Хөрөнгийн зах зээл

Хөрөнгө оруулалтын нээлттэй сангийн олон улсын туршлага 2017-09-22 10:43

Хөрөнгө оруулалтын сангийн тухай ойлголт нь Монгол Улсад шинэлэг ойлголт боловч олон улсын хэмжээнд 1774 оноос хойш хөгжиж ирсэн хөрөнгийн зах зээлийн чухал институци юм. 1774 онд анх Голланд улсын худалдаачин хөрөнгөө нэгтгэн хөрөнгө оруулалт хийх санааг бий болгосон бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтын хэлбэр нь XIX  зууны үед Европт тархаж улмаар Англи улсын хөрөнгө оруулагчид АНУ-д аж үйлдвэрийн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон. Ийнхүү АНУ-д хөрөнгө оруулалтын итгэмжит байгууллагын бүтцийг бий болгон хэрэглэж эхэлсэн ба 1893 онд анхны “Хувийн өмчит итгэмжит сан” үүсгэн байгуулсан нь анхны хаалттай сан байжээ. Үүнээс хойш XX зуунд хөрөнгө оруулалтын сангийн тэр дундаа хамтын сангийн эхлэл тавигдсан гэж үздэг. 1924 оны гуравдугаар сарын 21-нд Массачусетсийн хөрөнгө оруулагчийн сан болох “Trust Boston” санг байгуулсан нь анхны нээлттэй хамтын сан байжээ. 

1924 онд анхны нээлттэй сан байгуулагдсанаас хойш 1933 онд анхны Үнэт цаасны зах зээлийн тухай хууль АНУ-д батлагдаж энэхүү хуулинд хөрөнгө оруулалтын тухай багц заалтуудыг оруулж өгч байсан. 1940 онд хөрөнгө оруулалтын тухай бие даасан хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах илүү нарийн зохицуулалтуудыг оруулж өгсөнөөр хөрөнгө оруулалтын сангийн хөгжилд томоохон дэмжлэг болжээ. 

2015 оны IV  улирлын байдлаар дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж 100’494 нээлттэй сангийн нийт цэвэр хөрөнгө 37,19 их наяд  ам.долларт  хүрч өмнөх онтой харьцуулахад 0,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Дэлхийн өнгөрсөн  оны байдлаарх  нийт хөрөнгийн хэмжээ 300 их наяд  ам.доллар гэсэн мэдээлэлтэй харьцуулан харвал нээлттэй сангийн хөрөнгө дангаараа 12 хувийг бүрдүүлж байна.

Нээлттэй сангийн цэвэр хөрөнгийн 53 хувийг Америк, 34 хувийг Европ, 13 хувийг Ази Номхон далайн орнууд бүрдүүлдэг бол Европийн орнуудад хамгийн олон(47%) хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байна. 

Нээлттэй сангийн хөрөнгө сүүлийн 10 жилийн хугацаанд 53 хувь  буюу 10,8 их наяд ам.доллараар өссөн. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр 2008 онд хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 22 хувь  буюу 5,5 их наяд  ам.доллараар буурсан боловч 2009 оноос тогтвортой өсөж 2015 оны байдлаар 37,19 их наяд  ам.долларт хүрчээ.

Сангийн цэвэр хөрөнгийн 89 хувийг нэг их наяд ам.доллараас дээш хөрөнгөтэй есөн  улс ( АНУ-48 хувь, Люксюмбург 10 хувь, Ирланд улс-6 хувь, Франц-5 хувь, Герман-5  хувь, Англи-4 хувь, Австрали-4 хувь, Япон-4 хувь, Хятад-3 хувь) бүрдүүлж байна. Эдгээр улсуудын нийтлэг шинж нь хөгжлийн түвшин болон санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд болно.

Нээлттэй сангийн хөрөнгийн хуваарилалтыг доорх графикаар харуулъя.

Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн хуваарилалтаас харахад нийт хөрөнгийн 64 хувийг хувьцаа, бондын санд оруулсан байна. Энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжил өндөр, иргэдийн, хөрөнгө оруулагчдын хувьцаа болон бондын хөрөнгө оруулалтад итгэх итгэл өндөр, илүү мэргэжлийн, санхүүгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл ил тод нээлттэй байдалтай холбоотой. Энэхүү дүр зураг нь мөнгөний зах зээлийн хэрэгслүүдэд болон тэнцвэржүүлсэн буюу холимог хэлбэрийн санд хөрөнгө оруулсан хувиас тодорхой харагдаж байна

Манай улсын жишгээс үзвэл уул уурхай, барилгын салбарт хамгийн их хөрөнгийн төвлөрөл бий болсон байдаг. Гэтэл дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн маш бага буюу дөнгөж нэг хувийг үл хөдлөх хөрөнгөд оруулсан үзүүлэлт харагдаж байна.

Иймд бид мөн адил хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, хөрөнгийн зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлж, нээлттэй ил тод, эрүүл засаглалтай байж хувьцаа, бонд болон бусад төрлийн үнэт цаасны арилжааг идэвхжүүлж хөрөнгийн удирдлагын бодлогоо өөрчилж шинэчлэх цаг аль хэдийнэ  болжээ. Дэлхий нийтийн чиг хандлагаас бид маш хол хоцорч байгаа нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Манай улсад хөрөнгө оруулалтын сангийн орчин үүсч бий болоод даруй  хоёр  жил гаруй  боллоо. Хууль эрх зүйн хүрээнд хамтын сан, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах боломж бий болсон. Нээлттэй хамтын сангууд  илүү түлхүү бий болж чадвал хөрөнгө оруулалтын санг сонирхож буй иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох оролцоо нэмэгдэхийн хэрээр их хэмжээний хөрөнгийн урсгал бий болж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ.

Олон улсад нээлттэй сангийн хам­гийн түгээмэл хэлбэр нь хамтын сан (mutual fund) бөгөөд дэлхийн нээлттэй сангийн нийт хөрөнгийн 84 хувь буюу 31,1 их наяд  ам. долларын хөрөнгийг 83 мянга орчим хамтын сан удирдаж байна. 

Иймд бид олон улсын туршлагаас судлан хөрөнгө оруулалтын сан­гуудыг хууль эрх зүйн хүрээнд зөв системтэйгээр бий болгож хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.  

Ч.Мөнхтуяа /Магистрант/

Mongolian Economy сэтгүүл, 2016 оны тавдугаар сар, № 09 (111)

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД