүлчийн улиралд хүн төрөлхтний нэг том нээлт нь амьдрах гео-орон зайгаа цоо шинээр “тэлсэн” явдал юм. Энэ шинэ орон зайг цахим орон зай буюу cyber space гэх агаад хүний оюуны бүтээл болсон энэ орон зай хүн төрөлхтний амьдралд онцгой өөрчлөлт гаргаж, цаашид ч олон өөрчлөлт, шинэ зүйлсийг буй болгох нь тодорхой байна. Хүн төрөлхтөн материаллаг зүйлээс хамаарах нь эрс багасч, бодит биш жишээлбэл, интернэт банк, виртуаль эмнэлэг гэх мэт буй болж, цахим мөнгөөр гүйлгээ хийж, цахим дуудлага худалдаанд оролцож, маш өргөн сонголт бүхий шинэ төрлийн “new market”-д ороод байна. Бодит биет бүхий ертөнц цахим ертөнцөд биет биш болж байгаа нь түүний хамгийн түгээмэл шинж юм. Kибер технологийн хурдацтай хөгжлийн үр дагавараар дэлхий нийтийн аюулгүй байдал улам их эрсдэлтэй болж, санамсаргүй байдлаар өчүүхэн зүйлээс ч асар их хор хөнөөл учирч болзошгүй байдал мөн үүсээд буй.
 
Улс орны дотоод, гадаад бодлогын зааг ялгаа багасч, үндэсний эдийн засаг дэлхийн зах зээлийн хуулиар зохицуулагдаж, үндэсний баялаг, түү­хий эдийн нөөцөө захиран зарцуулах нь нэг улсын эрх мэдэл, хил хязгаараас шалтгаалахгүй болов. Цахим ертөнц ганцхан мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа хэдийнэ больж, хил хязгааргүй эдийн засгийн талбар болсон байна. Өөр өөр соёл иргэншил, эдийн засаг, эрхзүйн тогтолцоотой 180 гаруй улс гүрэн интернетэд холбогдож, цахим сүлжээ нь бизнес, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, татвар, мэдээлэл, боловсрол, теле холбоо, ажил эрхлэлт, эрүүл мэнд энтертаймент гээд нийгмийн бүхий л харилцааг өөртөө нэгтгэж байна.  Сүүлийн жилүүдэд 3D, 4G, Cloud Computing, nano зэрэг шинэ эдийн засгүүд  эрчимтэй хөгжих болов.
 
Мэдлэг нь өнөө үед тоон хэлбэрт шилжсэн ба дижитал эдийн засаг гэдэг нь тоон технологит суурилсан прог­раммчлагдсан хийгээд цахим үйлдвэрлэл, цахим үйлчил­гээ, цахим менежмент, цахим мар­кетингийн үйл явцад тулгуурласан эдийн засаг бөгөөд Internet Economy, New Economy, Knowledge Economy, Smart Economy, үүнээс салбарлан 3D Printing Economy, Web Еconomy гэх зэргээр янз бүрээр нэрлэж буй ч шинж чанар нь адилхан ажгуу.
 
Дижитал эдийн засаг нь хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний өөрийн өртөг, хуваарилалтын талаарх бидний ойлголтыг эрс өөрчилж, эдийн засгийн өсөлт, баялаг болоод ажил эрхлэлтийг эрс өргөжүүлэх, шинээр ажлын байрыг буй болгох гол хөдөлгүүр гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) үйл явц онцлон тэмдэглэсэн байна. 2013, 2015 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанаар    «e-World: Towards Globalization» «The Future of the Digital Economy» сэдэвт олон улсын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
 
Энэ үеэр тэмдэглэж байсан гол санал дүгнэлт бол “Дэлхий ертөнц дижитал хувьсгалын үр дүнд үйлдвэрлэл технологийн хөдөлгөгч хүч, хуваарилалт болон кибер ертөнцийн үйл явцыг хувирган өөрчлөөд зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын чанар, хэв маягийг ч үндсээр нь өөрчилж байна”, «Глобал эдийн засаг, үйлдвэрлэлийг үндсээр нь өөрчилж буй гол хүчин зүйл, динамик нь e-revolution болж байна”, “e-manufacturing гэдэг нь мэдээллийн технологид суурилсан е-моделиар жо­лоодон тухайлбал, аварга том цахилгаан станцын үйлдвэрлэлийг ч энэхүү хувьсгалын үр дүнд кибер орчинд буй болгосон цагт, үлэмж том үйлдвэрлэлийн бодит бүтээмжийг дараагийн түвшинд буй болгох болно” гэжээ. Аж үйлдвэрийн дөрөв дэх үеийн хувьсгалын гол тулгуур нь мэдээллийн технологи, дижитал эдийн засаг юм.
 
Олон улсын эдийн засагт дижитал эдийн засаг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж өндөр технологийн үйлдвэр, олон улсын тээвэр, авто машин болон программын удирдлагатай суурь машины үйлдвэр, олон улсын төлбөр тооцоо, олон улсын банк, санхүү, хөрөнгийн миграци, хөрөнгийн бирж бүхэлдээ дижитал системд суурилж байна.
 
“Кorea Telecom”-ын мэдээлснээр өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд тулгуурласан мэдээллийн суурь бүтэц, дэд байгууламжийг цогцоор нь бүрдүүлж байгаа нь хүмүүсийн амьдралын чанарыг үндсээр нь өөрчилж байна. Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд интеграцчлагдсан төрийн институци e-government-ийг нэгэнт буй болгож, энэ нь хамгийн хурдан шуурхай засаглалын үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд холбогдсон дунд, их, дээд сургууль өндөр зэрэглэлийн чанартай e-education тогтолцоог буй болгожээ.  Жижиг, дунд үйлдвэрлэгчид дижиталчлагдсан системд холбогдон e-commerce-т суурилсан b-to-b-гийн (business-2-business) гарцтай болсон. Мэдээл­лийн технологид үндэслэсэн бизнесийн  хувьсгал ажлын байрны зах зээлийг эрс өргөжүүлж, нэмэгдсэн өртөг илүү өндөр шингээсэн бизнес, ажил үйлчилгээг буй болгов. Цахим худалдаа буюу e-business олон улсын бизнес болон өдөр тутмын худалдаанд өргөн нэвтэрлээ. Өндөр хурдны сүлжээнд суурилсан on-line эмнэлгийн үйлчилгээ амьдралын чанарыг эрхгүй өөрчилж буй ажээ. Тийнхүү шинэ мянганы эрин үеийн эхнээс  e-society-г байгуулж байгаа ажээ.
 
АНУ-ын ҮНО (GNI-Gross National Income)-д эзлэх дижитал эдийн засгийн байр суурь тас­ралтгүй өсөн нэмэгдсээр байна. 2013 онд АНУ-д  дижитал эдийн засгийн салбарт 300 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн, үйл­чилгээг буй болгосон байх бөгөөд ойрын 10 жилд энэ үзүүлэлт 6.1 их наяд ам. доллараар хэмжигдэх юм. McKinsey and Co-гийн судалгаагаар АНУ-ын 10 доллар тутмын нэг нь биет мөнгөн хэлбэрт байгаа бөгөөд үлдсэн ес нь цахим хэлбэртэй байдаг байна.  АНУ-ын глобал бодлогод эдийн засгийн үүрэг эрс нэмэгдэж байгааг онцолж  гадаад бодлогоо тодорхойлохдоо: economics of power  буюу хүчний эдийн засаг,  power of economics буюу эдийн засгийн хүч гэсэн хоёр зарчмыг баримталж байна. Хэнд хүч чадал (мэдээж мэдлэг болон технологижсон эдийн засаг) байна тэнд манлайлал байдаг нь нэн тодорхой.
 
Швед, Сингапур дижитал эдийн засагтай орнуудын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэдгийг  2015  оны Дэлхийн эдийн засгийн форумын салбар хуралдаанд танилцуулсан судалгаа харуулж байна. 
Тиймээс Монгол Улсад дижитал эдийн засгийн  хөгжлийн шинэ чиг ханд­лагын судалгаа, дүн шинжилгээ нэн чухал тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж үндэсний аюулгүй байдлыг хангах хамгийн гол зорилт нь мэдлэг болон технологид суурилсан, солонгорсон тоон эдийн засгийн бүтэцтэй байх явдал мөн.
 
 
Д.Уламбаяр (Доктор, профессор)
 
  "Mongolian Economy" 2016 оны 03 сар №05 (107) 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД