Дэд бүтэц

Асуудал

Амины орон сууцтай болох мөрөөдөл хэзээ биелэх вэ? 2012-12-18 10:07

Сүхбаатарын талбайд барьсан хоёр эгнээ байшин бидний нүдэнд аль хэдийнэ танил болсон. Тэгвэл энд 14 байгууллагын Канад, Герман чанарын технологийн карказан, модон зэрэг 14 байгууллагын 18 төрлийн байшин баригджээ. Энд байгаа байшингийн загвар хийц, дулаанаа хэрхэн шийдсэн, хавтангийн чанар зэргийг сурагласан иргэдийн хөл тасардаггүй аж. Зарим иргэн  байшинг бүр аравдугаар сард баригдсанаас хойш ирж, дулаалга хийсний дараа цонхоор нь салхи нэвтэрч буй эсэх, цахилгаан халаагуур байшингаа хэр сайн халааж буйг шалгаж яваагаа ч хэлж байсан.

Байшин тус бүрт иргэдэд мэдээлэл өгч, барилгынхаа чанар, үнэ, загварын талаар танилцуулдаг 2-3 хүн өдөр бүр 9:00-18:00 цагийн хооронд суудаг болжээ. Зарим компани аль хэдийнэ захиалга аваад эхэлчихсэн байна. Байшингийн үнэ дунджаар ам метр нь 600-1.000.000 төгрөг бөгөөд дунджаар 7-14 хоногийн дотор байшинг танай хашаанд угсарч өгөх боломжтой гэсэн. Иргэд байшингуудыг дамжиж сонирхонгоо нэг нэгэнтэйгээ мэдээлэл солилцож, яаж дулааныхаа асуудлыг хялбар аргаар шийдэх болон үнийн хувьд аль нь боломжийн, эдэлгээ чанарын хувьд ямар байшин дээр  вэ гэдгийг ярилцаж харагдана лээ. Тухайлбал, “Ногоон газар” компанийн 68 ам метр гурван өрөөний зориулалтаар шийдсэн полистролон бетон хавтангаар барьсан 37.4 сая төгрөгөөр босох сууцанд иргэд ам сайтай байсан. Учир нь, үнэ нь бусдаасаа хямд, хавтангийнхаа түүхий эдийг Монголд үйлдвэрлэдэг байна.

Түүнчлэн “Изо хаус” компанийн Герман технологийн 28 ам метр бүхий 9.8 сая төгрөгийн үнэтэй бага оврын амины орон сууц олны анхаарлыг татаж байсан. Иргэд байшингаа худалдаж аваад дулааны асуудлаа өөрсдийн хүссэнээр шийдэх боломжтой юм байна. Энд зарж буй сууцуудын хувьд байшингийн өөрийн үнэ, дээр нь дээвэр, дотор засал, вакум цонх, сантехникийн угсралт, цахилгаан халаалтыг шийдэж өгөх аж. Тэгвэл байшин худалдаж авахаар сонирхож буй иргэдээс үнэ, чанарын талаар эсэхийг сонирхсон юм.


Энэ байшингуудыг гарын дүйтэй хүн барьж чадна

Д.Жигжид /БГД-ийн I хорооны иргэн/

Энд байгаа байшингуудын бүх түүхий эд  Монголд байгаа. Тэгэхээр хэрэв жаахан гарын дүйтэй хүн бол энэ байшингуудтай сайн танилцаад хоёр цаг зөвлөгөө авахад өөрөө угсраад барьчих боломжтой юм шиг санагдаж байна. Монгол хүний арга ухаан их шүү дээ. Жишээ нь, энд Канад технологийн байшин хонины ноосоор дулаалгаа хийсэн байгаа юм. Бид үүнээс яагаад суралцаж, хониныхоо ноосыг дулаалгын зориулалтаар ашиглаж болохгүй гэж. Гэхдээ ам метрийн үнэ нь сая төгрөг хүртэл байгаа нь арай л үнэтэй байна. Иргэдийг дэмжихээсээ илүү бизнес тал руугаа яваад байх шиг харагдаж байна. Би 68 ам метр байшин барих тооцоо хийж үзэхэд 18 сая төгрөг орохоор байгаа юм. Энд бол 44 сая төгрөгөөр зарж байна. Тэгэхээр хэрэв өөрсдөө гарын дүйтэй бол энэ байшин барьж ядах зүйл байхгүй. Тиймээс өөрөө барих бодолтой байна. Харин дулааны асуудлыг шийдэхдээ нам даралтын зуух эсвэл хийн халаалтыг ашиглавал зүгээр байх. Зардлын хувьд сард дундаж байшингийн хувьд 80-150 мянган төгрөг халаалтны мөнгөндөө өгөх тооцоо гарсан. Энэ нь өвөл өчнөөн үнэтэй нүүрс түлж байснаас хамаагүй хямд тусна. Дээр нь хүүхдүүд ч даарахгүй тохитой байх болно.

Газрын асуудал хамгийн хэцүү байна

Г.Ариунзул /БЗД-ийн XIII хорооны иргэн/

Эгч нь гурван өрөө байраа зараад энэ байрнаас хотын захад бариад суучихмаар л санагдаж байна. Дулааны асуудал, бохир халуун усыг нь хүртэл шийдэх боломжтой их зүгээр юм аа. Гэхдээ хамгийн гол нь газрын асуудал байна. Боломжийн газар олоход хэцүү болж. Энэ байшингууд үнийн хувьд хямд, чанар сайтай гэж ярих юм. Гэхдээ цас, бороонд дээвэр туурга нь цуурах, хөлдөх аюултай бол хэцүү л юм. Хамгийн гол нь чанар сайн байх нь чухал шүү дээ.

Зээлд хамруулбал олон хүнд дэмжлэг болно

В.Данзандаржаа /СХД-ийн XXII хорооны иргэн/

Залуу гэр бүлүүдийн нэг адилаар эхнэр бид хоёр дулаан боломжийн үнэтэй амины орон сууц байгаа эсэхийг хайгаад явж байна. Энд байгаа компаниудын байшингийн үнэ ам метр нь 600 мянгаас сая төгрөгийн хооронд байна. Тэгээд урьдчилгаа 80 хувийг авна гэж байгаа. Нэгэнт авч байгаа болохоор томхон байшин авчихмаар байдаг. Тэгэхлээр ам метр өсөөд урьдчилгаа нэмэгдчихлээр аргагүй байдалд ороод байна. Жишээ нь, бид хоёр 68  ам метр талбайтай байр авъя гэхэд байрны үнэ 44 сая гэхэд урьдчилгаа 36  орчим сая төгрөг төлөхөөр байгаа юм. Манайх шиг залуу гэр бүлд  ийм хэмжээний их бэлэн мөнгө байхгүй. Тэгэхээр НЗДТГ-аас яриад байгаа иргэдийг зээлд хамруулах хөтөлбөрийг амины орон сууцан дээр хэрэгжүүлбэл бидэнд их дэмжлэг болно. Хэрэв тэгвэл 3-4 жилийн дотор л төлөх боломжтой юм. Дээр нь гэр хорооллын дундуур инженерийн шугам, сүлжээ татаж өгөх ажлаа яаравчилж, бодит ажил хэрэг болговол олон хүнд тус болно гэж бодож байна.



Б.Ууганбаяр



 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
amar 2013 оны12 сар / 26 00:04

tiimshuu

Орон нутаг 2013 оны01 сар / 15 16:08

Бэлэн зүйл зарж байхаар яаж барих талаар бичсэн ном гарын авлага ийм байшин болно гээд сууж байвал ондоо. Материал, зардалын тооцоо зэрэг нь байвал арай илүү өгөөжтөй сэтгэл гаргасан ажил болох юм байна да. Ард иргэдийнхээ амьдарлыг ийм сайжирсан гэж бодоод яваа юм биш биздээ гэж бодлоо