Брэнд

Нэртэй брэндийн нууц нийлүүлэгч 2017-08-15 12:07

Испанийн өмнөд хэсэгт орших Убрикэ хэмээх жижигхэн хот үзэсгэлэнтэй. Гэхдээ том хотуудаас хол оршдог. Онгоцны буудал, төмөр замын аль нь ч байхгүй. Автобус хүртэл тогтмол явдаггүй.
 
Уг хот нь өндөр толгод хүрээлсэн хөндийд байрласан учраас машинаар очих нь тохиромжтой.
 
Убрикэ нь Севилээс өмнө зүгт 120 км-т, Милан, Парис, Нью-Йорк, Лондон зэрэг загварын том хотуудаас хол байдаг.
 
Гэхдээ pueblo blanco (цагаан хот) гэгддэг Убрикэ бол дэлхийн том брэндүүдийн худалдан авдаг арьсан эдлэлийн өлгий нутаг юм.
Louis Vuitton, Gucci, Hermes, Chanel, Chloe, Loewe, Carolina гэх мэт брэндүүд эндхийн урчуудтай хамтран ажилладаг. Энэ хотод хамгийн чамин, үнэтэй цүнх, хэтэвч, тэлээнүүд үйлдвэрлэдэг. Гэхдээ загварын томчууд энэ талаараа ярих дургүй.
 
Тэд бусад компани үнэтэй брэндийнх нь загварыг хуулж хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс болгоомжилдог.
 
Ranchel хэмээх арьсан эдлэлийн үйлдвэрийн менежер Хуан Антонио том брэндүүд маш хатуу шаардлага тавьдаг тухай ярилаа. Үйлдвэр, менежер, ажилчин болгон нууцлалын гэрээ байгуулах ёстой. Ажилчид бүтээгдэхүүнийхээ зургийг авч, ямар ч деталийн загварыг ашиглаж болохгүй.
 
Антониогийн эцгийн үндэслэсэн үйлдвэр 40 гаруй жил арьсан эдлэл нийлүүлж байна. Гэхдээ Убрикэ хотын хувьд арьсан эдлэлийн үйлдвэрлэл  200 гаран жилийн түүхтэй. Эхлээд арьсан түүхий эдийг боловсруулдаг байсан бол аажмаар арьсан эдлэл хийдэг болжээ.
 
Өнөөдөр өөр газраас хэдийнэ боловсруулсан арьс авдаг болж урчууд илүү нарийн ажил хийдэг болжээ. Тэд Испанид зарагддаг гоёлын арьсан эд зүйлийн ихэнхийг үйлдвэрлэхээс гадна гадны нэртэй брэндүүдэд нийлүүлдэг.
 
Өндөр чанартай арьсан эдлэлийг хийх арга ухаан үеэс үед дамждаг. Антониогийн ярьснаар Убрикэгийн олонхи оршин суугчид хүүхэд байхдаа эцэг, эхээсээ энэ эрдэмд суралцдаг аж.
 
Мөхөж буй урлал
Өндөр чанарын гутал үйлдвэрлэгч “La Portegna” компанийн захирал Уррутия Хосэгийн ярьснаар Убрикэгийн арьсан урлалын ухаан аажмаар мартагдаж байгаа аж. Учир нь зарим үйлдвэр үйлдвэрлэлийн процессыг түргэвчлэхийн тулд суурь машин ашиглаж эхэлсэн байна. Гэхдээ суурь машинаас татгалзсан нь цөөнгүй. Жишээ нь “El Potro” үйлдвэрийн ерөнхий менежер Олива Пересийн ярьснаар тухайн урч зөвхөн ганцаараа нэг цүнхийг бүтнээр нь хийдэг хэвээр.
 
Убрикэгийн урчууд тэдний ур чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүнд нь “Убрикэд үйлдвэрлэв” гэсэн шошго наах ёстой гэж үздэг байна. Энэ нь хотын ирээдүйд ч, хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өрсөлдөгчидтэй тэмцэхэд ч тустай.
Убрикэ хот
 
Энэ хотынхон арьсан эдлэлийн үйлдвэрээр дагнаад 200 жил болжээ. 
 
 
 
Г.Даваадорж
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД