Нийгэм

Ангараг, Сугарын алслал 2017-08-10 11:39

Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас. Грек, Ромын уран зохиолд дурдах дайны бурхан Марс, хайрын бурхан Венусээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг зүйрлэн домогшуулсан нь зүгээр ч нэг тохиол биш. Энэ адилтгал өдгөө амьдрал болж бүхий л салбарт тэдний алслал улам холдож байна. 

The Gender Gap Report-ын 10 дахь хэвлэлд эдийн засагт жендерийн эрх тэгш байдал бий болоход багадаа 118 жил шаардлагатай гэсэн төдийгүй 2015 оны тайланд нь хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийн явц удаан, цаашилбал бүр зогсох эрсдэл өндөр болж байгааг онцолжээ.  Энэ жил Үйлдвэрлэлийн IV хувьсгал гэх ойлголт дэлгэрч, түүний ач холбогдол, үр дагаврын тухай түгээмэл ярих болсон. Биднийг бүрэн ойлгох гэж хичээж байх зуур хэдийнэ амьдралын хэв маяг болж хувирч буй энэхүү ойлголт дэлхийн эдийн засаг, улс төрд тааж боломгүй шилжилт өөрчлөлтийг авчрах, улмаар хувьсгал нэг хэмээр бус асар хурдан өрнөхөөр байна. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчнийг автомат төхөөрөмж, роботуудаар орлуулж буй нь сөрөг нь давуу үр нөлөөг дарлах нөхцөл болж байгаа хэмээн зарим шинжээч үзэж байгаа юм. Ерөнхий төдийгүй нарийн мэргэжлийнхнийг роботууд орлох цаг ирж нийгэм, эдийн засагт дарамт болох талаар эхний судалгаа, дүгнэлтүүд ч гарах болсон. Харин эсрэг байр суурьтай хүмүүс хувьсгалын үр шимээр улам хүчирхэгжих дэлхий бидэнд бүр ч том боломжуудыг олгоно гэж буй. Гэвч тэдний таамаг Үйлдвэрлэлийн IV хувьсгалыг зөвхөн улс төр, бизнес, эдийн засгийн хүрээнд бус нийгэм, массын түвшинд мөн хүлээн зөвшөөрөглсөн нөхцөлд биеллээ олох аж.     

Хүнээс хувьсгал руу

Асуудалд аль ч байр сууриас хандаж болох ч мэтгэлцээнд орхигдуулж байгаа чухал сэдэв бол хүйсийн эрх тэгш байдал. Ажлын талбартаа хэн ялан дийлэх вэ? Эсвэл хүн биш робот ноёлох уу?

Юуны өмнө эрэгтэй, эмэгтэй давамгайлсан мэргэжлүүдийг төдийгүй тэдгээрийн хэдэн хувь нь автоматжилт өртөх магадлалтайг судлах хэрэгтэй. Хэрэв эдийн засагт үүссэн саяхны хүндрэл хөдөлмөрийн зах зээл дахь хүний нөөцөөс үүдэлтэй гэж тайлбарлах бол шинэ хувьсгал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын байр, амьдралын хэв маягт хүртэл нөлөө үзүүлэх нь дамжиггүй гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын Хүний нөөцийн болон Стратегийн ахлах мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаанд тусгажээ. 

Ирж буй хувьсгалын нөлөөгөөр ажлын байрны хомсдолд орох салбаруудаар үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, бай­гууламжийг нэрлэсэн бөгөөд эдгээрт эрчүүд түлхүү ажилладаг.  Харин эмэг­тэйчүүд давамгайлдаг худалдаа, бүтээмжийн үүрэг голлосон салбаруудад ажилгүйдлийн үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байх аж. Хөгжингүй орнуудад бүтээмжтэй холбоотой ажлын байрууд ихэвчлэн дуудлага хүлээн авах төвүүд зэрэг нь орлогын эх үүсвэр болдог бол хөгжиж буйд нь жижиглэнгийн худалдаанаас эхлээд захиргааны түвшний институциуд ажил олгогчийн үүрэг хүлээж байна. Хүний ажлыг роботууд хийгээд эхэлвэл боловсролын түвшин доогуур өрх толгойлсон эсвэл орлогын нэг эх үүсвэртэй гэлтгүй хоёр эх үүсвэрийн орлоготой байсан ч дагуулах үр нөлөө их. Цаашлаад үндэсний хэмжээнд орлогын тэгш бус байдал бий болгоно. Тэгвэл ийн хувьсан өөрчлөгдөх хөдөлмөрийн зах зээлд ямар боломж байна вэ?

Технологийн хувьсгалаас үл хамааран хүн ам зүй, соёлын хэм хэмжээ, тэр ч бүү хэл геополитикийн хүчин зүйлс бизнес, ур чадварын ойлголтод бидний өнөөдөр төсөөлж зүрхлэхгүй томоохон өөрчлөлтийг авчирч болно. Тэдгээр нь бий болох хувьсгалын нээж өгч буй үндэс суурьт тулгуурлан тенхологийн инновациар гарч ирсэн орон тооны орхигдсон боломжуудыг ашиглах нөхцөл болж, тодорхой сал­баруудын өсөлтөд эерэг нөлөөтэй.   

Хөгжингүй, хөгжиж буй орнуудад компьютерийн шинжлэх ухаан, мате­матик болон инжинерийн салбарт эр­чүүд олонх байдаг. Бидний ярьж буй хувьсгал ирэх онуудад эрчээ авах учир энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэх нь мэдээж. Иймд эрограмчид (эрэгтэй програмчид) ажлын талбартаа одоохондоо ялалт байгуулсаар байх нь. Тэгвэл машин, механизмын орлож чадахгүй, тухайлбал асран хамгаалахтай холбоотой салбарын мэргэжилтнүүд ховрын бараа мэт эрэлттэй болно. Эдгээрт эмэгтэйчүүд тэргүүлдэг эмч, орчуулагч, амьдралын хэв маяг зааварлагч, арга хэмжээ зохион байгуулагч, сувилагч, сэтгэл зүйч, хувийн асаргааны туслагч, эрүүл мэндийн бусад салбарын чухал үүрэгтнүүд багтана. 

Алслал улам нэмэгдэх үү?

Үйлдвэрлэлийн салбарт өрнөх дээрх хувьсгал олон мянган жил оршин буй хүйсийн ялгаварлалыг улам даамжруулах уу гэдэг асуулт гарч ирнэ. 

Ажлын байрны хомсдол нүүрлэвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үүрэг, ур чадварын хүрээнд тусгаарлан ангилах үзэгдэл улам бүр нэмэгдэх бөгөөд “салан тусгаарлалтын” орон зай улам өргөжих юм. Алсын зайны харьцаа ийн үүсэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тун сөрөг. Дэлхийн 100 оронд хийсэн судалгаанаас үзэхэд их сургууль төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр тэдгээр эмэгтэй өндөр боловсролтой нарийн мэргэжилтнүүдийн дийлэнхийг бүрдүүлэх учиртай. Гэвч Үйлдвэрлэлийн хувьсгал хүчээ аваад эхэлбэл тэд ур чадвартай гэдгээ урьд байгаагүйгээр илүү харуулах сорилттой тулна. Хэдийгээр технологи, инноваци, хамтын ажиллагаа болон мэдээлэл технологийн хүчин чадлын өөрлчлөлтөд гарах удаах өөрчлөлтүүд чухал үүрэгтэй байх ч байгууллагуудын хувьд боловсон хүчнийхээ хүйсийн тэнцвэрийг хадгалан үлдэж, улмаар баг хамт олны бүтээмжийг нэмэгдүүлэх хүсэлтэй хэвээр байх юм. Гэвч эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байвал тэдний дунд хөдөлмөрийн хөлсний тэгш байдлын төлөөх “дайн” улам хурцадна. Даамжрах аваас хувь хүний болоод өрхийн орлого, цаашлаад өргөн цар хүрээ хамарсан улсын хэмжээнд ярих асуудалд болж хувирах магадлалтай.      

Устсан ертөнц

Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, бизнесийн явц өнөөг хүртэл хагас зууны тэртээх гэр бүл, эдийн засгийн бүтцэд зориулсан буюу тэжээгч ба асрагч гэсэн уламжлалт загвараар явж байна. Гэвч тэр ертөнц өдгөө үгүй болжээ. Орлогын хоёр эх үүсвэртэй байх явдал өнөөдөр норм болсон. Мөн эмэгтэйчүүд олонх болж байгаа өрх толгойлсон амьдрал өмнө байгаагүйгээр нэмэгдсэн юм. 

Бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид зөрчлийн дараагийн давал­гаа эхлэхээс өмнө бас оршин буй одоогийн байрнаасаа (хүний нөөц, санхүүгүийн чадавх гэх мэт) ухрахгүй байхын тулд өнөө цагийн нөхцөл бай­далд тохируулан дасан зохицох хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математикийн (STEM) салбарт эмэгтэйчүүдийн орол­цоо хангалтгүй байгаа юм. Дээд боловс­ролын үзүүлэлтээр эмэгтэйчүүд эр­чүүдийн өмнө алхаж байгаа ч дэлхийн нийт оюутны дөнгөж гуравны нэгийг бүрдүүлж байх жишээтэй.   

Автомат ертөнцөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд үүсэх далд өрсөлдөөнд хэн ялалт байгуулахыг то­дорхойлж, таахад бэрх. Хэтэрхий олон таашгүй хүчин зүйлээс хамаарах энэ асуудалд Үйлдвэрлэлийн IV хувьсгал ямар нэг хэмжээгээр нөлөөлөх нь баттай. Чухам хамрах хүрээг атгандаа байлгах нь эрх баригчид, бодлого тодорхойлогчид, бизнесийнхэн, тэр ч бүү хэл хувь хүмүүс жендерийн эрх тэгш оролцоог хэрхэн чиглүүлэх хүчин чармайлтаас ихээхэн хамаарах учир энэхүү ялгавартай үзлийг яг энэ мөчөөс анхааралдаа авах хэрэгтэй. 

Mongolian Economy 2016 он гуравдугаар сар №05 (107) дугаараас

Б.Үүрийнтуяа

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД