Улс төр

Улс төрийн соёл 2017-08-14 14:26

Улс төрийн соёлгүй байдал, улс төрийн соёлтой хүн эсхүл улс төрч гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүмүүсийн харилцан ярианд байнга дуулдах болжээ. Гэсэн атлаа улс төрийн соёл гэж чухам юуг хэлээд байгааг тодорхойлох, тайлбарлах оролдлого тэр бүр хийдэггүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх. Учир нь энэ агуулгын хүрээнд Монгол хэл дээр бичигдсэн нэг сэдэвт бүтээл, эрдэм шижилгээний өгүүлэл олдсонгүй. Харин судлаачдын бүтээл, өгүүлэлд улс төрийн ямарваа үзэгдэл, үйл явцыг тайлбарлах зорилгоор тус ойлголтыг дурьдсан байх юм. Нөгөө талаар өдөр тутмын харилцаанд хүмүүс улс төрийн соёл гэж юуг ойлгож болохыг хэлж ярихгүй атлаа улс төрийн соёлгүй байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч болоод байгааг анзаарууштай. Хэрэв юмс үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгч, ярьж хэлэлцэж болоод байгаа бол тэрхүү зүйлийг сайн мэдэж, ойлгож байгаагийнх. Гэтэл бодит байдал дээр улс төрийн соёл гэсэн ойлголтыг сайн мэдэж, ойлгож байгаа эсэх нь эргэлзээ дагуулсаар. Учир нь өгүүлэл бичих зорилгоор хайлт хийх явцдаа улс төрийн орчин хичээлийг сонгон судалж байгаа суралцагчдаас улс төрийн соёл гэж юу вэ? гэсэн асуулт тавихад тоймтой хариулж, тодорхойлж байгаатай таарсангүй. Гэсэн атлаа манайд улс төрийн соёлгүй байдал газар авлаа, улс төрчид ёс зүйгүй авирлаж байгаа нь улс төрийн соёлгүй байдал мөн гэсэн хариулт өгч байв. Улс төрийн соёл гэсэн ойлголтыг юмс үзэгдлийн илрэх хэлбэр, шинж чанараар тайлбарлах гээд байх шиг. Ялангуяа байх ёстой хэм хэмжээнээс гадуур эсхүл сөрөг үр дагвар дагуулж байгаа улс төрийн үзэгдлийг эзэн биетэй нь холбож улс төрийн соёлгүй байдал гэж ойлгож байгаа нь илэрхий байв. Улс төр судлалд үүнийг тухайн ойлголт нь юмс, үзэгдлийг тайлбарлах арга зүй, арга хэрэгсэл болж байна гэж үздэг. 

Үүнээс үзвэл Монгол хүн улс төр тогтсон хэм хэмжээний хүрээнд явагдаж байгаа эсэхээр улс төрийн соёлыг тодорхойлоод байна гэсэн эхний гаргалгаа хийж болох юм. Ямартай ч улс төрийн соёл нь эерэг шинж чанар бүхий улс төрийн үзэгдэл, үйл явцын илэрхийлэл байдаг бололтой. Сөрөг шинж чанар бүхий үзэгдэл, үйл явц болоод ирэхээр улс төрийн соёлгүй байдал гэж тодорхойлоод байх юм. Мэдээж хэрэг үүнд буруу зүйл гэж юу байх вэ? Соёлтой хүн гэсэн ойлголтоор бид бусадтай зөв харилцаж, аливаа зүйлийг зөв хийж байгаа хүнийг ойлгож заншсан тул улс төрийн соёлыг мөн адил эерэг зүйл байхаар төсөөлж буй хэрэг.  Иймд улс төрийн соёл гэсэн ойлголтыг тухайлан хэлэлцэж, тайлбарлахын өмнө эхлээд соёл гэсэн ойлголтыг тайлбарлах шаардлагатай болж байна.      

Соёл-Culture нийгмийн гишүүн болохын хувьд бие хүнд бий болсон эсхүл олж авсан мэдлэг, итгэл үнэмшил, зан заншил, урлаг, ёс суртахуун, эрх зүйн болон бусад чадваруудыг бүхэлд нь илэрхийлсэн нарийн нийлмэл ойлголт юм. Соёл гэсэн үгээр тодорхой бүлэг хүмүүсийн, тодорхой цаг үе дэх зан заншил, итгэл үнэмшил, амьдралын хэв маягийг илэрхийлнэ

Cambridge English Dictionary

Түүнчлэн нийгмийн гишүүдийн бий болгосон итгэл үнэмшил, материаллаг болон материаллаг бус баялгийг бүхэлд нь тодотгож байгаа юм. Монгол хэлний их тайлбар тольд соёлыг “Нийгмийн хөгжлийн явцад хүн төрөлхтний бүтээсэн эд баялаг, оюун ухааны ололтын цогц” гэж тодорхойлжээ. Монгол хүний бүтээсэн биет болон биет бус өв нь үндэстний хувьд ямар соёлтой вэ гэдгийг тайлбарлаж байгаа хэрэг. Англи хэл дээрх нэр томьёоны тайлбарын агуулгад соёлыг сайн байх эсхүл муу байх тухай зүйл алга. Мэдээж ялгаатай байх учраас нэг соёл нөгөөдөө давамгайлах шинжтэй байж болохыг үгүйсгээгүй. Үүнд цаг хугацаа, орон зайн хүчин зүйлийг харгалзах аваас маш тодорхой төсөөлөл бууж байгаа юм. 

Зохиогчийн хувьд Монгол улсын иргэн учраас цэцэрлэг, сургуулиар дамжин хүмүүжиж, нийгмийн орчноос олж авсан үнэт зүйл, мэдлэг, чадвар, хандлага гэх мэт нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг соёлтой гэдэг нь эргэлзээгүй. Гэсэн атлаа би үндэсний цөөнх казах хүн болохын хувьд гэр бүлийн орчинд зан заншлаар дамжсан зарим нэг ялгаатай соёлтой байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Тэр битгий хэл нийгэм, ахуйн харилцааны өөрчлөлт нь шинэ дадал, хандлагад суралцах хэрэгцээ шаардалага бий болгодог тул шинэ соёлд суралцах хэрэгтэй болдогоо ч миний бие мэдэрч байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл солилцох боломж нээгдсэн нь миний хувьд дээрх технологийг хэрэглэх соёлд суралцах, сонголт хийхэд хүргэж байдаг билээ. 

Монгол хэлний их тайлбар тольд соёл гэсэн ойлголтын хоёр дахь үндсэн тайлбарыг “Боловсон байдал, хүмүүжил, харилцааны соёл (бусадтай зөв боловсон харилцах дадал хүмүүжил)” гэсэн агуулгаар тодотгосон байна. Энэ тайлбартай уялдсан нийтлэг ойлголт хандлага хүмүүст түлхүү ажиглагддаг. Тухайлбал, бусадтай боловсон харилцаж чадахгүй байгаа хүнийг ямар соёлгүй хүн бэ гэж шүүмжлэх нь бий. Түүнчлэн хотын соёлд суралцах, соёлтой хүн болох, боловсон зантай байх гэх мэтээр ярилцах нь түгээмэл. Эл байдал нь нийгмийн гишүүдийн дунд соёлыг эерэг зүйл гэж ойлгох хандлага байдаг болохыг илтгэнэ.  

Урт удаан оршил, тайлбар хийсний эцэст улс төрийн соёл гэсэн ойлголтыг тайлбарлах сэжүүртэй болж байх шиг байна. Соёл гэсэн ойлголтын тайлбарыг эш үндэс болгох аваас “Улс төрийн соёл гэсэн ойлголт нь улс төрийн тогтолцоо, үзэгдэл, үйл явцын талаарх тухайн нийгэм, үндэстэн, хүн амын бүлгийн ойлголт, хандлагуудын бүрдэл” болох ажээ. Маш тодорхой тайлбарлах аваас

“Нийгэм, хүмүүсийн улс төрийн үнэлэмж, үнэт зүйл, улс төрийн институтуудын талаарх төсөөлөл, байр суурь, хандлагыг улс төрийн соёл гэнэ.”

Archie Brown, 1997

Товчхондоо улс төрийн соёл гэдэг нь тухайн улсын улс төрийн тогтолцоо, түүнийг бүрдүүлж байгаа институтууд, харилцааны талаарх хүмүүсийн ойлголт,  үнэт зүйл, үнэлэмж,  хандлагыг бүхэлд нь илэрхийлэх ажээ. Улс төрийн соёл гэсэн ойлголтыг улс төр судлалд анх хэрэглэж, нэвтрүүлсэн судлаачид Габриел Алмонд, Сидней Верба нар “Тодорхой улс оронд улс төрийн зүй тогтолыг бий болгоход нөлөөлж байгаа итгэл үнэмшил, үнэт зүйлс, улс төрийн мэдлэг, хүлээлтүүд улс төрийн соёлыг илэрхийлнэ” гэжээ (Gabriel Almond, Sidney Verba, 1963). Гагцхүү улс төрийн соёлын тухай ойлголт нь соёл судлалын судлагдахуун уу? эсхүл улс төр судлалын дэд судлагдахуун уу? гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг. Улс төрийн соёл судлаачдын байр суурь хувь хүн, нийгмийн бүлгийн субьектив хүчин зүйлд тулгуурлан улс төрийн үйл явцыг хэрхэн ойлгож, хандаж байгаа зүй тогтолд төвлөрсөн байх тул улс төрийн соёлыг улс төр судлалын судлагдахуун болгож үзэх нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурь мэдрэгдэж байдаг. Үүний зэрэгцээ улс төрийн соёл, түүнтэй холбоотой асуудлууд бусад нийгмийн салбар шинжлэх ухааны судлагдахуун болох тул нийгмийн шинжлэх ухааны салбар мэдлэг, судлалын огтолцол дээр судлах нь зүйтэй гэж үздэг.      

Улс төрийн соёл гэсэн ойлголтыг 40-өөд оноос улс төрийн үйл явцыг тайлбарлах арга зүй болгон ашиглах болжээ. Дэлхийн II дайны дараачаас улс төрийн соёлын судалгаа эхэлсэн гэж үздэг бөгөөд хамгийн анхны судалгаа Баруун Европ, тэр тусмаа Баруун Германы улс төрийн соёлын онцлогт дүн шинжилгээ хийх зорилготой байв. Улмаар Коммунист дэглэмтэй буюу социалист лагерийн орнуудын улс төрийн соёлын онцлогийг судлах сонирхол давамгайлж байжээ. Марксист онол, арга зүйг баримталдаг судлаачид улс төрийн соёлыг тодорхой юмс, үзэгдлээс хамааран өөрчлөгдөж байдаг (хамаарах хувьсагч) гэж тайлбарладаг бол бусад онол, арга зүйг баримтлагчид үл хамаарах буюу тодорхойлогч хувьсагч гэж үзэх хандлага бий. Бүтэц үүргийн онолд улс төрийн соёлыг нийгмийн харилцаанд тодорхой чиг үүрэг бүхий институц гэж тодорхойлдог.

Ямар ч тохиолдолд улс төрийн соёл нийгмийн үйл явцтай шууд уялдаатай юмс үзэгдэл, үйл явцыг өөртөө агуулж байна. Угтаа бол улс орны, нийгмийн хөгжлийн түүхэн үйл явцад бий болсон туршлагын үр дүн юм

John R. Gibbson, 1989

Тэрхүү түүхэн үйл явц улс орон бүрт өөрийн онцлогтой байх тул түүнтэй уялдсан улс төрийн соёл бүрэлдэнэ.

Үүнтэй уялдуулан өөрийн эргэцүүллийг тайлбар болгон хүргүүлье. Монгол улсын иргэд сонгох, сонгогдох тэгш эрхтэй. УИХ-ын сонгуульд сонгогдох нас болон эрх зүйн чадамжаар хязгаарласнаас бусдаар Монгол улсын иргэд сонгогдох буюу сонгуульд нэр дэвших ижил тэгш эрхтэй. Гэхдээ сонгуульд нэр дэвшигч нь нийгмийн тодорхой салбарын манлайлагч, ард түмнийг төлөөлөх чадахвтай байх гэх мэт шалгуурыг улс төрийн үйл явц аяндаа шаардаж байдаг. УИХ-ын сонгууль 1992-2000 оныг хүртэл мажоритар тогтолцоогоор буюу сонгуулийн жижиг эсхүл томсогсон тойргуудад нэр дэвшигчид өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулагдаж байсан тул улс төрийн харилцаанд хоёр нам давамгайлсан тогтолцоо бүрэлдсэн  бөгөөд улс төрийн намуудын тухайд шинэ институцчилалыг бий болгосон юм. 

Харин 2012 оноос эхлэн УИХ-ын сонгуулийг холимог (угтаа бол паралел тогтолцоо) хэлбэрээр явуулах болсноор улс төрийн гурав дахь хүчний орон зай бий болох хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намын тогтолцоонд сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй шинэ, ялгаатай харилцаа, улс төрийн соёл мэдрэгдэж байгаа хэрэг юм. Нөгөө талаар 1992 оноос хойшх сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө санхүүгийн боломж нь нэр дэвших, кампанит ажил зохион байгуулах, улмаар сонгуульд амжилттай оролцох үр дүнд нөлөөлөх шинжтэй болж ирсэн бөгөөд олон нийтийн дунд нөлөө бүхий бизнесменүүд сонгуульд өрсөлдөх чадавхтай байдаг гэсэн ойлголт бий болж байна. Улс төрийн намуудын санхүүжилтэд нэр дэвшигчдийн хандив, дэмжлэг тодорхойлох шинжтэй болж байгаагаас УИХ-ын сонгуулийг хөрөнгө чинээтэй хүмүүсийн өрсөлдөх талбар мэтээр ойлгох улс төрийн соёл буюу нийгмийн хандлага улс төрчид, улс төрийн намууд, жирийн иргэдийн дунд тогтожээ. Энэ нь нийгмийн түүхэн хөгжлийн явцад бий болж байгаа аливаа туршлага ялгаатай улс төрийн соёл бүрдүүлж байгаагийн тод жишээ юм. 

С.Зүльфикар (Монгол Улсын Удирдлагын Академийн захирал, доктор)

 Mongolian Economy сэтгүүл 2016 оны гуравдугаар сар №06 /107/ дугаараас

 

Төгсгөлийг эндээс уншина уу

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Норов ХУДүүрэг 2017 оны08 сар / 18 17:19

УИХ-д сонгогдчихоод энэ мэтээр хуралдаа суухгүй бол УИХ-аар яах хэрэгтэй юм бэ АРД түмнээ хуурч хийсэн гийгүүлсэн зүйлгүй "ХУВИЙН АШИГ СОНИРХЛОО ХӨӨЦӨЛДВӨЛ "УИХ"-даруй тарсан нь дээр шүүдээ ард түмнээ хуурч байгаа нь дэндүү шившиг Учрал гишүүн аминдаа л доль хамж байгаа байдал уу ,наад үйлдэл чинь чи өөрийгөө болон ард түмнээ хуурч байгаа санаа тай юм боловуу даа зайлуул даа өрөвдмөөр юм