Инноваци

Бизнес загвараа өөрчилье 2017-08-23 14:41

Томас Эдиссон чийдэн бүтээх мянга дахь оролдлогоо амжилт­тай болгочихоод Жей Пи Морган хэмээх эрхэмтэй уулзаагүйсэн бол хүн төрөлхтөн хэдийг хүртэл керосин шатааж, лаа барих байсан бол?

Монголчууд өнөөдөр үндсэндээ нэг л төрлийн бизнес эрхэлж байна. Тэр нь түүхий эдийн нийлүүлэлт. Сул талыг нь хангалттай мэдэрч байна. Тиймээс аж үйлдвэржилтийг дэмжиж, эцсийн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээх бодлого руу төр шилжиж буй. Олон жилийн турш зөвхөн яриа төдий явж ирсэн асуудал төрийн бодлогод шингэж байгаа нь энэ. Гэхдээ үүний цаана хариултаа хүлээн байгаа асуултууд бий. Юуг, яаж үйлдвэрлэх вэ?

Инновацийн тухай хуультай болоод дөрвөн жил өнгөрчээ. Одоохондоо дэлхийн брэнд хараахан төрөөгүй байна. Нэг өдөр хууль батлаад маргааш нь инноваци бий болчихгүй. Өнөө хэр инноваци гэдэг нь бүтээлч шинэ санаа, шинэчлэл юм гэсэн буруу зөрүү ойлголтоосоо салж чадаагүй л байсаар. Хуульд нь “шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ” гэж заачихаад байхад шүү. Энд дутагдаж байгаа нь бүтээлч санаагаа баялаг болгон хувиргах үе шат. 

Боловсон хүчин

Эцсийн зорилгодоо хүрээгүй ч өнөөдөр нөхцөл байдал олон талаар өөрчлөгджээ. Эрдэмтэд, инженерүүд өмнө нь санаагаа турших, практикаар батлахад хэрэгцээтэй лаборатори, то­ног төхөөрөмжийн хүрэлцээгүйн зов­лон бодитой оршиж байсан. Нэгэн үеийг бодоход харьцангуй дэвшил гарсан гэж болно. Үндэсний томоохон их сургуулиуд дэргэдээ инновацийн лаборатори ажиллуулж байна. Монгол Улс шинжлэх ухааны парктай боллоо. Гарааны  бизнес эрхлэгч компаниудын тоо өссөөр буй. Тэндээс маш олон шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ шингэсэн бүтээгдэхүүн төрөн гарч байна. Монголчуудын оюуны нөөц чадавхи ер хоцроогүйн нотолгоо олон бий. Төрийн соёр­холт инже­нер Н.Нацаг­нямын “Na­Nyam-AX12”, МУИС-ын профессор Б.Ган­батын хөгжүүлж буй дүрсийг олон өнцгөөс харах боломж­той агаарт дүрс гаргах технологиос эхлээд мэ­дээл­лийн технологийн салбарын оюутан, багш нар үзвэр үйлчилгээ, аялал жуулчлал, хил хамгаалалд урьд байгаа­гүй дэвшил авчрах технологиудыг аль хэ­дий­нэ бий болгочихоод байна. Түү­гээр ч барахгүй Говьсүмбэр аймагт дунд сургуулийн сурагчид холограм (хоёр хэмжээст дүрсийг гэрлийн хугарал ашиглан гур­ван хэмжээст болгон харуулах технологи) дэлгэц бүтээсэн тухай мэдээ саяхан гарлаа.

Анх хэн нэгний тархинд санаа төдий байсан зүйлс одоо бэлэн бүтээгдэхүүн болчихоод байна. Гэвч хараахан баялаг болоогүй. БСШУЯ-ны Инноваци, өн­дөр технологийн газрын дарга Лувсанжамц “инно­вацийг дэмжье гэж байгаа бол төрийн бодлого зөв­хөн монголын нөхцөлд тааруулсан байж болохгүй” гэсэн юм. Зах зээл нь жижиг учир дотоодоос олох ашиг их биш, дэлхийн зах зээлд гарахад өрсөлдөх чадваргүй болчихно гэж тэр үзэж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийц­сэн “бүтээл” гаргах, түүнд туслах чиглэлд бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээсэн.

Гэхдээ тэр бүтээл нь заавал ямар нэгэн төхөөрөмж, програм хангамж, эм тариа байх албагүй. Хэн нэгний нээлт, оюуны өмчийн эрх нь их хэмжээний мөнгөн баялгийг эзэндээ олж өгсөн жишээ олон. Монгол эрдэмтэд ч жилд дунджаар 200 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг оюуны өмчөөр баталгаажуулдаг байна. Их сургуулиудын дэргэд ажиллаж буй лаборатори, Шинжлэх ухааны парк-мэдээллийн технологийн инкубатор үр ашгаа өгч олон шилдэг “нөү-хау” тэнд боловсрох ёстой. Гэхдээ үүнд тодорхой цаг хугацаа шаардлагатай гэсэн.

Бодлого

Инновацийн талаар төрийн бод­логыг хэрэгжүүлэх үүрэг нэг яамнаас нөгөө яамд шилжин гадуурхагдсаар өнөөдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамд харь­яалагдаж байна. Хууль батлагдсанаас хойш дөрвөн жил өнгөр­чихөөд байхад “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын тө­сөл”-ийг дөнгөж л Засгийн газраар хэлэлцэх гэж байна. 

Уг төсөлд нэлээд нааштай заалтууд тусгагджээ. Инновацийн дэд бүтцийг бий болгож зардлыг төр хариуцна (Технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, технологи дамжуулах төв, лицензийн оффис, хурдасгуур компани, инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд арилжаалах үндэсний төв байгуулах). Мөн “Оюуны  багтаамж  ихтэй,  технологи шингэсэн үйлдвэрлэлд  хө­рөнгө  оруулсан, дэвшилтэт технологи нутагшуулсан аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжинэ” гэжээ. Үүнээс санхүү, хөрөнгийн асуудалд нэлээд анхаарчээ гэж дүгнэж болохоор байна. Үүний учир нь гарааны бизнесүүдийг олноор бий болгох, үйл ажиллагааг нь дэмжихэд анхаарал чиглүүлжээ. Учир нь инновацийн олон бизнес гараан дээрээ бахарддаг байна. Шинийг санаачлагчдын оюунаас төрсөн бүтээл шууд төгс болчихдоггүй, зах зээлд гаргаж хэрэглэгчдэд таниулж, тэдний таашаалд нийцүүлж дахин загварчилж, хөгжүүлж, бойжуулах олон үе шатыг давж өрсөлдөөнд шалгарч үлддэг. Үүнд тодорхой зардал, цаг хугацаа зарцуулна. Инноваци, өндөр технологийн газрын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар гарааны компаниудыг дэмжихэд дундын сан, венч хөрөнгө оруулалт дутагдаж байгаа гол зүйл аж.

Гэхдээ төр энэ бодлогодоо тууштай үнэнч байгаагүй нь өнгөрсний харамсал. 2012 онд Инновацийн тухай хуулийг батлахдаа венч хөрөнгө оруу­лалтын компанийн эрх, үүрэг, харилцааг зохицуулахад бүхэл бүтэн бүлэг (тавдугаар бүлэг) зориулсан. Гэвч ганцхан жилийн дараа тус бүлгийн нэг ч заалтыг үлдээлгүй хүчингүй болгосон (2013 оны аравдугаар сарын 3-ны өдөр).

Венч хөрөнгө оруулалт гэдэг нь өсөх ирээдүйтэй ч эрсдэлтэйд тооцогдож буй компанид хөрөнгө оруулалт хийж үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн хүндрэлээс гаргаж, үйл ажиллагааг тогтворжуулсаны дараа хөрөнгө оруулсан хувьцаагаа зарж илүү их ашиг олдог санхүүгийн арга хэрэгсэл юм. Бүх хөрөнгө оруулалт амжилттай болохгүй ч нэг хоёр нь хөл дээрээ тэнцэхэд л бүх алдагдлаа нөхөж, зарцуулснаасаа хавьгүй их ашиг хийдэг байна.

Зах зээлийн орон зай

Төрд одоо хийх ёстой ажил нь мэдлэгийг баялаг болгогчдыг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх. Үндэсний хөрөнгө оруулагчид ч энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийхэд хөрөнгө хүчээ зарцуулж, өөрийн нь баялгийг хэдэн арав, зуу дахин өсгөх “Томас Эддиссон”-ыг хайж олох ёстой юм.

Шууд утгаараа ямар ч боловсруулалт хийлгүйгээр нэгээс нь авч нөгөөд дамлаж зардаг уламжлалт наймааны аргаа өөрчлөх хэрэгтэй. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, ногоон эдийн засаг, хүртээмжтэй өсөлт зэрэг зах зээл хаашаа эргэж, шинжлэх ухааны юу руу тэмүүлж байгааг соргогоор мэдэрч шинэ бизнес төлөвлөгөө эхлүүлэх шаардлагатай байна. 

Хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт шавхагдашгүй нөөц бий гэж олон жил өөр зуураа ярьсан. Гэвч шинжлэх ухаанч дэвшил, зөв менежмэнт, мэдлэггүйгээр нөөц нөөцөөрөө л үлддэг ажээ. Түү­хий эдийн эрэлт тэнгэрт цойлж байсан үед уул уурхайн компаниудад чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байсан. Тэд үүний тулд тулд техникийн сургуулиудад сургалтын хэрэгсэл бэлэглэж, оюутнуудад тэтгэлэг олгож, өсөх ирээдүйтэй нэгнийг нь цалинтай дадлагажуулж байв. Үүний адилаар таваар үнэгүйдэж, зардал орлогоосоо давсан энэ үед инновацийн төслүүдэд анхаарлаа хандуулж тэдэнд хөрөнгө оруулах нь зөв гаргалгаа байж болох юм. Эрчим хүч, түлш шатахуун хэмнэх гайхалтай бөгөөд хямд технологиуд эхнээсээ төрөн гарсаар л байгаа. 

 Mongolian Economy сэтгүүл 2016 оны дөрөвдүгээр сар №07 /109/ дугаараас

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД